Беларусийн эсэргүүцэл: Жагсаалын үеэр 1000 гаруй хүн баривчилжээ

1

Наймдугаар сарын есний өдөр болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнгээс үүдэлтэй эсэргүүцлийн жагсаал Беларусь улсад гурван сар гаруйн хугацаанд үргэлжилж байна. Сөрөг хүчнийхэн болон олон нийт ням гаригт дахин олныг хамарсан эсэргүүцлийн арга хэмжээг Беларусийн нийслэл Минск хот болон бусад хотуудад зохион байгуулжээ.

Эдгээр эсэргүүцлийн арга хэмжээг тараах үеэр хууль сахиулах байгууллагынхан 1000 гаруй хүн баривчилсан талаар Беларусийн хүний эрхийн “Весна” төв мэдээлсэн байна. Энэ төвийн сайт дээрх баривчлагдан саатуулагдсан жагсагчдын жагсаалтад 1003 хүний нэр багтжээ. Тэдний ихэнх нь Минск хотоос баривчлагдсан бол бусад нь Бобруйск, Витебск, Жлобин, Гомел, Ляхявицаас баривчлагдсан байна.

“Ардын засаглалын марш” нэртэй сөрөг хүчний эсэргүүцлийн ажиллагааны оролцогчид өчигдөр Минск хотноо нэгдсэн цуваа үүсгэж чадаагүй гэнэ. ТАСС агентлагийн мэдээлснээр, энэ цуваа эхлэх үеэр олон мянган хүнээс бүрдсэн эсэргүүцэгч олон дайрч, эмх замбараагүй байдал үүссэн тул хууль сахиулагчид тэднийг олноор нь баривчилсан байна.

Беларусийн эсэргүүцэл

Наймдугаар сарын есний өдөр болсон Беларусийн Ерөнхийлөгчийн сонгуулийг тус улсын сөрөг хүчин болон түүний дэмжигчид эсэргүүцэж, өнөөг хүртэл эсэргүүцлийн ажиллагаа зохион байгуулсаар байгаа юм.

Эсэргүүцэх болсон шалтгаан нь энэ улсыг 26 жил удирдсан Александр Лукашенко сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж, харин сөрөг хүчнээс нэр дэвшигч Светлана Тихановская 10 орчим хувийн санал авсан. Сонгуулийн дүнг урьдчилсан зарласнаас хойш сөрөг хүчнийхэн эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, улмаар хууль сахиулагчид  жагсагчдыг хүч хэрэглэн тараах гэсний улмаас хэдэнтээ мөргөлдөөн гарч байлаа. Харин сүүлийн үед хүч хэрэглэх нь харьцангуй багасаж, улмаар эсэргүүцэлд оролцсон иргэдийг олноор нь баривчлан саатуулах болсон юм.

Лукашенког хүлээн зөвшөөрсөн бол зөвшөөрөөгүй орнууд 

Хэдийгээр беларусьчууд Лукашенког эсэргүүцэн тэмцсээр байгаа ч тэрбээр есдүгээр сарын 24-ний өдөр тангараг өргөж, үүрэгт ажлаа үргэлжлүүлж байгаа юм. Харин барууны орнууд беларусьчуудын эсэргүүцлийг дэмжиж,  Александр Лукашенког хууль ёсны Ерөнхийлөгч гэж үзэхгүй гэдгээ хэдийнэ илэрхийлсэн.

Лукашенког хүлээн зөвшөөрөөгүй орнууд нь Европын холбоо, АНУ, Герман, Украин,Литва, Латви, Эстони, Словаки, Чехи, Ирланд, Канад, Их Британи, Дани, Польш улс юм.

Хэдийгээр олон орон Беларусийн Ерөнхийлөгчийн сонгууль болон Лукашенког хууль ёсны ерөнхийлөгч гэж үзэхгүй байгаа ч сонгууль өндөрлөсний дараахан Лукашенкод баяр хүргэсэн улс орнууд олон бий. Эдгээр орнуудын ихэнх нь хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан улс орнууд байгаа юм.

Александр Лукашенкод ялалт байгуулсанд нь баяр хүргэсэн орнуудад ОХУ,  БНХАУ, Турк, Казахстан, Азербайжан, Армени,Кыргызстан, Молдов, Тажикистан, Узбекистан, Сири, Никарагуа, Венесуэл, Вьетнам улс багтаж байна.

Г.Бямбасүрэн


URL: