“Хангай” хотхонд хэрэгжсэн гэрээний луйвар-I
Монголын төр хулгай хийсэн ЖДҮ-чид, оффшорчиддоо хариуцлага хүлээлгэж чаддаггүй. Тийм атал ТОСК тэргүүтэй төрийн байгууллагууд нь зорилтот бүлгийн ядарч зүдэрч яваа иргэнийг түрээсээ төлөөгүй хэмээн байрнаас нь хөөж гаргаад цоожных нь голыг сольчихдог. Дөрвөн жилийн өмнөх гэрээгээ шинэчилнэ гэж аваад м/кв-ын үнийг 600 мянгаар нэмчихээд “Анхнаасаа ийм байсан юм” гээд тулгадаг. 1937 оны хэлмэгдүүлэлт шиг энэ байдалд зорилтот бүлгийн иргэд дасан зохицож чадахгүй байна. Энэ байдлаа бүх шатанд мэдүүлж, өргөдөл, гомдол, шаардах бичиг өгсөн ч шийдтэй хариу авсангүй. Төрийн ордны гадаа зунжин, намаржин суулт зарлаж тэмцсэнээр ЗГХЭГ-аас ажлын хэсэг байгуулах болсон ч асуудал ахисангүй. Энэ үйл явдлын мөрөөр “Зууны мэдээ” сонин “Буянт-Ухаа II”-ын луйвар” хэмээх цуврал сурвалжлагыг бэлтгэн хүргэсэн. Зорилтот бүлгийнхэнд зориулсан гэх гоё нэртэй тэрхүү луйвар “Хангай” хотхонд ч бас хэрэгжжээ.
Сүхбаатар дүүргийн XI хорооны нутагт “Бэрэн” группийн барьж, 2016 онд ашиглалтад оруулсан “Хангай хотхон” нь нийт 2.880 айлын орон сууцны барилгаас бүрддэг. Үүнээс 223 айлын орон сууцыг төрийн түрээсийн орон сууцны санд шилжүүлсэн байдаг. Тус хотхоны байрууд 21, 37.9, 39.9, 41.1 метр квадрат хэмжээтэй, бага орлоготой, зорилтот бүлгийн иргэдэд зориулагдсан. Дэргэдээ 130 хүүхдийн хоёр цэцэрлэг, 150 хүүхдийн хоёр сургуультай нь давуу тал болохыг тухайн үед Засгийн газраас тодотгож 100 хоногийнхоо онцлох ажлаар тодруулж байлаа. Гэвч хотхоны нэр л өөр болохоос иргэдэд үүссэн асуудал, луйвар булхай хэрхэн явагдсан зэрэг нь “Буянт-Ухаа II” хорооллынхтой ижил юм. Зорилтот бүлгийн иргэдийг боломжит хэлбэрээр, хямд өртгөөр орон сууцжуулах төсөл улсын хэмжээнд хэрэгжүүлнэ гэж Засгийн газар 2013 оноос ярьж анхны тогтоол шийдвэрүүдээ гаргасны эхнийх нь “Хангай” хотхон байв. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, залуу гэр бүл, байгалийн гамшигт өртөж орон гэргүй болсон иргэд, өндөр настнуудыг хамрууллаа гэхэд дээр доргүй баярлаж байлаа.
Түрээсийн байранд хамруулахад маш олон шалгуур тавьж, хэдэн сараар урт дараалал үүсэхэд “Хангай” хотхонд орохоор бүртгүүлсэн иргэд эхний ээлжинд жагссан. Эхний жилүүдэд иргэд түрээсийн байранд орж чадсандаа баярлаад сөрөг зүйлүүдийг огт анзаараагүй. Удалгүй гоожуураас нь зэвтэй ус гоожих, цахилгаан тасалдах, цонхондоо стандарт хөшиг авчраад хийтэл доороос нь 30-40 см хасч тайрах болсон, сангийн эд зүйлс нь чанаргүй, хана, шал нь далий мурий, овон товонтой гээд олон зөрчилтэй нүүр тулсан гэлцдэг. Энэ асуудлаар МХЕГ, НМХГ, ТОСК, орон сууц ашиглалтын компани, СӨХ, “Бэрэн” групп гээд яваагүй газар үгүй. “Ямар нэгэн горим зөрчигдөөгүй. Стандартын дагуу байна” гээд буцаачихдаг аж.
Гэвч эдгээрийн дотроос хамгийн том зөрчил нь айлууд нүүж ороод жил болсны дараачаас ТОСК-ийнхан “Гэрээгээ шинэчилнэ” хэмээн буцааж аваад өөрчилсөн явдал хэмээн иргэд хэлж байгаа юм. Тэд бодохдоо “Гарын үсэг зураад эргүүлж өгөх байх” гэтэл хуучин гэрээг нь хурааж аваад нэг жилийн хугацаатай шинэ гэрээ хийж өгчээ. Түүндээ анх байрны метр квадратын үнийг 1.280.000 төгрөгөөр хийснээ 1.880.000 болгож өөрчлөн дээр нь зорилтот бүлгийн иргэд дааж давамгүй хатуу болзлууд тулгасан гэнэ.
Тухайлбал, ТОСК-ийн зүгээс орон сууцтай болох хүсэлтэй иргэдэд гурван янзын нөхцлийг тулгаж буй. Эхнийх нь байнгын түрээс, хоёр дахь нь таван жилийн дотор 30 хувиа бүрдүүлээд ипотекийн зээлд хамрагдах, гурав дахь нь таван жилийн дотор байрны үндсэн үнийг хувааж төлснөөр байртай болох болзол юм. Төр анх хууль гаргаж, хөтөлбөр хэрэгжүүлсэн атал сайд дарга нар солигдох тоолонд ийм ч дүрэм, тийм ч журам нэрээр иргэдийнхээ эрхзүйн байдлыг ийнхүү дордуулах болсонд иргэд бухимдаж буй. Энэ удаа нийгэм, эдийн засаг хямарсан коронавирусын хүнд үе тохиож буй. Гэтэл зорилтот бүлгийн иргэдийнхээ эрх зүйн байдлыг дордуулж өмнөхөөс нь хүндрүүлсэн нөхцөл байдал руу түлхэж байгаа нь харамсалтай.
“Буянт-Ухаа” хорооллын түрээсийн байранд орсон иргэдтэй ТОСК анх гэрээ хийхдээ м/кв-ын үнийг 1.280.000 төгрөг гэснээ гэрээгээ шинэчлэх нэрээр 1.350.000 болгож 70 мянган төгрөг нэмсэн байдаг. Тэгвэл “Хангай” хотхоны иргэдтэй м/кв-ын үнийг 1.280.000 төгрөг гэж гэрээ хийгээд 1.880.000 төгрөг болгож м.кв тутамд 600 мянгыг нэмсэн байдаг. Мөн сарын түрээсийн төлбөрийг м.кв нь 4000 төгрөг байхаар тооцчихоод 6000 болгож нэмжээ. Найман хувийн хүүтэй ипотекийн зээлтэй “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг адилтгах боломжүй юм. Ипотекийн зээл бол дунджаас дээгүүр орлого бүхий иргэдэд зориулагдсан. “Түрээсийн орон сууц” бол дунджаас доогуур орлого бүхий иргэдийг орон сууцжуулах зорилготой. Тэгэхээр зорилтот бүлгийн иргэдийг “байрныхаа үндсэн үнийг хувааж төлөөд орон сууцтай бол” гэх ямар ч боломжгүй юм. Таван жилийн дотор байрныхаа үндсэн үнийг хувааж төл гэдэг болзол ч хатуудана. Дунджаас доогуур орлоготой иргэдийн сарын орлого хэд байх нь ойлгомжтой шүү дээ.
“Байрныхаа 30 хувийг бүрдүүлж өгөөд ав” гэдэгт тухайн иргэн таван жилийн дотор 20-30 сая төгрөг бүрдүүлэх, түүн дээр үйл ажиллагааны зардал, НӨАТ-ын татвар 10 хувийг нэмж төлөх бас л бололцоогүй.
“Хангай” хотхоны оршин суугчид тэнд 3-4 жил амьдарч ирсэн. Сүүлийн үед тэд өнгөрсөн хугацаанд төлсөн түрээсээ урьдчилгаа төлбөртөө тооцуулахыг хүсч байгаагаа ЗГХЭГ, ТОСК-д удаа дараа илэрхийлжээ. Анх орохдоо ийм л ойлголтоор орсон. Гэрээн дээрх м/кв-ын үнэ өөрчлөгдөхгүй гэдэгт итгэж байж. Гэтэл бодсоноос эсрэг бодлого хэрэгжиж буй тул өөрсдийн эрх ашгийг хамгаалахаар нэгдэж “Ард түмний штаб”-ын залуустай хамтран “Тулган шаардах бичиг”-ийг өнгөрсөн намар ТОСК-д өгчээ. Тус бичигт 2016, 2017 оноос өнөөг хүртэл амьдарч ирсэн иргэдийн төлсөн түрээсийг тухайн амьдарч байгаа байраа худалдаж авах урьдчилгаа төлбөрт тооцохгүй байгааг тооцуулах. Мөн орон сууцтай болох гэсэн иргэдийн хүсэл сонирхлыг боож хэт нэг талыг барьсан гэрээ хийх, сайд дарга солигдох бүрт монгол хүний эрх ашгийг ноцтой зөрчсөн тушаал шийдвэр гаргаж иргэдийн эрх зүйн байдлыг дордуулж байгааг даруй зогсоох. Нийгэм эдийн засгийн хүнд үед байрны м/кв-ын үнийг нэмэх, хүчээр гэрээс нь хөөх, цоожны голыг нь солих зэрэг эмзэг бүлгийн иргэдийн аж амьдралд дарамт учруулж байгаа хүнлэг бус тушаал шийдвэрээ эргэн харах, дээрх хотхонд амьдарч байгаа иргэдийн төлөөллийг оролцуулан зорилтот бүлгийн иргэдийн амьдралд нийцсэн шийдвэр гаргахыг шаарджээ. Асуудлын мөрөөр ТОСК-ийн зүгээс иргэдэд хариу өгөхдөө “Гэрээг заавал хий гэж тулгаагүй”, “Орон сууцны м/кв-ын үнийг нэмээгүй бөгөөд Засгийн газрын тогтоолын дагуу ажиллаж байгаа” гэсэн байна.
Тэгвэл Засгийн газрын хэдэн оны ямар тогтоолоор “Түрээсийн хөтөлбөр”-т хамруулсан байрны м/кв-ын үнэ болон сар болгоны түрээсийн зардлыг нэмсэнийг иргэд мэдэхгүй байгаа юм. “Нууц тогтоол” гаргасан уу, эсвэл ТОСК, Сангийн яам хоёр хамтран үнэ нэмэх шийдвэр гаргасан уу гэдэгт тодорхой хариулт алга.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2020.11.3 МЯГМАР № 212 (6437)
URL: