ШӨХТГ-аас МУИС-аас гаргасан МҮИС-тай холбоотой гомдлыг үндэслэлтэй гэж дүгнэн зөрчлийг арилгах шаардлагыг холбогдох байгууллагуудад хүргүүллээ

IMG_8213-750x500

Монгол Улсын Их Сургуулиас шударга өрсөлдөөнийг хязгаарласан үйл ажиллагаа явуулж буй Монголын үндэсний их сургуулийн хууль бус үйлдлийг таслан зогсоож, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх гомдлыг ШӨХТГ-т, холбогдох тайлбар гаргуулахаар Оюуны өмчийн газар, Хэлний бодлогын үндэсний зөвлөл зэрэг байгууллагад хандан хариу тайлбаруудыг хүлээн аваад байна.

Өнөөдөр тус асуудлын хүрээнд МУИС-ийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Очирхуяг, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал Ч.Лодойравсал, Хуулийн зөвлөх М.Нармандах, Инноваци, технологи дамжуулах төвийн ахлах мэргэжилтэн Д.Лхагвасүрэн нар ШӨХТГ-ийн дарга Б.Бат-Эрдэнэтэй тус газарт гаргасан гомдол, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар уулзаж ярилцлаа.

 

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 2020 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр манай сургуульд ирүүлсэн албан бичигт дээр дурдсан байгууллагууд болон Улсын бүртгэлийн ерөнхий газрын тодруулга зэргийг үндэслэн Монголын үндэсний их сургуулийн хуулийн этгээдийн хариуцлагын хэлбэр нь “Үндэсний” гэсэн статусгүй төрийн бус байгууллага болохыг тэмдэглээд, сургуулийн нэрдээ “Үндэсний” гэсэн тодотголыг ашиглаж буй нь хэрэглэгчдийг төөрөгдүүлэх, хэрэглэгчид болон бусад байгууллагад төрийн өмчит их сургууль гэж андуурагдах нөхцөл байдал үүсгэснийг дурджээ.

Түүнчлэн Монголын үндэсний их сургууль нь өөрийн албан ёсны www.muis.mn цахим хуудсанд “MUIS” гэсэн барааны тэмдгийг ашиглаж, англи хэлээр “Mongolian National University” /MNU/ гэж орчуулж буй нь Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй гэж үзсэн байна.

Иймд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Хууль зүй, дотоод хэргийн яаманд Улсын бүртгэлийн ерөнхий газрын “Монголын үндэсний их сургууль” НҮТББ-ын нэрийг хууль зөрчиж улсын бүртгэлд бүртгэсэн шийдвэрийг хүчингүй болгож зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах, Оюуны өмчийн газарт Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу тус асуудлыг шалган шийдвэрлэх санал, МҮИС-д дээр дурдсан зөрчлүүдийг арилгах шаардлагыг хүргүүлжээ.


URL: