Ухамсартай хувиа хичээцгээе, хүмүүсээ
Дэлхий шилгээж олон хүн ѳвчилж, олон хүн үхэцгээж байна. Хүн тѳрѳлхтѳн бүгдээрээ зогтусаж, балмагдан тэвдэцгээж байна. Шуналдаа хѳтлѳгдѳн байгаль дэлхийгээ бохирдуулан сүйтгэж, дайн дэгдээн олон хүний амиар ѳчүүхэн эрх ашгаа гүйцэлдүүлж, нэгэн дэлхийтэй атлаа зуу зуун дэлхий шиг талцан ѳрсѳлдѳж асан бид, гэнэт зогтусан ѳѳрсдийн ѳчүүхэн гэдгээ мэдэрч эхлэв. Мѳнх амьдрах юм шиг тэнэглэж, юуг ч орхихгүй юм шиг шунаж, юу ч үлдэхгүй юм шиг тачаадаж байсны эцэст энэ бүхэн утгагүй хоосон зүйл болохыг ухаарна. Олон зуун сая жил оршиж асан ертѳнц, урсаж ирсэн амьдралтай харьцуулахад хүмүүс бид дэндүү ѳчүүхэн бас дэндүү балчир.
Эдгэшгүй хүнд ѳвчин, эргэж ирэхгүй үхлээс бусад зовлонгүй энэ амьдрал дэндүү сайхан бас аугаа хувь тавилан. Дурлаж хэн нэгнийг жаргаана, ѳѳрѳѳ бас зовно. Гомдож хэн нэгнийг шаналаана, эвлэрч хамтдаа баярлана. Зѳндѳѳ алдаа гаргачихаад юу ч болоогүй юм шиг инээж амьдарна, гуниггүйхэн. Зѳндѳѳ олон хүнийг баярлуулчихаад юу ч болоогүй юм шиг мартаж амьдарна, хэнэггүйхэн. Зѳрж ѳнгѳрсѳн нэгэнд дурлачихаад мартаж чадахгүй шаналж хононо. Зѳрүүд зангаараа бодсоноосоо ѳѳрѳѳр хийчихээд залруулах гэж ѳѳрѳѳ шанална, ээжийгээ ч зовооно. Хүүхэдтэй болчихоод амьдралыг ѳѳрѳѳр харна бас баярлана. Эцэст нь үргэлжлэлийнхээ ѳмнѳ хүн байх гэж хичээнэ. Энэ амьдрал дэндүү сайхан, бас ѳѳрийн гэсэн хѳг аялгуутай.
Цар тахлын энэ амаргүй үед ухамсартайгаар хувиа хичээцгээе, хүмүүс ээ. Дотно хүмүүстээ хайртай гэдгээ илчилж МАСКАА ЗҮҮ. Сэтгэл доторхи түгшүүрээ арилган итгэлтэй байх гэж ГАРАА УГАА. Энэ сайхан ертѳнцѳд урт удаан амьдрахыг бэлэгдэж ГЭРЭЭСЭЭ БҮҮ ГАР. Та ѳѳрѳѳ амьд байна гэдэг хичнээн олон хүнд тус дэм болохын баталгаа. Хатуу ч гэлээ ээлжлэх дѳрвѳн улиралтай, хуурын чавхдас нь уртын дууны шуранхайг тэнгэрт хүргэх гэж эгшиглэдэг, хурдан хүлгийн туурай нь газрын хѳрсийг тэнгэрт хүргэх гэж цацалдаг, дээжилж ѳргѳсѳн сүүний сацал нь нарны гэрэлтэй сүлэлдэн тэнгэрт цацардаг энэ сайхан Монгол орондоо бие биенээ түшин урт удаан амьдарцгаахын тѳлѳѳ ХАМТДАА ХИЧЭЭЦГЭЭЕ.
Г.Галбадрах
URL: