Мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагаанд хэрэглэгчид хяналт тавих боломжийг бүрдүүлнэ гэв
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Шадар сайд Я.Содбаатар нар МХЕГ-т ажиллалаа.
Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62, 2020 оны 189 дүгээр тогтоолын хүрээнд хийж буй хяналт шалгалтын ажил, Коронавируст халдвар /Ковид19/-с урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний талаар болон бусад асуудлаар мэдээлэл сонсов.
МХЕГ-ын дарга, улсын ерөнхий байцаагч Т.Гантулга Covid-19-өөс урьдчилан сэргийлэх ажил, агаарын бохирдол, “Дижитал шилжилт-хэрэглэгчтэй хамтарсан хяналт” төсөл болон ажилтнуудын ажиллах нөхцөл, нийгмийн баталгаа зэрэг тулгамдсан асуудлаар мэдээлэл хийв. Тэрээр цар тахлын үед Мэргэжлийн хяналтын байгууллага хяналт шалгалтыг зөвлөн туслах, зөрчлөөс урьдчилан сэргийлэх бодлого баримтлан хийж байгааг онцолсон.
Улсын хэмжээнд 15 боомтод 485 улсын байцаагч, 121 ариутгагч, лабораторийн шинжээч, албан хаагч ажиллаж байгаа бөгөөд манай улсад бүртгэгдсэн “Ковид-19”-ийн тохиолдлуудын 40 гаруй хувь нь зөвхөн Алтанбулагийн боомтоор нэвтэрсэн иргэдээс илэрсэн тул хойд хилийн боомтуудын хяналтыг чангатгах арга хэмжээ авч байгаа гэв.
Улмаар зарим боомтууд дахь тусгаарлах байрны асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсэв. Мөн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, мэргэжлийн хяналтын байгууллагад хууль эрх зүйн орчны өөрчлөлт болон дижитал шилжилтийн ажлыг эхлүүлснээ танилцуулав.
2020 оноос эхлэн дөрвөн үе шаттайгаар хэрэгжих “Дижитал шилжилт-хэрэглэгчийн хяналт” төсөл нь иргэд, хэрэглэгчдийн төрөөс авч буй үйлчилгээг энгийн, шуурхай байдлаар хүргэх, тэдний оролцоотой хяналт шалгалтын механизмыг бий болгох зорилготой аж. Мөн агаарын бохирдлыг бууруулах чиглэлд ч мэргэжлийн хяналтын байгууллага онцгой анхаарч буйг дурдав.
URL: