ШӨХТГ: Мах,өндөгний үнэ тогтворжиж байна

125559582_3500861093296598_184175835633217256_n

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийн үнэ, нөөцийн байдалд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас ажлын хэсгүүд гарч нийслэлийн зургаан дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа зах, худалдааны төвүүд, эмийн сангуудад тогтмол хяналт шалгалт хийж байна.

Тус газрын улсын байцаагчид зах худалдааны төвүүдийн удирдлагууд үнэ нэмэхгүй, нөөцлөхгүй байх тал дээр зөвлөмж өгч тогтмол хамтран ажиллаж байгаа бөгөөд үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэх, хэт нөөцлөх, дамлан худалдаалахаас сэргийлэх арга хэмжээг авч ажиллаж байгаа аж.

Мөн өнөөдрөөс эхлэн тодорхой хуваарийн дагуу 17 байршилд 200 тонн хүртэлх махыг борлуулж эхэлсэн. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас өнөөдөр нөөцийн махны худалдаалалтын 17 цэг, зах, худалдааны төв, сүлжээ дэлгүүр, супермаркет, минимаркет, хорооллын дундах жижиг дэлгүүрүүдийн мах, бусад бараа бүтээгдэхүүниийн үнэ дээр хяналт тавьж ажиллаж байна.

Тус газраас хийж буй тандалт судалгаагаар тээврийн товчоогоор орж ирсэн махны нийлүүлэлт хэвийн байна. Хорио цээрийн үед Улаанбаатар хотод өдөртөө 250-470 тн мах хөдөө орон нутгаас орж ирж нийлүүлэгдэж байна.

Дээрх ажлуудын үр дүнд

Өндөгний нийлүүлэлт зах зээл дээр хэвийн болсон. Үнэ нь өмнөх өдрөөсөө буурсан. Тухайлбал, “НВЦ” ХХК-д албан шаардлага хүргүүлсний дагуу Баян өндгийг зах зээлд 340 төгрөгөөр нийлүүлж эхэлсэн. “Түмэн шувуут” ХК-нд албан шаардлага хүргүүлсэний дагуу өндөгний үнийг бууруулж 340 төгрөг болголоо. Худалдааны төвүүдэд 400 төгрөгөөс дээш үнээр борлуулахгүй байхыг сануулж ажиллаж байна.

2. Хонины мах бөөний үнэ 500 төгрөгөөр буурсан байна. Хяналт шалгалтанд хамрагдсан 17 захаас 6 захад махны үнэ өмнөх өдрөөсөө 500-1000 төгрөгөөр буурсан.

 Хүчит шонхор зах дээр өчигдрийн байдлаар 45 тонн мах нийлүүлэгдэж, өмнөх өдрөөсөө махны нийлүүлэлт нэмэгдсэн байна

3. Орхон аймагт хэрэглэгч А-гаас ирүүлсэн “Махны үнийг хөөрөгдүүлсэн” гэх гомдол мэдээллийн дагуу хяналт шалгалт хийж, хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, зөрчил гаргасан иргэн Б-д Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дах хэсэгт заасны дагуу 2 сая төгрөгийн торгууль оногдуулсан.

4. Хэрэглэгчийн мэдээллийн төвд 211 иргэнээс гомдол ирж, өмнөх өдрөөсөө гомдлын тоо буурсан.

5. 30 жижиг эмийн сангуудад хяналт шалгалт хийсэн. Хяналт шалгалтанд хамрагдсан жижиг эмийн сангуудад маск 300-500 төгрөгийн үнэтэй зарагдаж байна. Нөөц хангалттай, үйлчлүүлэгч багатай байна. Хяналт шалгалтанд хамрагдсан эмийн сангуудад нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, спиртний нөөц хэвийн, үнэ тогтвортой байна

6. Хэрэглэгчээс ирүүлсэн гомдлын дагуу Монос эмийн санд амны хаалтны үнэ өссөн гэх гомдол мэдээллийг шалгахад тус газар үнэ нэмээгүй болох нь тогтоогдсон.

7. Хяналт шалгалтанд хамрагдсан зах, дэлгүүрт хүнсний бараа, бүтээгдэхүүний нөөц хэвийн хэмжээнд, үнэ тогтвортой байна. Харин Баянгол дүүргийн 3-р хороо, Нарны хорооллын дэлгүүрүүдэд гурилын нөөц багатай, зарим жижиг дэлгүүрүүдэд нөөц дууссан талаар тайлбар өгч байна.

8. Баянзүрх дүүргийн 14-р хорооны “Нарантуул худалдааны төв”-ийн “Өргөтгөл бөөний худалдааны төв”-ийн маск худалдан борлуулдаг лангууг тус дүүргийн ЗДТГ-ын мэргэжилтэн Жавхлан нь хаасан гэх менежер А.Баттулгын гаргасан гомдлыг шийдвэрлэж тус маск зардаг лангууг нээхээр боллоо.

9. Хяналт шалгалтанд хамрагдсан зах, худалдааны төвүүдэд махны үнийг бичүүлж, байршуулах арга хэмжээ авсан. Өнөөдөр зах, худалдааны төвүүдэд хөл хөдөлгөөн багатай байна.

10. Дархан-Уул аймгийн “Тээвэр -Дархан “ХХК -ны Дархан захын 62, Буян захын 22, Шинэ орчин төвийн жижиглэнгийн 2 дэлгүүр, Олон улсын худалдааны төвийн махны худалдааны 12 лангуу, Саран-Ээж хүнсний захын 3 лангууны мах худалдаалах үйл ажиллагаа, тогтоосон үнийн дээд хязгаарыг хэрхэн мөрдөж байгаа байдалд 07:30-16.30 хүртэл хяналт тавьж ажиллаж байна.

11. Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутаг дэвсгэрт Дунд зах худалдаа үйлчилгээний мах, сүү, цагаан идээний худалдааны зах дээр махны үнэ ханш нь 2020 оны 11 дүгээр сарын 14,15-ны өдрийн үнэ ханштай адил ба үнэ тогтвортой байна. Аймгийн төвийн Жинчин худалдааны төв, Баялаг супер маркетад өндөг 450-470 төгрөгөөр худалдаалагдаж байсан ба шалтгаан нөхцлийг тодруулахад Улаанбаатар хотоос 400 төгрөгөөр худалдаж авсан гэсэн тайлбар өгч байгаа хэдий ч холбогдох баримт материалыг шалгаж байна. Мөн өнөөдөр тус нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа эмийн сангуудаас нэр бүхий 3 эмийн санд худалдаалагдаж байгаа нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч зэргийн үнэ ханшид тандалт судалгаа явуулахад нэг удаагийн амны хаалт- 500 төгрөг, гар ариутгагч 3500-5500 төгрөгийн ханштай ба үнэ тогтвортой байсан.

12. Өнөөдрийн байдлаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын ЗДТГ тусламжтайгаар үнээ ил тод байршуулах, үнэ хөөрөгдөхгүй байх талаар улсын байцаагчийн 116 тоот албан шаардлагыг сүлжээ дэлгүүрүүд, супермаркетууд, хүнсний дэлгүүрүүд, бөөний зах худалдааны газруудад бүрэн хүргэгдсэн, багуудын чат сүлжээгээр зарлагдсан тухай сумын тамгын газраас мэдэгдлээ. Эмийн сан, ханган нийлүүлэх бөөний төвүүдэд үнэ байршуулах, амны хаалт, гар ариутгагчийн болон эм, эмийн бүтээгдэхүүний үнийг нэмэхгүй байх 117 тоот улсын байцаагчийн албан шаардлагыг 28 эмийн санд албан ёсоор биеэр хүргүүллээ. Есөн эрдэнэ , Хүлэг зах, Даниста, Ачит худалдааны төвүүдэд биелэлтийн шалгалтууд үргэлжилж, тогтсон хуваарийн дагуу Хэрэглэгчдийн эрхийг хамгаалах нийгэмлэгийн дарга, статистикийн мэргэжилтнээр үнийг судалгаа хийлгэж тогтмол хяналтыг тавьж үнийг хяналтад байлгах ажил хэвийн явагдаж байна. “Таван-Эрдэнэ” мал махны захад өнөөдрийн байдлаар махны нийлүүлэлт явагдаж эхэлсэн, үхрийн мах үнэ 7500 төгрөгөөр, хонины мах 6000 төгрөгөөр борлуулагдсан мэдээ авлаа

 13. СХД-т байрлах “Миний дэлгүүр 112” саппоро салбарт үхрийн махыг зах зээлийн дундаж ханшаас өндөр үнээр буюу үхрийн ястай махыг 1 кг-ыг 13400, үхрийн цул махыг 1 кг-ыг 14400 төгрөгөөр худалдан борлуулж байсан зөрчил илэрсэн.

14. Зургаан дүүрэгт нөөцийн мах борлуулах зарим цэгүүдэд зай барих дэглэм мөрдөхгүй зөрчил илэрсэн тул хорооны цагдаад мэдэгдсэн.

15. Хэрэглэгчийн төвд нийслэлийн хэрэглэгчдээс модны үнэ нэмэгдэж, нэг шуудай нь 7000-10000 төгрөгт хүрсэн гэх гомдол мэдээллүүд ирүүлсэн. Үүнтэй холбогдуулан гамшгийн үед харьяа дүүргийнхээ хэмжээнд модны үнийг хөөрөгдөхгүй байх, зохиомол хомсдол үүсгэхгүй байх талаар холбогдох арга хэмжээг авч ажиллахыг Дүүргийн Засаг дарга нараас хүссэн албан бичиг хүргүүллээ.

16. МУЗГ, УОК-оос бүх нийтийн бэлэн байдлын зэрэглэл тогтоож, улсын хэмжээнд хатуу хөл хорионы дэглэм үйлчилж байгаа үед иргэд, хэрэглэгчдийн цахилгааны төлбөрийн нөхцөлдөө уян хатан хандаж ажиллахыг хүссэн албан бичгийг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-нд хүргүүллээ.

17.Хяналт шалгалтанд хамрагдсан зах, дэлгүүрүүдэд гурил, будааны нийлүүлэлт, үнэ тогтвортой байна.

18.Нөөцийн махны худалдаалалтын 17 цэг, үнэ дээр хяналт тавьж ажиллалаа. Мөн зах, худалдааны төв, сүлжээ дэлгүүр, супермаркет, минимаркет, хорооллын дундах жижиг дэлгүүрүүдэд хяналт тавьж ажиллаж байна.

Зохиомол хомсдол, үнийн хөөрөгдөл гаргаснаа хүлээн зөвшөөрдөг нэг ч газар байхгүй .Гэхдээ бид хяналт шалгалтын дүнд үндэслэн зохих арга хэмжээг авсаар байна. Нийслэлийн хотын хэмжээнд бүхий л газарт зэрэг байх хүн хүч дутмаг учраас жижиг дэлгүүрүүд, зарим захуудад гомдол гаргах нь тасрахгүй байна. Гомдлын дагуу ШӨХТГ-ын улсын байцаагч, албан хаагчид ажиллаж, газар дээр нь арга хэмжээ авч ажиллаж байна.


URL:

Tags: