ҮБХИС-ийн удирдлагуудыг мэргэжил зохиож, 400 гаруй оюутныг залилсан хэргээр шалгаж эхэллээ

 ac40ac5d734a62fde15f21547184b2e0 -Зохиосон мэргэжилдээ оюутнуудаас жилийн 1.8 сая төгрөгийн төлбөр авч байжээ-

       100 жилийн түүхтэй, Үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн удирдлагуудыг АТГ-аас шалгаж эхэлжээ. Тодруулбал, тус сургуулийн удирдлагууд 2016 оноос Боловсрол, шинжлэх ухааны яаманд бүртгэлгүй мэргэжлээр элсэлт авч, 400 гаруй оюутныг хохироогоод байгаа аж. Одоогийн байдлаар ҮБХИС-д дөрвөн жил суралцаж төгссөн ч мэргэжлийн дипломоо авч чадаагүй 120 гаруй оюутан байгаа бол 280 орчим нь удахгүй төгсөх юм байна.

          Тус сургуулийн удирдлагууд албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж, бусдыг хохироосон байж болзошгүй гэх эл хэрэг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас явуулсан шалгалтаар ил болжээ. Энэ талаар НМХГ-аас тодруулахад “Манайхаас ҮБХИС-д шалгалт оруулахад зөрчил илэрсэн нь үнэн. Уг асуудлыг АТГ-д шалгуулах үндэслэлтэй гэж үзээд тийш нь шилжүүлчихсэн байгаа. Энэ талаар мэдээлэл өгч, гадагш нь задруулахгүй гээд манай улсын байцаагчаар гарын үсэг зуруулсан учраас бид мэдээлэл өгөх боломжгүй. Тийм учраас АТГ-аас тодруулах нь зүйтэй” гэлээ. 400 гаруй оюутныг сургаж байна гэх нэрийдлээр дөрвөн жил хууран мэхэлж, сургалтын төлбөрийг нь шамшигдуулсан байж болзошгүй энэ хэргийг албаныхан ихэд нууцалж байгаа аж. Тийм учраас “Гадагш задруулж болохгүй” гэх амлалт авч, гарын үсэг зуруулсан байна.

        Оюутнууд хохирсон эл хэргийг хэрхэн шийдэж байгаа талаар БШУЯ-ны Дээд боловсрол, бодлогын газрын мэргэжилтэн Ч.Батбаяраас тодруулахад “ҮБХИС-ийн асуудлаар НМХГ-аас шалгалт хийсэн. Би энэ ажлаа хүлээж аваад удаагүй байгаа учраас яг таг сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан яамнаас ажлын хэсэг байгуулагдаад, шалгалтын ажиллагаа дахин явуулах чиглэл авсан байгаа. Ойрын хугацаанд асуудлыг шийдэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагад БШУЯ байнгын хяналт тавьдаг. Энэ хяналтын ажлууд хийгдэж байгаа бөгөөд цаашид ч хийх болно. ҮБХИС-д ойрын хугацаанд тус шалгалт хийгдэхээр төлөвлөгдөөд байна. Үүнээс өөр мэдээлэл өгөх боломжгүй” гэв. Ч.Батбаяр мэргэжилтний хэлснээр үнэхээр тусгай зөвшөөрөлд байнгын, жил бүр хяналт тавьдаг юм бол ҮБХИС-ийн мэргэжил зохиож, 400 гаруй оюутныг хохироогоод байгаа асуудлыг дөрвөн жилийн хугацаанд яагаад илрүүлсэнгүй вэ. Тэгэхээр энэ тохиолдолд тус сургуульд сүүлийн дөрвөн жил шалгалт хийгээгүй болж таарах нь уу. Эсвэл шалгалтын комиссынхныг тус сургуулийн удирдлагууд ямар нэгэн байдлаар хууран мэхэлсээр, бүр шалгалтын комиссынхонтой хуйвалдсаар дөрвөн жил гаруйн хугацаа өнгөрсөн болж таарах нь уу. Асуудлын гол нь хэн хэнийгээ аргалж, хууран мэхэлсэнд бус, 400 гаруй оюутан, залуус тус сургуулийн багш, удирдлагуудын зохиосон хүчин төгөлдөр бус мэргэжлээр дөрвөн жил суралцаж, дөрвөн жил төлбөрөө төлсөнд байгаа юм. Хэрвээ тус мэргэжлийг БШУЯ албан ёсоор бүртгэж, ядаж одоогоор тус сургуулийг бүртгэлгүй гэх мэргэжлээр төгсөөд байгаа төгсөгчдийг хохиролгүй болгохгүй бол 120 цаашлаад 400 гаруй хүн цаг хугацаа, эдийн засгаараа хохирохоор байна.

         Бид тус сургуулийг төгссөн ч дипломоо аваагүй хэд хэдэн оюутантай холбогдоход тэд нэрээ хэлэхээс татгалзаж, хурдхан шиг дипломоо авах хүсэлтэй байгаагаа уламжилсан юм. Мөн “Бид цэргийн сургуульд сурсан бол асуудалгүй байх байсан. Харин энгийн ангид элссэнээс болж бүртгэлгүй гэх нэрийдлээр дипломоо авч чадахгүй өнөөдрийг хүргээд байна. Энэ талаар мэдээлэл өгвөл дипломоо авах нь битгий хэл асуудалд орж мэдэх учраас өөр юм ярьж болохгүй. Бидний сургалтын жилийн төлбөр 1.8 сая төгрөг байсан” гэж байлаа. Харин ҮБХИС-ийн Сургалтын хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Мандахбаяр “Дипломоо авч чадаагүй оюутнуудын асуудал байгаа. Энэ асуудлыг холбогдох газруудаас шалгаж байгаа учраас шийд гараагүй байхад мэдээлэл өгөх боломжгүй”  гэлээ. Бид ҮБХИС-ийн удирдлагууд дур мэдэн ямар мэргэжил зохиож, хэчнээн төгрөгийг сургалтын төлбөрт авсан, мэргэжил зохиох асуудлыг хэн санаачилж, хэрхэн хэрэгжүүлсэн зэрэг асуудлыг дараагийн дугаартаа хүргэх болно.

Үргэлжлэл бий.

Эх сурвалж: Ergelt.mn


URL: