Зам мэддэг болгон нь засаглахгүй ээ

125376271_3465599376861759_5681798094078795720_n
Хүүе ээ, хотоос гарах бүх хулгайн замыг би мэднэ. Ёстой хайрхан болгоныг бэллэж давхидаг, харз болгоныг аргадаж туулдаг би мэтийн жолооч нар мэдэхгүй бол хэн мэддэг юм. Гэхдээ надад хулгайн сэтгэл байхгүй. Тэртэй тэргүй хүн хүч хүрэлцэж ядаж, төр улс тэмцэж ядаж байхад нэг л их хулгайгаар давхиад хаа байсан Хэнтийд хүрдэг ямар сэтгэлгүй хүмүүс вэ. Үүнийг чинь сайн эрийн шийдэл гэж хэн ч хэлэхгүй, сайвар санаатны саар үйлдэл. Одоо хүртэл энд тэндэхийн хяналтын пост дээр машин тэрэгтэйгээ оччихоод гарна, явна гээд байдаг хүмүүсийг хуульд зааснаар 500 мянган төгрөгөөр торгоод өг, зүгээр. Үүнээс цааш эх орноосоо урвасан энэ тэр гээд ял шийтгэл бас байгааг санахад илүүдэхгүй.
Хүн хэлээрээ, мал хөлөөрөө гэж үг бий. Цаашлаад сумууд руу алдаад эхэлбэл тэнд тоолбол гарын таван хуруунд ч хүрэхгүй цагдаа унаатай, унаагүй улдаад зогсож байгаа. Хэнтийд хоёр, Сэлэнгийн голомтонд дахиад нэг, иргэн Д-гийн хавьтагчдаас тэг(0), алдарт Энхсарангаас бас нэг нэмж илэрлээ. Улсын онцгой комисс, Я.Содбаатар нар эргүүл хяналтанд гарч байгаа цагдаа цэргийнхэнд нэг удаа 800 мянга, сонсогчдод 420 мянган төгрөг олгох болсноо мэдэгдлээ.
Голомт нэмэгдэж, тал тал тийшээ тархахын хэрээр хүн хүч нэмж ажиллуулах шаардлага тулгарч байна. Урамшуулал, цалинг нэмээд байж болно, хүрэлцэхгүй байгаа хүн хүчээ яаж нэмэх вэ? Уулнаас баавгай авчираад хяналтанд зогсоох уу, шоронгоос хоригдол гаргаад пост мануулах уу? Үгүй. Өвлийн сар эхэлж байхад өдөржин гадаа зогсож байгаа хэдэн бор цэрэг, өчнөөн сараар эргүүлд гараад өеөдөн цуцаж буй хэдэн бор цагдаа, хоногийн 24 цаг битүү баг, биедээ памперстай зүтгэж буй эмч сувилагчдаа яасан боддоггүй улс вэ? Хориод хориод дийлэхээ боливол орцтой, хашаатай нь гагнаад байхаас өөр яадгийн. Там, диваажин хоёрын хаалгыг гагнаж дийлэхгүйгээс хойш чаддагаараа орц, хашаагаа гагнуулсан нь дээр юм байна. Эсвэл машинуудынх нь түлхүүрийг хураая, яршиг. Бид өөрсдөө хулгайн сэтгэлээ өөрийнхөө гүнд, өвчүүнийхээ цаана цоожлох хэрэгтэй байна. За бид монголчууд шүү. Хорьж, хоригдож чаддаг, хожмын явдалд чангарч хүлээдэг монгол хүн. Өвөлжин бүгээд, хавартаа чангараад, урин цагтай хамт урагшаа дайрдаг монгол хуарангийн монгол араншин бидэнд байх ёстой. Зам мэддэг болгон нь засаглах юм уу? Тэгдэггүй юм. Төрөө дэмжиж, дагаж, эвлэн нэгдэж энэ тахлын ард амжиж гарна. Амжихгүй бол тэгээд нийт хүн амын 10 хувьд ковид халдварлахад монголчууд 1400 хүнээ алдана гэсэн ДЭМБ-ын тооцоог сайн тогтоогоод, өнгөрөгсдийг амьдын ёсоор бус, аймшгийн журмаар салах ёс ч үгүй шатаана гэдгийг л санах хэрэгтэй. Нөгөө ертөнцөд хулгайн зам гэж байхгүй шүү.
 Эмүжин

URL: