Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд 429.6 тэрбум төгрөгийн шууд худалдан авалтыг зөвшөөрөлгүйгээр хийсэн үү?
Иргэн Б.Цогтгэрэл буюу Шилэн Цогоо ҮАБЗ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга А.Гансүхэд хандаж “Шууд худалдан авалтыг ҮАБЗ-өөс тэмдэглэл авч зөвшөөрөл олгодог. Та нар яахаараа ингэж 429,688,604,000 төгрөгийн шууд гэрээ байгуулах зөвшөөрөл өгдөг юм бэ?
Эсвэл эд нар чинь дураараа хийсэн юм уу?” гэсэн асуултыг цахимаар илгээжээ. “Эд нар” гэж Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд юм. Учир нь “эд нар” 429.8 тэрбумын шууд гэрээгээр худалдан авалт хийсэн аж.
Тухайлбал, Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Санхүү, эдийн засгийн орлогч Д.Үүрийнтуяа, Худалдан авах ажиллагааны хэлтсийн дарга Ц.Эрдэнэбаяр нарын хүмүүс үзэглэсэн гэрээнээс харахад, эрдэнийн үнэт чулуугаар чимэглэсэн алтадмал, давхар тавцан бүхий сийлбэртэй ширээ бололтой бараа 51 сая 275 мянган төгрөгийн үнэтэй байна.
Тухайн гэрээгээр нийт 47 мянга 360 евро буюу гэрээ хийсэн өдрийн ханшаар тооцвол 140.5 сая төгрөгийн худалдан авалт хийхээр захиалсан байгаа юм.
2019 оны Эрдэнэтийн худалдан авалтын тайланг Барилга байгууламжийн хяналт, төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Батбаяр, Хөгжлийн хэлтсийн дарга Д.Даваадорж, Худалдан авалт, хангамжийн хэлтсийн дарга Ц.Эрдэнэбаяр, Механикийн хэлтсийн дарга Б.Чинзориг, ЭЗБХ-ийн Хөрөнгө оруулалтын төлөвлөлт, мониторингийн товчооны дарга Б.Гөлгөө нар баталжээ.
Шилэн Цогоогийн цахим хуудсаараа дамжуулан дэлгэсэн баримтаас эш татахад ийм байна.
Энэ мэтчилэн шууд гэрээ байгуулах замаар хийгдсэн худалдан авалтуудыг харин ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга А.Гансүх дөнгөж өчигдөр л Шилэн Цогоогийн постоос олж мэдсэн гэнэ.
Ямартай ч аудитын ажлыг иргэний үүргийнхээ хүрээнд хийж гүйцэтгэж байгаа Шилэн Цогоо энэ асуудлыг зүгээр хөндөөд өнгөрөх бус цааш шалгуулах болно гэдгээ мэдэгдээд байна.
URL: