“Хадам ээж” өгүүлэл

123207078_3484816098264224_6030014864376884621_n
Хадам ээж ширүүхэн байна. Хүргэн хүү шазруун байна. Охин ээж рүүгээ асахад биеэ бэлдэж эхэлсэн харагдана… Юуны өмнө хананд өлгөөтөй том жаазтай зурагт анхаарлаа хандуулая. Охины аав цэргийн хүн байж. Шовгор оройтой малгайтай залуухан цэргийн офицер хайрт бүсгүйтэйгээ авхуулсан зураг. Энэ хэрүүл дээр мань хүн алга. Эхнэрийнх нь байдал нилээн догьширч задгайрсныг харахад аав нь дайн тулаанд амь үрэгдэж хадам ээж бэлэвсрэн үлдээд удсан буйзаа. Аавын байгуулсан гавъяагаар энэ гэр бүл ядаж 2 өрөө байртай болжээ гэхэд хилсдэхгүй болов уу. Ганц охиных нь хайртай залуу оюутан бололтой. Тиймээс л хадмын гэрийн нэг өрөөнд толгой хорогдож байгаа биз. Өрөөний баруун буланд уул нь цонхон дээр аваачаад тавьчихсан өндөр цэцгийн суурь байх шиг.
Гэтэл цэцгийн тэр тавиур дээр базсан цаас л заларсан байх юм. Орон дээгүүр замбараагүй хаялсан хувцас хунар хөглөрнө. Орны өмнөх жижиг хивсэнцэр захаасаа хөвөрч элэгдээд ер нь энэ өрөөнд эмх цэгц алгаа. Цонхны тавцан дээрх өндөр цэцэг маань хүртэл шолбойж унжаад услаагүй удсан бололтой. Уул нь хадам ээж өглөө эдний өрөөнд орж ирээд тэр сул сандал дээр суугаад яриа хөөрөөг эвээр эхэлсэн байх. Тэгснээ дүрсхийн уурлаж сандлаа түлхэн босч ирсэн харагдана.Ташаандаа гараа аваад цээжээ урагш түхийлгэн “үгүй ээ хонгорууд минь ингэж амьдардаггүй юм. Энэ гэрт миний хажууд л толгой хоргодож байгаа бол минийхээр л байна шүү! эс бөгөөс зайлцгаа” гэх маягтай. Хадам ээж бэлбэсэн, амьдрал үзсэн шүү дээ. Хүргэн залууд анхаарлаа хандуулая.
Өөртөө анхаарал тавьдаг яахын аргагүй сэхээтэн болохоор тэмүүлж яваа нэгэн. Чих нь улайсан нь хадамын үгэнд дургүйцэж бухимдсаны шинж бизээ. Духаараа хана руу харж байх шиг байна. Зайлаад өгье, охин чинь хэцүүдэнэ шүү гэсэн аятай. Үүнийг түүний хөлний тавилт батлаж байна. Ойрын зайн уралдаанд уралдах гэж байгаа тамирчин аятай хөлөө тавьсан байна. Хүргэн хүүгийн баруун гарыг л харчих. Чанга атгасан байгаа биз? За хөөрхий хүргэнээр оролдохоо болие. Охиныг харая. ээжээсээ айсан шинж алга. Чанх ширтсэн байна. Хөлөө солбин зөрүүлж суусан нь хамгаалалт авсаны шинж.
Бага зэрэг өндөсхийх гэж биеэ цэнэсэн харагдана. Ээжийн дайралтын дундуур таслаж ширүүхэн үзэлцэх буйзаа. Ингээд ердийн амьдралд байнга тохиолддог ээлжит нэгэн хэрүүл маргаан үргэлжлэхээр байна. Гэвч бүх зүйл хүргэн хүүгээс хамаарна. Хадам ээжийн үгээр үг хийж дотроо өөрийгөө зөвтгөсөн хор исгээд эхэлвэл муугаар төгсөнө. Эсвэл хайртын минь ээж шүү дээ, миний ч ээж гэсэн ууч ухаанаар асуудалд хандвал энэ айл тун удахгүй өөдлөн дэвжих авай. Тайлбарыг Gantumur Choijilsuren
Зарецкий Виктор Иванович (1925-1990)
′′ Хадам ээж ′′ 1954

URL: