Б.Эрдэнэбатын “Ариг” банкийг яагаа бол?!
Монголын улс төр, бизнесийн томоохон төлөөллүүдийн нэг “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат шоронд сууж байгаа.
Тэрээр “Номин”-гийн Ш.Баярсайхантай маргалдаж, дийлдээд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2020 оны наймдугаар сарын 6-нд долоон жилийн хорих ялаар шийтгүүлсэн юм.
Энэ хэргийн давж заалдах шатны шүүх хурал 2020 оны арваннэгдүгээр сарын 10-нд товлогдсон ч хойшилсон. Учир нь “Номин”-гийн Ш.Баярсайхан гурван өмгөөлөгчөөсөө татгалзаж, хоёр өмгөөлөгч шинээр авч байгаа учраас шүүх хурлыг 21 хоногоор хойшлуулах хүсэлтийг гаргасан байдаг.
Харин шүүхээс 21 биш 14 хоногоор хойшлуулахаар шийдсэн. Коронавирусын халдварын тархалтаас болж хөл хорио тогтоосон учраас шүүх хурлууд цуцлагдаж буй. Тэгэхээр Б.Эрдэнэбатыг шүүх давж заалдах шатны шүүх хурал тодорхойгүй хугацаагаар хойшилсон гэсэн үг.
Гэхдээ үүний ард нэг асуудал яригдаад байгаа. Тэр юу юм гэхээр Монголбанкны бүрэн эрхт төлөөлөгчийн шийдвэр, хяналтын дор “Ариг” банкны хувьцааг нэмэлтээр гаргахаар болсон байдаг. Эх сурвалжийн мэдээллээр тэр хувьцааг нь “Номин”-гийн Ш.Баярсайхан авах боломж бүрдсэн гэсэн.
Тодруулбал, Монголбанкны Бүрэн эрхт төлөөлөгч нь “Номин”-гийн Ш.Баярсайханд 2020 оны арваннэгдүгээр сарын 20-ны дотор буюу өнөөдрөөс өмнө худалдаж авах эрхээ хэрэгжүүлэхийг мэдэгдсэн гэх мэдээлэл бий. Гэтэл Б.Эрдэнэбат Ариг” банкны 60.46 хувийг эзэмшдэг. Нэмэлтээр гаргах хувьцааг тэргүүн ээлжинд худалдаж авах эрхтэй хувьцаа эзэмшигч аж. Гэтэл түүнд болон төлөөлөх байгууллага, хуулийн зөвлөхөд нь мэдэгдээгүй байгаа юм.
Энэ талаар эх сурвалж “…“Номин”-гийн Ш.Баярсайхан ингэж шүүх хурлыг хойшлуулж хугацаа хожиж байгаад “Ариг” банкны хувьцаа шилжүүлэх нүүдэл хийж байна. Мөн Монголбанкны бүрэн эрхт төлөөлөгчийн зөвхөн Ш.Баярсайханд зориулан гаргаж буй үйлдэл бол Монголд өнөөдөр “Ариг” банкны хувьцааны дээрэм ил цагаан хийгдэж байгааг баталж байна” гэсэн.
Харин “Номин”-гийн Ш.Баярсайхан 2020 оны арваннэгдүгээр сарын 11-нд “Улаанбаатар импекс” ХХК-ийнхаа нэрээр мэдэгдэл гаргажээ. Түүндээ “…Харилцагч, хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах, банкийг аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс “Ариг” банкны дүрмийн санг нэмэгдүүлэхийг төрөөс буюу Монгол банкнаас 2015 оноос хойш удаа дараа шаардаж, шаардлагыг биелүүлээгүйн улмаас албадлагын арга хэмжээг хэрэгжүүлж буй билээ.
“Ариг” банкны хувьцаа эзэмшигч нар нь Компанийн тухай хуулийн дагуу өөрт ногдох хувь эзэмшлээр дүрмийн санг нэмэгдүүлэхээр нэмж гаргаж буй хувьцаанаас тэргүүн ээлжинд худалдан авах эрхтэй. Үүний дагуу “Улаанбаатар импекс” ХХК нь өөрт ногдох 39.54 хувь хэмжээгээр хувьцаа авахаар эх үүсвэрээ байршуулсан. Харин “Дэм санхүүгийн нэгдэл” ХХК-ийн 60.46 хувийг эзэмшиж буй хувь хэмжээгээрээ тэргүүн ээлжинд хувьцаа худалдан авах эрхэнд нь хэн ч халдаагүй бөгөөд өөрсдөд нь нээлттэй хэвээр байгааг, мөн өнөөдрийг хүртэл хувьцаа нэмж авах эх үүсвэр огт байршуулаагүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье” гэсэн юм.
Нөгөөтэйгүүр “Ариг” банкны асуудлаар Монголбанкнаас Бүрэн эрхт төлөөлөгчийг томилсон явдал нь эхнээсээ хууль зөрчсөн. Мөн өнгөрсөн хугацаанд “Номин”-гийн Ш.Баярсайхан нь Б.Эрдэнэбатад мэдэгдэлгүйгээр 39 хувийн эзэмшлээ “Лэнд.мн”-ийн толгой компани болох “Анд системс” ХХК-д өндөр үнээр худалдсан. Үүнийгээ нуусан. “Анд системс” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид нь Монголбанкинд ажилладаг. Ингэхээр ашиг сонирхлын зөрчил үүсч байгаа гэдгийг эх сурвалж хэлж байгаа юм.
Юутай ч дээрх мэдээллээр бол “Ариг” банкны нэмэлт хувьцааг худалдан авах хугацаа өнөөдрөөр дууссан. Б.Эрдэнэбатын “Ариг” банкийг яагаа бол, хэн нэг нь авсан уу, үгүй юу гэдэг тодорхойгүй байна?!
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: