УИХ-ын гишүүний машин хар тамхи тээвэрлэсэн бол тагнуулынхан гаальчдаас түрүүлээд хөдлөх ёстой
Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомт дахь гаальчид ноцтой зөрчлийг саяхан илрүүлжээ. Нүүрс тээвэрлэн хилээр гарч явсан том оврын машинд нүүрсэн дотор 40 шуудай 600 кг дэрвэгэр жирвэгэрүү ургамлын үндэс, 40 шуудай 1275,5 кг малын хатаасан өлөн, 30 уут 919 кг байгалийн мана чулууг нуусан байжээ.
Зөрчил гаргасан жолооч нар ”Гранд мотор” ХХК, “Баянговь транс” ХХК-ийн харьяат аж. Уг хоёр компани УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнгийн мэдлийнх гэсэн мэдээлэл зарим цахим сайтад дурдагджээ. Харин УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн энэ мэдээллийг эрс эсэргүүцжээ. Тэрээр “Өнөөдөр Монгол Улс маань дотооддоо “Ковид-19” алдсан тул холбогдох албаны хүмүүс дор бүрнээ хичээнгүйлэн ажиллаж байна.
Энэ үед миний нэр төртэй холбоотой худал мэдээллээр намайг гүтгэж байгаа нь харамсалтай.
Аль ч цаг үед миний бие хэвлэлийн эрх чөлөөг хүндэтгэн үзсээр ирсэн. Гэвч надтай хамааралгүй компанийг надад хамаатуулж “УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнгийн эзэмшдэг компанийн хоёр машин хилээр нэвтрэхээр завджээ” гэсэн худал мэдээллийг олон нийтийн хэрэгслээр тарааж байгаад харамсаж байна.
Удаа дараа миний нэр төртэй холбоотой худал мэдээллүүдийг түгээж байгаа учир цаашид эх сурвалжаа нягтлан үзэж үнэн мэдээллийг олон нийтэд хүргэж байхыг хүсэж байна.
Энэхүү мэдээллийг гаргасан эрхэм сэтгүүлч У.Оргилмаа болон нэр бүхий сайтуудын редакциууд та бүхэн эх сурвалжаа дахин нэг нягтлан үнэн мэдээллийг түгээж залруулга гаргана уу” хэмээсэн байна. Түүнийх нь дагуу сэтгүүлч У.Оргилмаа залруулга гаргаснаа сошиалд онцолжээ.
Дэрвэгэр жирвэгэрүү бол мансууруулах үйлчилгээтэй хар тамхины төрлийн бодист тооцогддог. Хагас тонноос илүү ийм их хэмжээгээр хилээр гаргахыг завдана гэдэг маш ноцтой асуудал. Байгалийн чулуу ч тэр. Хилийн чанадад маш их үнэд хүрдэг гэдгийг наймаачид, хууль хяналтынхан хэлдэг. Ийм ноцтой асуудалд УИХ-ын гишүүн холбоотой бол хууль хяналтынхан аль хэдийнэ хөдлөх ёстой. Гаальчдаас түрүүлж тагнуул, цагдаагийнхан үйлдэл дээр нь илрүүлчих ёстой юм. Тийм чадвар манай хуулийнханд бий.
УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг шүүж үзэхэд Премиум кастомс ХХК, Тэнгри транс групп ХХК, Сан тээвэр групп ХХК, Ульгансар транс ХХК, Өлзийт зам трейд ХХК, Номгон Санчир групп ХХК, Топ транспорт ХХК, Топ капитал ХХК, Ти Эс Ти мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв Бусад, ХАБ Таны төлөө ТББ зэрэгт хувь эзэмшдэг гэжээ. Өөрөөр хэлбэл, зөрчил гаргасан компаниуд түүний эзэмшилд байдаггүй аж.
Эх сурвалж: shuurhai.mn Б.ЗАЯА
https://shuurhai.mn/n/12295
URL: