МУСГЗ З.Түмэн-Өлзий: Хүүхдийн оюун ухааныг хөгжүүлдэг гурван зүйл байдаг
Монгол улсын Биет бус соёлын өвийн Төлөөллийн үндэсний бүртгэлд 7 ай 279 өв, Яаралтай хамгаалах шаардлагатай Соёлын биет бус өвийн Үндэсний бүртгэлд бүртгэгдсэн 7 ай 83 өвийг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/759 дугаар Сайдын тушаалаар шинэчлэн бүртгэсэн бөгөөд тус соёлын өвүүдийг иргэд, олон нийт болон хүүхэд залуучуудад сурталчлан таниулах үүднээс тус холбооноос санаачлан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газраас “Монгол өв соёлын гайхамшиг” хэмээх 7 цуврал нэвтрүүлгийг Соёлын өвийн үндэсний төв, Монголын Үндэсний Олон нийтийн телевизтэй хамтран бүтээж байгаа билээ. Тус цуврал нэвтрүүлгийн хоёр дах дугаар буюу уламжлалт тоглоом наадам, баяр ёслол, зан үйлийн тухай нэвтрүүлэг өчигдөр буюу 11 сарын 21-ны 18:00 цагт МҮОНТ-ээр гарсан билээ.
“Монгол өв соёлын гайхамшиг” хэмээх нэвтрүүлэгт уригдана оролцсон МУСГЗ З.Түмэн-Өлзий хүүхдийн оюун ухааныг хөгжүүлдэг гурван зүйл байдаг тухай мөн оюун ухааны шалгуур үзүүлэлтийг дөрвөн зүйлээр хэмжиж болдог талаар сонирхолтой яриа өрнүүлснийг та бүхэндээ сийрүүлэн хүргэж байна.
1. ХӨДӨЛМӨР
Хөдөлмөр хүнийг бий болгодог гэдэг. Тиймээс хүүхдэд нас, сэтгэхүй, сонирхолд нь тааруулсан олон төрлийн хөдөлмөрийн ажлыг хийлгэж байх хэрэгтэй. Тэгэж байж хүүхэд багачууд маань хийж буй ажлаасаа амьдралын ухаан, асуудлыг шийдвэрлэх арга замыг таньж, мэдэж, ойлгож авдаг.
2. ТОГЛООМ НААДАМ
Тоглоом бол хүүхдийн оюун ухааныг хөгжүүлэхийн зэрэгцээ амьдрах арга ухааныг заадаг. Мөн залхууралгүй болгож, хэвшмэл сэтгэлгээнээс гаргаж өгдөг. Түүнчлэн тоглоом бол оюун ухааны гимнастик байдаг.
Хүүхэд олон төрлийн тоглоомоор тоглосноороо олон дүрд хувирч, орчлонгийн өөр өөр юмсыг таньж мэдэж авдаг. Ер нь хүүхэд ч гэлтгүй том хүмүүс тэр дундаа ахмадууд тоглоом сайн тоглох хэрэгтэй. Тэгвэл ядаж зөнөглөхгүйгээр барахгүй оюун ухаан нь цэцэн цэлмэг байна.
3. ХИЧЭЭЛ СУРГУУЛЬ
Хүн аливаа зүйлсийн талаарх мэдлэг, боловсролыг хүүхэд ахуй насандаа оюун санаа, тархи мэдрэлдээ суулгаж авдаг. Тиймээс хүүхэд ахуй насанд нь сургуульд сургаж, хичээл ном үзүүлж, оюун санаа, тархи мэдрэл, бодол сэтгэлийг нь сургаж, хүмүүжүүлдэг.
Сургуульд сурч хичээл, ном үзэж байгаа хүүхэд орчлонгийн олон юмсыг ойлгож, ухаарч, таньж, мэдэж авдаг. Тэгснээрээ амьдралд амьдрах чадвар нь сайжирч хүн болдог юм.
ОЮУН УХААНЫ ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТИЙГ ДӨРВӨН ЗҮЙЛЭЭР ХЭМЖИЖ БОЛДОГ
1. Амьдрах чадвар:
Оюун ухаан нь хөгжсөн хүн бол амьдах чадвар буюу амьдрал нь сайн сайхан байдаг.
2. Зөв, бурууг ялгах чадвар:
Оюун ухаан нь хөгжсөн хүн бол зөвийг нь дагаад, бурууг нь хаяад явдаг. Тиймдээ ч элдэв буруу зүйлд авталгүй, зөв замаар зөв зүйлийг хийгээд сайн сайхан явдаг.
3. Хүнд урам хайрлах чадвар:
Ухаантнууд буюу оюунлаг хүмүүс л бусдад урам хайрладаг. Хэн нэгэнд урам хайрлаж, сэтгэлийн дэм өгнө гэдэг бол юу юунаас илүү чухал байдаг.
4. Эрүүл амьдрах чадвар:
Оюун ухаан нь хөгжсөн хүн бол хэзээ буруу зүйлд донтдоггүй. Тодруулбал архи, тамхи, тоглоом зэрэг буруу зүйлд дурладаггүй. Мөн албан тушаал, мөнгө, хөрөнгөнд эзэмдүүлдэггүй. Зөвхөн тааруулж, тохируулаад эрүүл, сайн сайхан амьдардаг.
URL: