Хөл хорионы улмаас хойшлогдсон шүүх хурлууд
Дэлхий нийтийг хамарсан цар тахал Монгол Улсад бүртгэгдсэнтэй холбоотойгоор энэ сарын 11-нээс эхлэн Засгийн газраас бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжих шийдвэр гаргасан. Цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор товлогдоод байсан шүүх хурлууд ч хойшиллоо. ШЕЗ-өөс өнгөрсөн 12-нд зөвлөмж гаргаж, шүүх хурлыг түр хойшлуулах, зарлахгүй байх, шүүх хуралдааныг зайлшгүй явуулах шаардлагатай бол халдвар хамгаалалтын дэглэмийг чанд баримтлах, шүүх хуралдаанд оролцогчдын овог, нэр, утасны дугаар, гэрийн хаягийг бүртгэж авахыг зөвлөмждөө тусгажээ. Ийнхүү цар тахлын улмаас хойшилсон шүүх хуралдааны мэдээллүүдийг хүргэж байна.
С.БАЯРЫГ 12-НД ШҮҮХ БАЙВ
Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Давааням нарын эрүүгийн хэргийн шүүх хуралдаан нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд энэ сарын 12-нд болох байв. Гэвч хөл хорионы улмаас тодорхойгүй хугацаагаар хуралдааныг хойшлууллаа. Ерөнхий сайд асан С.Баяр, “Петровис трейдинг” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ч.Давааням нарт холбогдох эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн долдугаар сарын 23-нд хянан хэлэлцээд, Ерөнхий сайд асан С.Баярт таван жилийн хорих ял, Ч.Даваанямд хоёр жил хорих ял оноосон билээ. С.Баярыг Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Монгол Улсын Засгийн газрын 2009 оны аравдугаар сарын 6-ны өдрийн “Гарын үсэг зурах эрх олгох тухай” 308 дугаартай тогтоолоор стратегийн орд болох “Оюутолгой” төслийн хүрээнд “Айвенхоу Майнз Монголия Инк”, “Айвенхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанитай хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэх эрхийг нэр бүхий Засгийн газрын гишүүдэд олгож мөн өндөр хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах нөхцөл бүрдүүлсэн гэх үндэслэлээр таван жилийн хорих ял оноосон юм. Харин Ч.Даваанямыг Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баярын эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад бий болгосон давуу байдлаас үүссэн хөрөнгийн эх үүсвэрийг нуун далдалсан гэх үндэслэлээр хоёр жилийн хорих ял оноосон байдаг. Мөн С.Баяраас таван тэрбум 580 сая төгрөг, Ч.Даваанямаас таван тэрбум 766 сая төгрөгийн эд хөрөнгө хураан авч, улсын орлого болгохоор шийдвэрлэжээ. Тэгвэл энэ хэргийн давж заалдах шатны шүүх хурал ийнхүү хойшиллоо.
АМГТГ-ЫН ХЭЛТСИЙН ДАРГАД ХОЛБОГДОХ ХЭРЭГ
“Эвийн хүч нутгийн төлөө” ТББ Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт олгосон тусгай зөвшөөрлүүдийг цуцлуулахаар хуулийн байгууллагад хандсан. Тухайлбал, Дулаан-Уул, Зөөвч-Овоо, Өмнөт хэмээх газарт “Арева Майнс” ХХК-ийн эзэмшилд байх MV-018916, MV-018915, MV-018914 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл, Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт байх “Кожеговь” ХХК-ийн эзэмшлийн хайгуулын тусгай зөвшөөрлүүд олгосныг эсэргүүцээд байгаа юм. АМГТГ-ын хэлтсийн даргыг хариуцагчаар татсан тус гомдлыг хэлэлцэх шүүх хурал энэ сарын 10-нд болох байсан ч хойшлоод байна.
Ү.ОТГОНБААТАР НАРТ ХОЛБОГДОХ ЭРҮҮГИЙН ХЭРЭГ
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1-1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.4-3 /хахууль авах/, 22.5-1 /хахууль-өгөх/ хэсэгт заасан гэмт хэрэгт Ү.Отгонбаатар нарын 26 хүнд тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн. Улмаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхэд хүргүүлээд байв. Шүүх хуралдааныг энэ сарын 13-нд товлосон ч хойшиллоо.
“ЭРЭЛ”-ИЙН Б.ЭРДЭНЭБАТАД ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ШҮҮХ ХУРАЛ ДАХИН ХОЙШЛОГДОХ НЬ ТОДОРХОЙ БОЛОВ
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2020 оны наймдугаар сарын 7-нд “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатад долоон жилийн хорих ял оноосон. Энэ хэргийн давж заалдах шатны шүүх хурал хөл хорио тогтоохоос нэг хоногийн өмнө буюу энэ сарын 10-нд болсон.
“Номин”-гийн Ш.Баярсайхан давж заалдах шатны шүүхэд “Гурван өмгөөлөгчөөсөө татгалзаж, хоёр өмгөөлөгч шинээр авч байгаа учраас шүүх хурлыг 21 хоногоор хойшлуулж өгнө үү” гэсэн агуулга бүхий хүсэлтийг гаргажээ. Шүүх түүний хүслээр шийдсэн байна. Гэхдээ хугацааг нь арай наашлуулж шийджээ. Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүх хурлыг 2020 оны арваннэгдүгээр сарын 24-нд хийхээр товлосон юм. Тэгэхээр ирэх сарын 1-нийг хүртэл бэлэн байдлын зэрэгт шилжсэн учраас шүүх хурал дахин хойшлох нь тодорхой болж байна.
Б.ҮНЭНБАТ НАРЫН 30 ХҮНД ХОЛБОГДОХ ЭРҮҮГИЙН ХЭРЭГ
Нийслэлийн прокурорын газраас Б.Үнэнбат нарын 30 хүнд холбогдуулан зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, хахууль өгөх, хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох, мөнгө угаах хэрэгт буруутган яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн. Улмаар Эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын 11-нд болох байсан ч хойшлоод байна. Шүүгдэгч нар нь Ховд аймгийн Цэцэг сум, Баян-Овоо III багийн нутаг дэвсгэр “Цагаан Эрэг” нэртэй Улсын Их Хурлын 2002 оны 39 дүгээр “Улсын тусгай хамгаалалттай газрын байгалийн цогцолборт газрын хамгаалалтад авах тухай” тогтоолоор батлагдсан Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомжоор зохицуулагдах Мянган угалзат нурууны тусгай хамгаалалттай байгалийн цогцолборт газарт “Өгөөжтэй Өв” ХХК-ийн нэр дээрх нөхөн сэргээлтийн мэргэжлийн байгууллагын эрхийг ашиглаж, нөхөн сэргээлт хийх нэрийдлээр хууль бусаар гянтболд /вольфром/ олборлох, олборлолтын үйл ажиллагааг байнга тогтвортой явуулж, гэмт хэрэг байнга үйлдэж, ашиг олох зорилгоор урьдчилан нэгдэж, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан, уурхайн үйл ажиллагааг хэвийн тогтвортой явуулах, цагдаагийн байгууллага болон бусад хяналтын байгууллагаас хяналт, шалгалт хийлгэхгүй байх, хууль бусаар олборлосон гянтболдыг хяналт, шалгалтгүй тээвэрлэх зорилгоор нэр бүхий шүүгдэгч нарыг зохион байгуулалттай гэмт бүлэгт элсүүлсэн, элссэн, хээл хахууль өгөх, авах гэмт хэрэгт холбогдсон билээ.
Т.Батсайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: