Дархан-Уул аймгийн Онцгой комисс: Дархан хотыг дөрвөн блокт хувааж хязгаарлана
Дархан-Уул аймагт коронавирусний эрсдэлээс сэргийлэхээр энэ сарын 17-нд тогтоосон хатуу хөл хориог өнөөдөр 06.00 цагт цуцалж, бүх нийтийн бэлэн байдалд шилжлээ.
Засгийн газраас энэ талаар “Дархан-Уул аймагт төмөр зам дагасан халдварын голомтын эрсдлийг буурууллаа. Төмөр замын салбарт ажиллаж байгаа бүх иргэдээ шинжилгээнд хамруулж, ойрын болон хоёрдугаар хавьтал болсон иргэдээ хяналтандаа орууллаа. Ингэснээр халдварын тархалт хумигдаж маргааш өглөө 06.00 цагаас эхлэн тэг зогсолтыг цуцлахаар болж байгаа юм. Гэхдээ бид халдвар, хамгааллын дэглэмээ сайн сахиж, гэртээ байхыг уриалж байна” хэмээн мэдэгджээ.
Тус аймгийн Онцгой комисс өчигдөр /2020.11.20/ орой хуралдаж, дараах шийдвэрүүдийг гаргалаа.
- ”Тэг” зогсолтыг 21-ний 06:00 цагт цуцална. Гэсэн хэдий ч бүх нийтийн хөл хорио 12 дугаар сарын 1 хүртэл үргэлжилнэ.
-18 хүртэлх насны хүүхэд нийгмийн харилцаанд огт оролцохгүй.
- Үйл ажиллагаа явуулах ААНБ-ууд ажилтнууддаа 100 хувь шинжилгээнд хамруулах, ажлын байрандаа ариутгал халдваргүйжүүлэлт тогтмол хийнэ.
-Дотуур байранд байгаа оюутнууд 12 дугаар сарын 1 хүртэл байрандаа тусгаарлагдсан хэвээр байна. Аймаг, орон нутгаас хүнсний хангамжийг шийдвэрлэнэ.
-Сум хооронд хөдөлгөөн хийхгүй.
- Дархан хотыг 4 үндсэн блокт хувааж хязгаарлана. Үүнд:
1. 1-3 дугаар баг (тосгон)
2. 4-8 дугаар баг (хуучин дархан)
3. 9-12, 15 дугаар баг(шинэ хороолол+ мангирт)
4. 13,14,16 дугаар баг( хуучин хороолол)
Өөр блок руу зорчих хөдөлгөөн хийхгүй. Зөвхөн өөрийн оршин сууж буй бүсдээ нийгмийн харилцаанд орно.
-Хүнсний дэлгүүрүүд, томоохон худалдааны төвүүд 11:00-18:00 цаг хүртэл ажиллана. Хүнсний дэлгүүрийн худалдагч нар бүгд шинжилгээ өгсөн байх шаардлагатай. Мөн өдөр бүр ариутгал хийж дэлгүүрт 2-3 хүн ажиллана.
URL: