Баянгол дүүргийн шуурхай штаб бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан цахимаар хуралдлаа
Шинэ төрлийн Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, илрүүлэх, хяналт, тандалт зохион байгуулах Баянгол дүүргийн Шуурхай штаб цахимаар өглөөний 08.00 цагт хуралдлаа. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг шилжсэнтэй холбогдуулан дүүргийн холбогдох Онцгой байдлын хэлтэс, Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн хэлтсийн нийт 534 албан хаагч, 24 цагаар 41 чиглэлд ажиллаж байна. Энэ хүрээнд дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар уг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, эргүүл хяналт шалгалт, халдваргүйжүүлэлтийн ажлыг эрчимжүүлж ажиллах талаар үүрэг чиглэл өглөө.
Түүнчлэн дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Б.Сүхбаатар Улсын онцгой комиссын “Зорчигч тээврийн хэрэгслийн гарах хөдөлгөөн, бүх шатны боловсролын байгууллагын хичээл, сургалт үзвэр үйлчилгээ, цахим болон хүүхдийн тоглоомын төвүүдийн үйл ажиллагааг түр зогсоох тухай” 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 12 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллаж байгаагаа хуралдааны үеэр мэдэгдлээ.
Мөн Нийслэлийн Засаг даргын захирамжид заагдсан байршилд хяналт тавин ажиллаж, онцгой нөхцөл байдал, сэжигтэй тохиолдол илэрсэн тохиолдолд Эрүүл мэндийн төвүүдтэй хамтран ажиллаж, сургууль, цэцэрлэгүүд хичээллэхгүй байгаатай холбоотойгоор хүүхдийн аюулгүй байдалд онцгой анхаарч ажиллана гэв.
Иймд иргэн та хөл хорионы дэглэмээ баримталж, шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байх, амны хаалтаа байнга зүүж, халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиж, төрийн байгууллагуудын албан хаагчдын тавьсан шаардлагыг биелүүлэхийг анхааруулъя.
URL: