Орон нутагтаа буцсан иргэдийг төлбөртэй байранд тусгаарлахгүй
Хөл хорионы улмаас нийслэлд гацсан орон нутгийн иргэдийн асуудлаар УОК-ын дарга Я. Содбаатар өнөөдөр /2020.11.22/ мэдээлэл өглөө. Түүний хэлснээр орон нутгийн иргэдийг шинжилгээнд хамруулж, гэрт нь буцаах ажлыг тун удахгүй хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг хийж байгаа юм байна. Орон нутгийн иргэдийг шинжилгээнд хамруулсны дараа цагдаагийн хяналтад гэрт нь буцаах аж. Ингэхдээ орон нутагт очсон иргэдийг төлбөртэй тусгаарлалтад оруулахгүй, гэрийн хяналтад байлгах чиглэл барихаар болжээ.
АЙМГИЙН УДИРДЛАГУУД ДУР МЭДЭЖ ТУСГААРЛАХ БАЙР БЭЛДЭХГҮЙ
Шадар сайд, УОК-ын дарга Я.СОДБААТАР:
Орон нутгийн иргэдийн талаар бид өргөн хүрээнд судалгаа хийлээ. УОК-ын шийдвэрээс зөрсөн шийдвэр гаргахыг Захиргааны хуулиар хориглосон байгаа юм. Бид нэгдсэн удирдлагаар ажиллана гэдгийг хатуу сануулъя. Тун удахгүй 119.mn гэсэн бүртгэлийн систем ажиллуулна. Мэдээллийн технологийн ололтыг ашиглана. Дараа нь орон нутгаас хотод ирээд гацсан иргэдээс шинжилгээ авч, цагдаа нарын хяналт дор нутаг руу нь буцаах тул нийслэлд удаахгүй. Улаанбаатарт гацсан иргэдийг орон нутаг руу зохион байгуулалттайгаар хотоос гаргана. Нутагтаа очсон иргэд гэрийн тусгаарлалтад орно. Үүнд, аймаг, орон нутгийн удирдлагууд, хууль хүчний хүмүүс тэдэнд хяналт тавина. Түүнээс нийслэлээс юм уу голомтот бүсээс ирсэн гээд бүх хүнийг тусгаарлахгүй. Орон нутгийн удирдлагууд дур мэдэн тусгаарлах байр бэлдэж болохгүй. Сэжигтэй тохиолдлуудыг тусгаарлана” гэлээ.
Орон нутгийн иргэдийн төлбөртэй тусгаарлалтад оруулах талаар Баянхонгор, Увс аймгийн удирдлагууд “Нийслэлээс ирсэн иргэдийг тусгаарлах байранд оруулна. Нэг хоногийн төлбөр нь 50800 төгрөг байна” гэсэн заалт бүхий гэрээний төсөл бэлтгэсэн нь цахим орчинд ихээхэн тархсан нь шүүмжлэл дагуулсан. Албан мэдээллээр өнөөдрийн байдлаар нийслэлд орон нутгаас ирсэн 500-800 гаруй иргэн хөл хорионд гацаад байна.
URL: