Covid-19 туссан жолооч эхнэртэйгээ зохиолын дууны концерт үзсэн байж болзошгүй
Улсын Онцгой Комиссын удирдлагууд өнөө өглөө мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Эрүүл Мэндийн Сайд Т.Мөнхсайхан : “Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор ирсэн олон улсын тээврийн жолооч 21 хоногийн тусгаарлалтаас гарснаас хойш 4 хоногийн дараа дахин коронавирусын шинжилгээ авахад жолооч болон эхнэрээс нь халдвар илэрсэн тул тэднийг ХӨСҮТ-д тусгаарлаад байна.
Мөн ойрын хавьталд орсон хүмүүсээс шинжилгээ авч байгаа. Тандалт судалгаа 2-3 хоног үргэлжилж мэдэхээр байна. Хэрвээ таны биед халуурах, ханиалгах шинж тэмдэг илэрвэл 119 дугаарт холбогдон хэрхэн хаана хандахаа тодорхой болгож байж, эрүүл мэндийн байгууллагад хандахыг зөвлөж байна.” гэв.
Харин цагдаагийн хурандаа Ж.Амгалан: “Нэгдүгээр хавьтлын 16 иргэнийг тогтоож, эхний хүмүүс шинжилгээнд орж байна. Халдварт өвчин тархсан гэж ойлгож болохгүй. Тухайн халдвартай иргэний явсан маршрутыг тогтоож байна.” хэмээсэн юм.
Эх сурвалжуудын өгүүлж буйгаар уг жолооч 21 хоногийн тусгаарлалтаас гармагцаа эхнэрийн хамт зохиолын дууны концерт үзсэн байж болзошгүй аж.
URL: