Б.Энхбаяр: Хуулийнхан зальжин арга хэрэглэж, гэрчийн эрх зүйн байдлыг дордуулах ёсгүй

Үндсэн хуулийн цэцийн аравдугаар дүгнэлтийг УИХ-ын чуулганы Баасан гарагийн хуралдаанаар хэлэлцсэн бөгөөд gogo.mn сайт үүнтэй холбогдуулан гэрчийн эрх зүйн байдлын талаарх УИХ-ын гишүүн Б.Энхбаярын байр суурийг эш татан дээрх гарчиг бүхий мэдээг нийтэлжээ.

Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Мөрдөн байцаагчид чамаас гэрчийн хувиар мэдүүлэг авна гэж зальдан, иргэдийн хуулийн мэдлэг ойлголт дутууг ашигладаг. Хүнээс баахан тайлбар мэдүүлэг авдаг. Дараа нь  түүнийгээ шүүхэд гэрчийн эсрэг нотлох баримт болгон ашиглах нь түгээмэл боллоо. Энэ их ноцтой асуудал. Та гэрч биш сэжигтэн эсвэл яллагдагч боллоо гэж дараа нь хэлдэг. Иймд гэрчээс авсан мэдүүлгийг нотлох баримтад тооцох нь буруу. Хуулийнхан зальжин арга хэрэглэж, гэрчийн эрх зүйн байдлыг дордуулах ёсгүй. Хүний эрхийг зөрчиж болохгүй” гэж хэлсэн юм.

Үндсэн хуулийн цэцийн энэ сарын 4-ний өдрийн дунд суудлын хуралдаанаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 1, 2, 4, 6 дахь хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчөөгүй гэсэн дүгнэлт гаргажээ.

1 2 3 4 5


URL: