Коронавирус тусаад эдгэсэн иргэн Д: Халдвар авсны дараа толгой, хоолой өвдөж, дотор муухайрч, халуурч эхэлсэн
Дэлхий дахинаа коронавирусийн халдвар эрчимтэй нэмэгдэж, 45 сая тохиолдлыг даваад байна.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ хэрэг коронавирусийн халдварыг дотоодод алдвал манай эрүүл мэндийн салбарын хүчин чадал, нөөц, техник хэрэгслийн боломж, санхүүгийн чадавх зэргээс хамаарч ердөө нэг cap л барих боломжтойг хэлсэн. Тийм ч учраас 21 хоногийн тусгаарлалтын онцгой дэглэм барьж байгааг тайлбарласан юм. Иймд дор бүрнээ хариуцлагатай байж, маскаа зүүх шаардлагатай аж.
Олон нийтэд сэрэмж өгөх зорилгоор зовлон бэрхшээлийг нь туулаад гараад ирсэн буюу коронавирусийн халдвар авч, эмчлүүлээд бүрэн эдгэрсэн Д-тэй ярилцлаа. Монголчууд сэжигч. Хэдийгээр бүрэн эдгэрсэн ч нэр ус, зураг хөргөө зарлачихвал бусадтай харилцахад хүндрэл үүсэж магадгүй хэмээн нэрээ нууцлахыг хүссэн юм.
-Та халдвартай гэдгээ хэзээ оношлуулсан бэ?
-Шведээс дамжаад гуравдугаар сарын 16-нд Оросоос хилээр орж ирсэн. Ингээд “Амар” зочид буудалд тусгаарлалтад орсон. Тав дахь хоног дээр халдвар илэрлээ гэсэн. Тэгээд ХӨСҮТ рүү явсан.
-Та Шведэд байнга амьдардаг байсан уу?
-Би Шведэд зургаан cap хэртэй түр амьдарсан юм. Манай гэр бүлийн хүн одоо Шведэд бий. Үр хүүхдүүд энд учир яараад ирсэн.
-Хаана халдвар авсан байх магадлалтай вэ. Шведэд халдварын тархалт их байсан уу?
-Шведэд дөнгөж л эхэлж байсан.
Халдвар гараад байна гэсэн мэдээ энд тэнд сонсогддог. 2, 3 дугаар сарын үе гэхээр.Европ чинь их задгай байсан шүү дээ. Амны хаалт зүүж байгаа хүнгүй. Коронавирус гэхээр айж эмээж байгаа хүн ч гэж байсангүй. Ер нь тоохгүй байсан. Бараг маск зүүсэн хүн өвчтэй юм шиг харагддаг.
Гэхдээ би Шведэд халдвар аваагүй. Авах ч үндэслэлгүй. Гэрээс ер гардаггүй байсан. Хамт байсан хүмүүсээс халдвар илрээгүй. Тэгэхээр би Оросын хил дээр халдвар авчихлаа гэж таамагласан. Оросын онгоцны буудал дээр онгоцоо хүлээгээд 7-8 цаг болсон. Монголчууд ч олон байсан. Нааш цаашаа яваад хүмүүстэй уулзаад, ярьж хөөрөөд цаг нөхцөөх үедээ халдвар авсан байх. Хүн ч их байсан.
-Шинжилгээгээр илрэхээс өмнө таны биед ямар шинж тэмдэг илэрсэн бэ?
-Мэдэгдсэн. Буудалд бууснаас хойш бие жаахан эвгүйрхээд эхэлсэн. Толгой өвдөж, дотор муухайрсан. Бас хоолой өвдөөд, бие зарайгаад байсан.
Ханиад хүрэхээр яадаг билээ яг л тэр шинж тэмдгүүд илэрсэн. Сүүлдээ халуурч эхэлсэн. Ер нь их тухгүй, бие зовуурьтай болоод байсан. Тэгэхээр нь буудлын эмчид хэлсэн. Бүгчимдэж байгаа байх, цонхоо нээж агаар сайн оруул гэж зөвлөсөн. Удалгүй халдвартай гэсэн шинжилгээний хариу ирсэн.
-Халдвартай гэхийг сонсох сэтгэл зүйн хувьд хэр хүнд байсан бэ?
-Хүнд байсан л даа.
Дэлхий нийтийг айлгаж байгаа, олон мянган хүний амийг авч одсон, эмчилгээ нь гараагүй учир айдас, дарамт ихээр мэдрэгдсэн. Ер нь тэгээд хүний хамгийн том айдас бол үхэл хагацал шүү дээ.
Харин Ц.Чинбаяр эмч сэтгэл зүйн хувьд их дэмжлэг үзүүлсэн. Айх зүйлгүй, сэтгэл санаагаа тайван байлга, эм тариагаар эмчилнэ гэж хэлсэн. Бас энгийн ханиаднаас ялгаагүй зүйл гэж тайвшруулсан.
Эхэндээ их цочирдсон ч нэгэнт тусчихсан юм чинь одоо яах вэ гээд вирустэй тэмцэх сэтгэл зүйгээ амьхандаа бэлдсэн. Би чинь анхны халдвар тээсэн францаас хойш 4, 5 дахь хүн нь байх.
-Эмчилгээний хугацаа хэд хоног байсан бэ?
-Нийт 56 хоносон. ХӨСҮТ-өөс ирж авч яваад эмчлээд бүрэн эдгэрээд гарсан хугацаа юм. Нэлээн удаан эмчлүүлж эдгэсэн тохиолдол юм билээ. Хүмүүс эдгээд гараад байна гэхээр бас жаахан сэтгэл санаагаар унах хандлага гарсан.
-Анх ханиад хүрсэн юм шиг шинж тэмдгүүд илэрсэн гэсэн. Ер нь хүндэрсэн үү?
-Хоёр хоног нэлээн эвгүйрсэн. Босохоос дургүй хүрээд, байнга хэвтмээр санагдаад байсан. Ингээд 3-4 хоног дусал хийгээд зовуурь арилж эхэлсэн. Сүүлдээ ямар ч зовуурьгүй болсон. Гэхдээ биед вирус байсаар байсан. Өдөр тутам эмээ ууна. Зөвлөсний дагуу дасгал хөдөлгөөн хийнэ.
-Таныг хэрхэн тусгаарлаж эмчилсэн бэ?
-Анх зочид буудлаас тусгай хувцастай хүмүүс орж ирээд авсан. Битүү цагаан өмсгөлтэй. Буудлын өрөөнд надаас гадна нэг хүн байсан. Тэр хүнийг бас тусгаарласан гэсэн. Дархлаа сайтай юм уу, ямар ч байсан вирус илрээгүй юм билээ. Намайг буудлаас авч гараад ХӨСҮТ-д тусгаарлахад хүмүүстэй харилцах боломжгүй болчихож байгаа юм.
-Тусгаарлалтын өрөө ямар байсан, өдөрт ямар эмчилгээ хийж байсан бэ?
-ХӨСҮТ-д тусгай вакумжуулсан өрөөнд хэвтүүлсэн. Хоолоо шилний цаанаас авна. Сувилагч нар орж ирж цэвэрлэгээ ариутгал хийнэ. Эмчилгээний хувьд анх хоёр өдөр дусал хийсэн. Дараа нь хоёр өдөр тариа хийсэн. Тэрнээс хойш дандаа эм уусан. Том шар эм байсан. ДОХ-ын эсрэг эм гэж хэлж байсан. Тэр эм нь тохироод байгаа гэж хэлсэн.
Амьсгалын дасгал маш сайн хийнэ. Бид чинь их буруу амьсгалдаг юм билээ. Бас иог хийвэл зүгээр гэсэн. Миний өрөө зай талбай багатай тул үүндээ тааруулаад аль болох идэвхтэй хөдөлгөөн хийхийг хичээнэ.
Дандаа хэвтээд байж таарахгүй. Интернетээр их орно. Найз нөхөд, ар гэрийнхэнтэйгээ ярина. Тэд маань ч сэтгэл санаагаар их өргөж өгнө. Бас хэд хэдэн ном уншсан.
-Хоол хүнс юу байсан бэ?
-Ердийн эмнэлгийн хоол хүнс байсан. Уух юм гэвэл халуун аарц, чацаргана өгнө. Бусад хоол нь шингэц сайтай ердийн монгол хоолнууд байсан.
-Шинжилгээг ямар давтамжтай авч байсан бэ?
-Өглөө болгон шинжилгээ өгнө. Хамар, хоолой, өтгөнөөс чинь тэдэн вирус илэрсэн гэж мэдээлнэ. Энэ гурван сорьцоос бүгд ижил дүн гардаг юм билээ. Ингээд байнга буураад байсан. Хоолой, өтгөнөөс чинь илрэхээ больсон. Одоо хамраас чинь илэрч байна гэх зэргээр мэдээлнэ.
Ингээд 56 хоноод бүрэн эдгэсэн, вирус бүрэн алга болсон гэсэн. Тэгээд “Энх саран” сувилал руу шилжиж 14 хоноод гарсан.
-Гэртээ хариад бас тусгаарлалт хийсэн үү?
-Тэгсэн. ХӨСҮТ-өөс 14 хоног тусгаарлах хэрэгтэй гэсэн. Би ч юмыг яаж мэдэх вэ гээд гэртээ өөрийгөө тусгаарласан. Шинжилгээ ирж авсан. Тэгээд зүгээр гэсэн. Эхэндээ хүүхдүүдтэйгээ харьцаж, ойртох, үнсэх гэхээр эмээгээд байдаг байсан. Одоо бол мартчихсан. 5-6 cap өнгөрчихлөө. Вирус гэх айдасгүй хэвийн амьдралаар амьдраад явж байна.
-Гаднаас ирсэн учир хүмүүсийн дунд танаас сэжиглэх, эмээх хандлага харагдаж байна уу?
-Манай эргэн тойрны гэр бүлийнхэн зүгээр байсан. Зарим хүний хувьд гаднаас ирсэн, коронатай байж магадгүй гэх дэл сул яриа гарсан юм шиг байна лээ. Надад яг мэдрэгдсэн зүйл байхгүй. Тэгээд ч нүүрэн дээр хэлэхгүй шүү дээ.
-Анх халдвартай гэж сонсоод муу зүйл хэр их бодогдсон бэ?
-Халдвартай гэдгээ сонсоод эхний хэд хоног янз бүрийн л юм бодогдсон. Үр хүүхэд, хань ижлээ бодно.
Юу хийж бүтээлээ гэж санагдана. Намайг байхгүйд ард үлдэх гэр бүлийнхэн маань яах бол ч гэж бодогдож байх шиг. Ер нь коронатай нүүр тулна гэдэг хүсэх юм биш. Олон зүйл л бодож тунгаасан даа.
-Эрүүл саруул болоод гараад ирэхээр тэгнэ дээ гэсэн зорилтууд дэвшүүлсэн үү?
-Байлгүй яах вэ. Үхээд боссон юм шиг гэж ярьдаг. Тийм л байна. Амьдралыг арай өөр өнцгөөс харж байгаа. Илүү их урам зоригтой, үнэ цэнээ мэдэрсэн. Одоо их л хөдөлмөрлөж байна. Олон зүйлийг хийж бүтээх юмсан, үр хүүхдээ сайн сайхан дурсамжтай үлдээж, түмэн олонд хэрэгтэй хүн болгохсон гэж зорьж байгаа.
-Хүмүүст хандаж юу хэлэх вэ. Манайхан маск зүүхгүй, их хайнга байна шүү дээ?
-Хүний амь нас гэж ямар эрхэм, чухал болохыг биеэр туулж байж л мэддэг болохоос өнгөцхөн байдлаар хажуугаас нь хараад мэдэрч чаддаггүй юм байна. Хүний амьдрал богинохон боловч их үнэ цэнтэй байдаг.
Тийм ч учраас амьд явбал алтан аяганаас ус ууна гэж зүгээр ч нэг хэлчихээгүй юм байна. Онцгой байдал, эмч мэргэжилтнүүдийнхээ заавар зөвлөгөөг иргэд маш сайн дагаж мөрдөх хэрэгтэй. Тэдэндээ итгэж, дэмжлэг үзүүлэх шаардлагатай.
Бид яах вэ, залуу хүмүүс дархлаагаараа даваад гарч болох ч үр хүүхэд, аав, ээж минь яах билээ. Коронавирусийг дотоодод хэрхэвч алдаж болохгүй.
-Манай ХӨСҮТ-ийн эмч мэргэжилтнүүдийн ур чадвар, үйлчилгээ ямар байсан бэ?
-Сайн байсан. Надад бол өөлөөд хэлчих зүйл байхгүй. Үнэхээр л хүний төлөө яваа сэтгэлтэй, чадвартай эмч мэргэжилтнүүд юм. Энэ дашрамд, Ц.Чинбаяр эмчтэй хамт олон,
ХӨСҮТ-ийн цаг наргүй ажиллаж байгаа удирдлагууд, эмч мэргэжилтнүүдэд талархаж байгаагаа илэрхийлье. Тэр дундаа үйлчлэгч Наранцацралт, Цэндээ, Түмээ нартаа баярлаж байна. Би тусгаарлалтын өрөөнд хоёр cap шахам ганцаараа байсан. Сувилагч, асрагч нар л орж ирж амьд харилцаа үүсэх боломж бүрдэнэ шүү дээ.
Хоёр долоо хоног тутам ээлж солигдоно. Зарим нь ч орж ирээд юу ч ярихгүй цэвэрлэгээ, тариагаа хийчихээд гараад явна. Хувь хүний л асуудал байх.
Зарим нь ажлаа хийх зуураа шинэ мэдээлэл өгнө, ярилцана. Намайг сэтгэл санаагаар дэмжээд, урам зориг өгөөд гардаг байсан. Үүнд би их талархаж байна.
-Шведэд байгаа эхнэртэйгээ холбогдож байгаа байх. Нөхцөл байдал ямар байна гэнэ?
-Намайг ирэхэд төдийлөн тархаагүй байсан. Тэр үеийг бодвол авсан юм шиг байна лээ. Сүргийн дархлаа гэж байдаг. Түүндээ найдаж, тэгсхийгээд явж байгаа гэсэн. Дархлаагаараа туулаад гарч ирж байгаа юм билээ.
URL: