Хятад улсын хөгжүүлж буй 5 вакцин туршилтын сүүлийн шатанд байна
Бээжин /МОНЦАМЭ/. Саяхан АНУ-ын Пфизер, Модерна гэх хоёр ч компани өөрсдийн хөгжүүлж буй коронавирусний вакцин 90-ээс дээш хувийн үр дүн үзүүлж байгаа талаараа мэдээлсэн билээ.
Тэгвэл БНХАУ-ын Өвчнийг хянах төвийн дэд захирал Гао Фу “Хятад улсын хөгжүүлж буй вакцинуудын үр дүн ч мөн маш сайн байгаа” хэмээн мэдэгдэв.
Тодруулбал, тэрээр өнөөдөр болсон коронавирусний талаарх онлайн эрдэм шинжилгээний хурлын үеэр хэлэхдээ “Вакцин одоогоор зарим нэг үл мэдэгдэх зүйлүүдтэй тулгарч байна. Үүнд вакцин дахь саармагжуулагч эс нь хүний биеийг хамгаалж чадах эсэх асуудалд эргэлзээтэй байгааг хэлээд АНУ-ын дээрх хоёр компанийн вакцин үүнийг баталж чадаж байгаа эсэх асуулт үүсэж байна. Мөн саармагжуулагч эс нь уушгинд хүрч чадахгүй байх, хүний биед удаан хугацаанд байх үед ямар нэгэн асуудал үүсэж байна уу гэдэг нь чухал” гэжээ.
Тэрээр зарим коронавирусүүд унтаа байдалд байж болзошгүй учир анхааралтай ажиглаж байх ёстой гэдгийг онцлов. Мөн 3-р шатны туршилт дуусаагүй байхад дээрх компаниудын бүтээж буй вакцинууд өндөр үр дүн үзүүлж, ямар нэг сөрөг нөлөөгүй байна хэмээн зарлаж байна гэв.
Хятад улсын хөгжүүлж буй таван вакцин туршилтын 3-р шатанд байгаа ба эдгээрийг Хятадын Үндэсний эмийн групп, Цэргийн шинжлэх ухааны академи, Анхуй Жи Фэйлун зэрэг байгууллагууд хөгжүүлж байна.
А.Анхбаяр
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
URL: