Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ: Зорилгоо биелүүлсэн ч түрүүлж чадаагүйдээ харамсаж байна
Японы мэргэжлийн сүмо бөхийн 2020 оны сүүлчийн тэмцээн болох Кюүшюү башё Токио хотод өндөрлөлөө. Хоёр аварга, нэг озэки цолтон уг башёд зодоглоогүй тул мэргэжилтнүүд озэки Такакэйшо, комүсүби Тэрүнофүжи нарын дунд гол өрсөлдөөн өрнөнө хэмээн таамаглаж байсан нь ёсоор болов. Башёгийн сүүлийн өдөр гэхэд 13 даваатай озэки Такакэйшёо, 12 даваатай Тэрүнофүжи нар хоорондоо барилдсан. Хэрвээ Тэрүнофүжи ялбал нэмэлт барилдаан гарна. Харин Такакейшо давбал шууд түрүүлэх боломжтой байлаа. Ингээд барилдаан эхлэхэд Тэрүнофүжи учраа бөхөө хүчээр илүүрхэн давснаар түрүү бөх нэмэлт барилдаанаар тодрохоор болов. Нэмэлт барилдаанд манай бөх өрсөлдөгчөөсөө үл ялиг хоцорч боссон төдийгүй үндсэн барьцандаа хүрч чадалгүй байсаар ошидаши мэхээр ялагдлаа. Тэрбээр ялагдсаныхаа дараа “Миний сул тал гарлаа. Түрүүлж чадаагүй нь харамсалтай ч 13 даваа авна гэдэг том амжилт. Башё эхлэхийн өмнө 10-аас дээш даваа авах зорилготой байсан. Зорилгоо биелүүлсэн ч түрүүлж чадаагүйдээ харамсаж байна. 15 өдрийн турш чадахаараа тайван барилдлаа. Харамсах зүйл алга. Энэ жил гайхалтай байлаа. Ирэх жил энэ формоо алдахгүй. Озэки цолондоо хүрэхийн төлөө зүтгэнэ” хэмээн ярилаа. Тэгвэл Такакейшо хоёр дахь түрүүгээ авлаа. Түүний хувьд озэки цолтой анх удаа түрүүлсэн нь энэ. Хоёр бөх өмнө нь хоёр удаа таарахад Такакэйшо хоёуланд нь давсан. 2017 оны Нагоя башёд маэгашира байхдаа озэки Тэрүнофүжиг ялж байсан. Дараа нь 2020 оны есдүгээр сарын тэмцээнд озэки болсон хойноо маэгаширагийн тэргүүн бөх Тэрүнофүжиг мөн ялж байжээ. Сүмо бөхийн холбооны тэргүүн Хаккакү “Тэрүнофүжигийн биеийн байдлыг харахад хоёр дараалан барилдахад тун хэцүү нь мэдэгдэж байна. Хоёр дараалан барилдахад өвдөг нь ачаалал даах уу гэдэг асуудал байгаа. Такакэйшёо шийдвэрлэх өдрийн өмнө Тэрүнофүжигээс давуу байдалтай байна. Нэг ялагдсан ч дахин барилдаан байгаа гэдэг нь арсланд сэтгэл зүйн давуу тал болох нь гарцаагүй. Гэхдээ хэт ингэж бодвол сэтгэл зүй төвлөрөхгүй аюултай. Би ч гэсэн 1988 оны Хаврын тэмцээнд Такакэйшёо шиг байдалд хоёр дараалан унаж байлаа” хэмээн хэлж байв. Хэдийгээр түрүүлж чадаагүй ч Тэрүнофүжи шинэ оны анхны башёд сэкивакэ цолтой барилдах нь тодорхой болж байна. Тэрүнофүжи Г.ГанЭрдэнэ 2011 оны тавдугаар сард анх мэргэжлийн сүмод барилдсан бол 2014 онд макүүчид дэвшчээ. Тэрбээр макүүчид гурав, жюүрёод хоёр, макүшитад нэг түрүүлсэн. Мөн гарамгай болон дайчин барилдааны шагналыг тус бүр гурав, уран барилдааны шагналыг нэг удаа хүртэж байсан юм. Кюүшюү башёд барилдсан бусад монгол бөхийн барилдааны мэдээллээс хүргэе. Чёошома Мөнхсайхан, Ичинёожо Ичинноров, Тамаваши Мөнх-Оргил нар найман даваатай тэмцээнээ дуусгаснаар шинэ онд дээд зиндаанд чансаа ахина. Ичинёожогийн хувьд эхлэл тааруу байсан ч сүүлийн өдрүүдэд дараалан давснаар макүүчид тогтож үлдлээ. Тэгвэл Хоошёорюү 11 дэх өдрийн барилдаанаас хойш дөрөв дараалан унаснаар тавин хувийн амжилт үзүүлж, чадсангүй. Тэрбээр долоон даваа, найман унаатай оны сүүлчийн башёг дуусгасан бөгөөд ирэх нэгдүгээр сард маэгаширагийн 16 хавьцаа, эсвэл жюүрёог тэргүүлэн барилдана. Харин маэгаширагийн тэргүүн бөх Кирибаяма Лхагвасүрэн гурван даваа, 12 унаатайгаар башёг дуусгалаа. Үүнээс гадна жюүрёод барилдсан манай сүмочдоос Азүмарюү Тодбилэг, Миторюү Төрболд нар найм, Кёкүшюхо 10 даваатай башёг дуусгалаа. Тэрбээр сүүлийн өдөр Мидорифүжиг давж, хоёр бөхийн даваа, унаа тэнцсэн. Улмаар нэмэлт барилдаанаар түрүү бөхийг тодруулахад Мидорифүжи манай бөхийг ошидаши мэхээр ялав.
URL: