ШЕЗ-ийн даргад Дээд шүүхэд тэнцчих ганц хүн 500 шүүгчээс олдсонгүй юу
Сүүлийн хэдэн өдөр УИХ-аар Дээд шүүхийн шүүгчдийн томилгоог хэлэлцэх гэж багагүй асуудал болж байна.
Учир нь Дээд шүүхийн шүүгчийн сул хоёр орон тоонд ШЕЗ-өөс сонгон шалгаруулж, нэр дэвшигчдийг УИХ-д танилцуулсан.
Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэж нэр дэвшигчдийн нэгийг дэмжиж, нөгөөг нь буцаасан юм. Өөрөөр хэлбэл, хоёр нэр дэвшигчийн асуудал Байнгын хорооны хуралдаан дээр тэнгэр газар шиг л яригдав. “Захиргааны Цогт”-ыг гишүүд бараг л “200 хувь”-ийн саналаар дэмжсэн. Харин С.Батхүлэгийн хувьд эсрэгээрээ байсан юм.
Тэгвэл энэ долоо хоногт ШЕЗ-ийн дарга Э.Батбаяр “гологдсон” нэр дэвшигчийг дахин оруулж ирсэн юм.
УИХ-ын гишүүд дахин эсэргүүцэж, улмаар хуралдааныг орхиж гарцгаасан. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “…ШЕЗ-ийн дарга Э.Батбаярт “…Миний хөгшин, одоо боль оо” гэж хэлмээр байна. Хуулийн шаардлага хангахгүй хүнийг удаа дараа оруулж ирж, УИХ-ыг доромжилж байна. …Тийм учраас энэ асуудлыг тодруулж байж, эргэлзээг гаргаж байж асуудлыг хойшлуулах гормын санал гаргаж байна” гэсэн бол УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар “…Нэр дэвшигчийн тухайд хуулийн болон ёс зүйн шаардлага хангахгүй байна. Би өөрийг нь нэрээ тат гэсэн. Ичихгүй, улайхгүй орж ирээд байх юм. Чи өөрөө шүүгч нараас ич л дээ. Би ялгаварлан гадуурхаагүй. Биеэ даасан байр суурьтай хүн биш байна. УИХ-ын босго өндөр байх ёстой. Хэн хэнээ эвгүй байдалд оруулмааргүй байна. Та бол иргэн Батхүлэг биш, Дээд шүүхэд нэр дэвшигч. Тийм л учраас хэлээд байна” гэв.
Түүнчлэн УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил ч “…Хойшлуулах биш танилцахаас татгалзах саналтай байна. Хууль зөрчиж байгааг нь мэдсээр байж ШЕЗ энэ хүнийг оруулж ирээд байна. Хэрэв бид хойшлуулбал, танилцвал өөрсдөө хууль зөрчинө. Шүүхийн ерөнхий зөвлөл хууль зөрчсөн асуудлыг оруулж ирж байгаа. Булгийн эх нь булингартай учраас адаг нь булингартай. Шүүхийн ерөнхий зөвлөл удаа дараа ийм алдаа гаргасан учраас ШЕЗ-ийн асуудлыг ярих шаардлагатай. Шүүхийн ерөнхий зөвлөл ийм болохоор шүүх шинэчлэгдэхгүй байна. Танилцахгүй, сонсохгүй” гэлээ.
Харин ШЕЗ-ийн дарга Э.Батбаяр “…ШЕЗ-ийн даргын тушаалаар Улсын дээд шүүхийн шүүгчийн сул хоёр орон тоон дээр сонгон шалгаруулалт зарласан. Сонгон шалгаруулалтад зургаан хуульч, гурван өмгөөлөгч нийт есөн хуульч нэр дэвшиж бүртгүүлсэн. Эдгээр хүмүүсээс шалгалт авсан” гэх тайлбарыг хийсэн.
Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар Дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг УИХ-д танилцуулснаар Ерөнхийлөгч томилдог.
Мөн уг хуульд Дээд шүүхийн шүүгчид тавих болзол, шаардлага нь “…Давж заалдах шатны шүүхэд таваас доошгүй жил ажилласан байна. …Өмгөөлөгч, шүүгч, прокуророор арваас доошгүй жил ажилласан. …Хуульчдын холбооноос магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургуульд арваас доошгүй жил багшилсан” гэж байгаа юм. Чухам эдгээр шаардлагад С.Батхүлэг тохирохгүй байна гэж гишүүд үзэж буй аж.
Үүнээс чухал бас нэг зүйл бий. Тэр нь УИХ-ын гишүүд С.Батхүлэгийг Дээд шүүхийн шүүгчээр томилогдоод ажиллавал ашиг сонирхлын зөрчил гаргаж, ажиллаж байсан компанидаа үйлчилнэ гэдэг үнэмшил байна. Хамт нэр дэвшсэн Ц.Цогтод хандаж буй хандлага үүнийг тод илэрхийлнэ.
Тэгээд ч Ц.Цогт нь 1998 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд эрх зүйн бакалавр, 2007 онд АНУ-ын хууль зүйн Уилламетте их сургуулийн Хууль зүйн коллежийг хууль зүйн ухааны магистрын зэрэгтэй төгссөн. 2017 онд Япон Улсын Нагояагийн их сургуульд Хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан. Эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны докторын зэрэгтэй, хуульч цолтой. Тэрээр 1998 онд Сонгинохайрхан дүүргийн шүүхэд шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар, 1998-2004 онд Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд нарийн бичгийн дарга, шүүгчийн туслах, ерөнхий шүүгчийн шүүн таслах ажиллагаа эрхэлсэн туслахаар, 2004-2011 онд Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгчээр, 2011-2013 онд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчээр, 2013 оноос хойш Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байсан юм. Ц.Цогт шүүгчээр 16 жил, үүнээс давж заалдах шатны шүүхийн шүүгчээр есөн жил ажилласан.
Харин нөгөө нөхрийн тухайд нэр бүхий компанитай намтар нь холбогдчихоод УИХ-ын гишүүд “боож үхэх” гээд байгаа хэрэг.
Энэ нь нэг талаас шүүхийг улстөржүүлж, гишүүд шүүхийн хараат бус байдалд халдаж томилгоог гартаа авахыг санаархаж байгаа мэт зүйл ч харагдаж байгаа гэдгийг зарим хуульч тайлбарласан. Тэгж харвал хуульчдын дундаас шүүгчийг шилж олох чиг үүрэгтэй Үндсэн хуулийн байгууллага болох ШЕЗ, түүний дарга Э.Батбаяр нь сонголтоо хамгаалж чадалүй нэр дэвшигч нь унаж байна гэсэн үг.
Ер нь тэгээд ШЕЗ өөрөө хуулиар олгогдсон үндсэн чиг үүргээ хэрэгжүүлж чадаж байна уу гэдэг асуудал ч яригдаж эхлэхээр болж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн томилдог ШЕЗ-ийн дарга Э.Батбаярыг салбарынхан нь голдог. Энэ нууц биш. УИХ-ын гишүүд яагаад “…ШЕЗ-д хариуцлага тооцдог хуультай болъё” гэж ярьж байна вэ. ШЕЗ ажлаа Ерөнхийлөгчид тайлагнадаг уу. Шударга ёсны баталгаа шүүгчийг сонгон шалгаруулж байгаа нөхдүүд өөрсдөө шалгуулагчаасаа тохой өндөр мэлэгтэй байж чаддаг уу. Энэ шалгуурыг Э.Батбаяр нарын ШЕЗ гишүүд хангах уу. “Тасганы овоо”-н дээр ямар хүмүүс шүүхийг манаж суудаг вэ. Энэ мэтчилэн шүүхийн захиргааны байгууллагыг салбартаа хүлээн зөвшөөрөгдөөгүй, онолын мэдлэг тааруухан хүн удирдах болсон гэж шүүхийнхэн шүүмжилдэг.
Ерөөсөө л энэ бүхэн нөгөө талаасаа өнөөдөр Монгол Улсын бүх шатны шүүхэд ажилладаг 500 шүүгчээс Дээд шүүхийн шүүгчийн шалгуурт тэнцчих ганц ч хүн олдохгүй байна уу гэдгийг нэхэж байна. Хэдийгээр хуульд “..Хуульчдаас сонгоно” гэсэн боловч олон нийт, нийгмийн хүлээлт нь мерит зарчмаар Ц.Цогт шиг явж ирсэн шүүгчдийг Дээд шүүхэд томилохыг дэмждэг.
Манайхын дагаад, хуулаад байдаг АНУ ч Дээд шүүхийн шүүгчээ томилох гэж үсийг нь тоолох шахдаг. Хамгийн сүүлд 2020 оны аравдугаар сарын 26-нд АНУ-ын сенат Дээд шүүхийн шүүгчээр Эми Конни Барреттийг томиллоо. Хэдийгээр сенатын гишүүдийн дунд саналын ойлголтын зөрүү гарч ширүүн хэлэлцсэн боловч тэр нь Эми Конни Барреттийн ажлын туршлага, мерит зарчмаар явж ирсэн эсэхтэй огт хамааралгүй байв. Тэрээр АНУ-ын Давж заалдах шатны долоодугаар шүүхийн шүүгчээр ажиллаж байжээ. Эми Конни Барретт өөрөө ч Дээд шүүхийн шүүгчид нэр дэвшчихээд “…Шүүгч хүн бол зөвхөн хуулиа л дээдлэх ёстой. Шүүгчид бол улстөрчид биш. Би бол төр, түмэндээ үйлчлэх энгийн албан хаагч” гэж мэдэгдсэн. Ингэж 48 настай Эми Конни Барретт тангараг өргөж, Дээд шүүхийн шүүгчээр бүх насаараа томилогдож байна.
Энэ өнцгөөр харвал манай УИХ-ын гишүүдийн байр суурь маш зөв юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2020.11.6 БААСАН № 215 (6440)
URL: