Н.Алтанхуяг: Шударга бусын хонгил нураагүй
Сонгуулиас хойш хэвлэлд ам нээгээгүй УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг өчигдөр сэтгүүлчидтэй уулзлаа. Асуулт, хариултыг тоймлон хүргэе.
-Та АН-ын гишүүнчлэлээ сэргээх үү. Удахгүй АН-ынхан даргаа сонгох Их хурлаа хийх гэж байна, та үүнд оролцох уу?
-Би 1990 онд МУИС-ийн багш байгаад Ардчилсан нам, хөдөлгөөнд оролцсон. Өнөө хүртэл 30 гаруй жил явлаа. Би намаасаа гараагүй. Харин 2020 оны сонгуулийн өмнө намын зарим удирдлага намайг УИХ-д дэвшүүлэхгүй гэсэн. Үүнд намын гишүүд буруугүй, удирдлагын зарим хүн, тэдний цаадах цөөн нөхөд намайг намаас гаргасан гэсэн.
Би арай ч тэгээгүй байх гэж бодсон. Намыг анх үүсгэн байгуулалцсан, 5-6 жил даргаар нь ажилласан болохоор лавлатал “Таныг хассан” гэсэн бичиг ирсэн. Ингээд арга буюу бие даан нэр дэвшсэн. Залруулж мэдээлэхэд би намаасаа гараагүй юм. Хассан шийдвэрийг тухайн үед намын удирдлагад байсан зарим хүн гаргасан байна лээ. Буруу шийдвэр гаргасан хүмүүс тэр шийдвэрээ залруулна гэж найдаж байна.
-Та “Шударга бусын хонгил”-ыг анх зарласан. УИХ-ын гишүүн болсны дараа Ерөнхий сайдтай хамтарч энэ хонгилыг нураахын төлөө хамтарч ажилламаар байна гэж хэлж байсан. Энэ юу болсон бэ. Ардчилсан Ерөнхийлөгч мөн шударга ёсыг тогтооно гэж анх гарч ирсэн. Энэ үүргээ хэрхэн биелүүлж байгаа гэж та үзэж байна вэ. Учир нь та зөвлөх нь байсан шүү дээ?
-Би УИХ-д орж зүгээр сууя гээгүй. Ардын нам нь байна уу, аль нь байх хамаагүй, гол нь зөв юм хийвэл хамтаръя гэсэн. Нэгдүгээрт, “Шударга бусын хонгил”-ыг нураахын төлөө би хамтраад ажиллаж байгаа. “Хонгил”-ыг хүрз жоотуугаар нураахгүй. Хууль тогтоох, нийгэмд шударга ёсыг бий болгох, гэм буруутай хүмүүс нь хариуцлага хүлээдэг болох чиглэлээр би хамтарч ажиллая гэсэн. Үүнтэй холбоотой хамгийн чухал хууль нь Шүүхийн тухай хууль. Хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэгт би багтсан. Шүүх шударга байх ёстой. Шүүхийн хуулийг шинэчилж, шүүхийг хэн нэгэн улстөрчөөс хараат бус болгох чиглэлд, дээр нь шүүгчид өөрсдөө шударга ажиллаж, үнэн зөв шийдвэр гаргадаг байх чиглэлд би хамтраад ажиллаж байна.
-Шүүхийн тухай хуульд ямар өөрчлөлт оруулж байж “Шударга бусын хонгил” нурахад дэм болох вэ. Шүүхийн цогцолбор барилга барих асуудал төсөвт оруулсан байсан. Байшин барилаа гээд “Хонгил” нурах уу?
-Шүүхийн байшин гэхээр манайхан шүүгчдийн суудаг ордон харш барих гэж байна уу гэж асуудаг. Одоо Хууль зүй, дотоод хэргийн яам, Тагнуулын байгууллагаар иргэн хүн орж үйлчлүүлээд байх юм байхгүй. Тэнд иргэнд үйлчилдэг үйлчилгээ гэж байхгүй. Шүүхийн цогцолбор гэж Х.Тэмүүжин сайдын үед төсөвт тавьж, суурийг нь хийсэн зүйл Яармагт бий. 4.9 тэрбум төгрөгөөр суурь тавиад орхисон юм билээ, 2013 онд. Үүнийг гуйвуулж Н.Алтанхуяг байшин барихыг дэмжлээ гэж болохгүй. Энэ бол иргэдэд үйлчилдэг үйлчилгээний төв. Би өөрөө шүүхээр их явлаа. Манай шүүхийн танхимууд умгар, жижигхэн. 10 хүн орж суугаад хурал хийдэг. Иргэдийн боломжит нөхцлийг сайжруулах байшин сав хэрэгтэй. Хүн тэнд очоод, намайг шударгаар шүүх юм байна гэсэн итгэл үнэмшил төрөх ёстой. Шүүх хараат бус байх, шүүгч нөлөөнд орохгүй байх үүднээс байр нь олон хаалгатай байх ёстой. Шүүгчтэйгээ нэг хаалгаар орохгүй, тэр байтугай мэтгэлцэж байгаа хоёр хүн нэг хаалгаар орохгүй олон хаалгатай, нарийн системтэй байх ёстой. Энэ зөвхөн байшин бус тогтолцооны асуудал. Нэгэнт таван тэрбум төгрөг зарцуулчихсан тул шинэ барилгыг дуусгах нь зөв.
-Тантай мөр зэрэгцэж явсан С.Баярцогт, Ж.Эрдэнэбат нар эрхээ хязгаарлуулсан. Тэднийг та “Шударга бусын хонгил”-оор чирэгдээд явсан гэж харж байна уу эсвэл?
-Намайг “Хонгил”-оор хэрхэн явсныг та нар мэднэ. Эхлээд маш олон хэрэгт гэрчээр асуулаа гэсэн. Дараа нь сэжигтэн, яллагдагч болгоод явсан. 2017 оны нэгдүгээр сарын 25-нд намайг яллагдагч болгосон. 28-нд нь АН-ын даргын сунгаанд нэр дэвшигчдийн санал авах өдөр байсан. Түүнээс гурав хоногийн өмнө намайг яллагдагч гэж Монгол даяар цоллосон. Тэр үед том “Хонгил” ажиллаж байсан. Гэхдээ бүх хүн дээр биш. Цаашид өрсөлдөж мэдэх, олон юм ярьж мэдэх, тодорхой хэмжээний мэдээлэлтэй, эсвэл АН-ын дарга болчих, нэг бол Ерөнхийлөгчид нэр дэвшиж мэдэх цөөн хүний эсрэг “Хонгил” ажилласан. Нэг нь би, нөгөө нь Х.Баттулга байсан. Одоогийн нөхцөл байдлыг би үнэлж хэлж чадахгүй байгаа. Гэхдээ нэг зүйлийг баталгаатай хэлэхэд өнөөдөр “Шударга бусын хонгил” нурсан уу гэвэл нураагүй. Толгойг нь сольсон. Тэгээд их бие хавьд нь зөндөө юм байх шиг байна. Хөл, гар хавиар нь ч зөндөө юм байх шиг байна.
-Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг гурван сарын өмнө ил захидал бичихдээ таныг нөхдөөсөө урвасан, тиймээс чиний хажууд нам ч алга, нөхөд ч алга. Х.Баттулга намын нөхдөө хэлмэгдүүлж байхад амиа бодоод дуугүй суулаа гэж шүүмжилсэн байсан. Та ямар хариу хэлэх вэ?
-Ч.Сайханбилэг захидал бичиж суухаар энд хүрээд ирэх хэрэгтэй л дээ. Би эх орноосоо урвадаггүй хүн. Анд нөхдийн харилцаа анд нөхдийнх, эх орноо худалдахтай би эвлэрдэггүй. Надад чи наадахтайгаа найзаараа үлдэх юм уу, эх орон, ард түмэн, үр хүүхдийнхээ төлөө байх уу гэвэл би эх орон, ард түмэн, үр хүүхдийнхээ төлөө л байна. Амьдрал баян. Хүмүүс ирж л байдаг, явж л байдаг. Найз нөхөд гэдэг өөр асуудал. Эх орон, үндэсний эрх ашиг гэдэг юугаар ч сольшгүй юм. Би энэ байр суурьтаа байгаа.
-Та АН-ын дарга байсан хүн. АН өнөөдөр парламент дахь сөрөг хүчний үүргээ хэр биелүүлж байна. Шинэчлэл хэрхэн явж байна гэж та харж байгаа вэ?
-АН УИХ-д 11-үүлээ байна. Дөрөв нь УИХ-д дахин сонгогдсон, бусад нь шинэ гишүүн. Удахгүй чангарна.
-Та намын дарга байхдаа АН-ынхаа байрыг худалдсан гэж үнэн үү?
-Намайг байр зарсан гэх асуудлыг С.Эрдэнэ АН-ын дарга байхдаа гаргаж тавьсан. Би намын байр зараагүй. Намын гүйцэтгэх зөвлөл хуралдаад, Ерөнхий нарийн бичгийн дарга байсан Ц.Оюундариар ахлуулсан ажлын хэсэг гарч тэр байшинг /УДБЭТ-ын дэргэдэх шилэн хоолойвч/ зарсан. Хожим материалыг үзэхэд Улаанбаатар банк авсан байдаг юм билээ. Бүх материалыг нь би олж авсан, долоо орчим тэрбум төгрөгөөр зарсан юм байна лээ. Тухайн үед Ерөнхий сайд байсан тул юун намын байр зарах манатай байсан. Манай нам байргүй биш, Төв шуудангийн өмнөх байранд би намын дарга байхдаа зургаан жил байсан. Намын том, жижиг байх байрнаас хамаардаггүй. Тэр жижигхэн байранд байхдаа бид ялалт байгуулж байсан. Байр сав бус үнэ цэнтэй зүйлийнхээ төлөө, ард түмний төлөө цохилох зүрхтэй байхад байртай, байргүй байх асуудал биш.
-Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж АН-ын гишүүнчлэлээ сэргээсэн. Та түүний талаар юу хэлэх вэ?
-Улс орныг дампууруулж, Монгол орны ирээдүйг балласан хүний нэг нь яах аргагүй Ц.Элбэгдорж мөн. Би хүнтэй сөргөхгүй. Харин итгэл үнэмшлийнхээ төлөө бат зогсоно.
-Та АН-ын даргын сунгаанд, мөн ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх үү?
-Намын гишүүд дэмжвэл би эргээд намын гишүүн болно. Ерөнхийлөгчид хэнийг дэвшүүлэхээ намын гишүүд шийднэ.
-2021 оны улсын төсвийн төсөлд та ямар байр, суурьтай байна вэ?
-Энэ удаагийн төсөв бол Ковидын төсөв биш юм. Ковидын төсөв гэдэг бол хүнд байна гэж хэлээд оффисын барилга, яам тамгын газрын байшингууд барихыг шууд зогсоох ёстой. Хэрэгтэй юманд л мөнгөө өгөх ёстой. Гэтэл 18 тэрбумаар яамны байшин босгоно гээд өнөөдөр гурван тэрбум төгрөгийг бариад явж байгаа чинь Ковидын төсөв юм уу. Тэгэхээр энэ бол хэвийн үеийн төсөв байна. Тиймээс Ковид нэрээр улсын өр ширийг нэмэгдүүлж, төсвийн алдагдлыг нэмэхээ боль гэдгийг би хатуу хэлж байгаа. Ер нь бол өр зээлийнхээ талаар УИХ хаалттай хуралдах нь зөв. Камергүй үед хүмүүс хэвийн горимд ажилладаг юм шүү дээ. Иймд би санал хүргүүлсэн. УИХ-ын дарга Г.Занданшатар хаалттай хуралдана гэсэнд баярлаж байна.
-Байгалийн баялаг иргэдийнх байх ёстой гээд төр хувийн өмчид халдаж байгааг та юу гэж үзэж байна?
-Байгалийн баялаг иргэдийнх байх ёстой гэдэгтэй би санал нийлнэ. У.Хүрэлсүх Ерөнхий сайдтай санал нийлнэ. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь эзэмших ёсгүй. Төр эзэн болох нь зөв. Гэхдээ эзэн боллоо гээд хүн бүрт 98 мянган төгрөг тараах нь буруу. Үүний оронд үйлдвэр барих нь зөв. Би баялгийг дээрэмдэх хүмүүсийг дэмжихгүй. Харин Тавантолгой шиг мөнгө тараах нь баялагтаа эзэн болж байгаа хэрэг биш, тарааж байгаа явдал.
-“Ачит Ихт” компани, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ЕТГ-ын дарга асан П.Цагаан та нарын хоорондын маргаан аль шатанд яваа вэ. Энэ компанийн 34 хувийг төр эзэмших болсон. Энэ таны тэмцэл мөн үү, цаашид яах вэ?
-“Ачит Ихт”-ийг чинь би авах гээгүй шүү дээ. Байгалийн баялаг ард түмний өмч шүү дээ. Байгалийн баялгаас бусад салбарт ажиллаж баялаг бүтээж байгаа мянга мянган хүн, аж ахуйн нэгж бий. Би тэднийг дэмжинэ. Харин баялгийг дээрэмдэж байгаа хүмүүсийг дэмжихгүй. Би Ц.Элбэгээ, П.Цагаан хоёртой тэмцээгүй, тэнд байгаа “Ачит Ихт” гэдэг компани, тэр хоёр тэрбум ам.доллар тэдний юм биш, “Эрдэнэт”-ийнхний, Монголын ард түмний өмч юм. Сая Монголын төр 34 хувийг нь авахаар болсон байна лээ. Угаасаа төрийн өмч байсан юм. Гэтэл нэг нь Ерөнхилөгч, нөгөө нь Тамгын газрынх нь даргыг хийж байхдаа 34 хувиар хийсэн гэрээнийхээ тэр хувийг алга болгосон байхгүй юу. Буцаагаад 100 хувь төрд нь өгөх ёстой. Тэдний мөнгө гэж байхгүй. Угаасаа 50-60 сая ам.доллар гадаадаас авч үйлдвэр босгоод явсан. Тэрийгээ төлчихөөд тэндээс жилдээ 50-60 сая ам.долларын борлуулалт хийдэг. Цэвэр ашиг нь жилдээ 30 сая ам.доллар. Шударга бус байгаа биз дээ. “Эрдэнэт”-ийн баялгийг ашиглаад, хэвлэл мэдээллийг худалдаж аваад, тархи угааж зэсийг ургуулна гэж тэнэг юм ярьдаг байж таарахгүй. Зэс ургадаг байсан бол “Рио Тинто” Монголд ирэх хэрэггүй байсан биз дээ, тэндээ ургуулна шүү дээ.
-Оюутолгойн ТУЗ нээлттэй сонгон шалгаруулалт зарласан ч Ерөнхийлөгч Н.Багабанди улирч үлдсэн гэх юм?
-Арай үгүй байлгүй дээ. Би Ерөнхий сайд болоод тэр хүнийг болиулсан шүү дээ. Дахиад байгаад байгаа юм уу. Тэнд байхгүй л бол үхчих гээд байгаа юм байх даа. Ёс зүйгээ, улс орноо бодоод больмоор юм. Та нар худал яриагүй биз дээ. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд байсан хүмүүс гадаадын байгууллагаас хол байх хэрэгтэй. Болохгүй бол би Н.Багабанди гуайд захидал бичнэ ээ.
Ч.ОЛДОХ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2020.10.30 БААСАН № 210 (6435)
URL: