Монголын Үндэсний Их Сургууль нь МУИС-ийн барааны тэмдгийг хууль бусаар ашиглажээ

257-ӨӨРСДИЙГӨӨ ХАМГИЙН ТОМ СУРГУУЛЬ ГЭЖ ТОДОТГОХ НЬ ХЭРЭГЛЭГЧИЙГ ТӨӨРӨГДҮҮЛЖ, СОНГОЛТ ХИЙХЭД СӨРГӨӨР НӨЛӨӨЛЖ БАЙНА-

Монгол Улсын Их Сургууль /МУИС/ нь Монгол Улсын Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн дагуу National University of Mongolia, NUM, Mongolian National University, MNU,  MUIS барааны тэмдгүүдийг Оюуны өмчийн газарт бүртгүүлэн эрхийг нь эзэмшдэг билээ.

МУИС-ийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Очирхуягаас 2020 оны 9 дүгээр сард Оюуны өмчийн газарт дээрх барааны тэмдгүүдийг хууль бусаар ашиглаж буй Монголын Үндэсний Их Сургуулийн үйлдэлд холбогдох зөрчлийн хэрэг үүсгэж, хууль бус ашиглалтыг таслан зогсоох тухай гомдлыг гаргасан юм.

Оюуны өмчийн газраас тус гомдолд зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан ба Монгол Улсын Их Сургууль нь “MNU”, “Mongolian National University” барааны тэмдгүүдийг олон улсын Ниццийн 16, 41, 42 дугаар  ангиллуудад эрхийн хамгаалалт хийлгэсэн байхад Монголын Үндэсний Их Сургууль нь “MNU”, “Mongolian National University” барааны тэмдгүүдийг хэвлэмэл хуудас болон боловсрол, сургалт явуулахдаа ашигласан болох нь тогтоогдсон тул “MNU”, “Mongolian National University” барааны тэмдгүүдийг эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй ашигласан үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох шийтгэл ногдуулж шийдвэрлэснийг Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагчаас ирүүлсэн хариу мэдэгдэх хуудсанд мэдэгджээ.

Түүнчлэн Монголын Үндэсний их сургууль нь “Монголын үндэсний их сургууль-Монголын хамгийн том их сургууль” гэж өөрсдийгөө тодотгож, цахим хуудас  болон нийтийн зорчигч тээврийн хэрэгслээр реклам, зар сурталчилгааг түгээсэн байна. Энэ нь Зөрчлийн тухай хуульд  хуулиар хориглосон зар сурталчилгаа захиалсан, бүтээсэн, түгээхийг  хориглосон  зүйл заалтыг зөрчсөн болох нь хяналт шалгалтын үед тогтоогдсон юм.

Өөрөөр хэлбэл, Монгол хамгийн том сургууль гэдгийг хэн тогтоодог, хаанаас, ямар байгууллага гаргадаг нь тодорхойгүй байхад өөрсдийгөө хамгийн том сургууль гэж тодотгох нь хэрэглэгчийг төөрөгдүүлж, зөв сонголт хийхэд сөргөөр нөлөөлж байгаа юм.

Иймд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас “Монголын Үндэсний их сургууль-Монголын хамгийн том их сургууль” гэх зар сурталчилгаа түгээсэн үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг зөрчсөн тул  Монгол Үндэсний их сургуульд  тус хуульд заасны дагуу торгууль ногдууллаа.

 

https://news.zindaa.mn/3gpw


URL: