Л.Оюун-Эрдэнэ: Г.Ёндон сайдын одоогийн албан тушаалтай хариуцлага тооцох боломжгүй
УУХҮ-ийн сайд Г.Ёндон хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийг төсвийн мөнгөөр төлсөн асуудал олны дургүйцлийг хүргэж байна. Тодруулбал, тэрбээр 2019 оны дөрөвдүгээр сарын 19-нд “Монголросцветмет” ТӨҮГ-ын орлогч захирлаар томилогдож байсан бөгөөд тухайн албан тушаалд томилогдсоноос хойш ердөө тавхан сарын дараа байгууллагынхаа 10.700.000 мянган төгрөгөөр “Гёте” бүрэн дунд сургуульд сурдаг хоёр хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлүүлсэн баримт ил болсон юм.
Тиймээс иргэдийн зүгээс УУХҮ-ийн сайд Г.Ёндонд хариуцлага тооцох, төсвийн мөнгийг буцааж төлүүлэхийг шаардаж байгаа билээ.
Энэ асуудалд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ тайлбар өглөө. Тэрбээр “Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайд мэдээлэл авсан. Ингээд зөрчил гаргасан байж болзошгүй асуудалд шалгалт хийх нь зүйтэй гэж үзсэн. Гэхдээ төрийн өмчит компаниуд ашигтай ажиллавал ямар нэгэн байдлаар ажилчдаа урамшуулдаг нь дэлхийн жишиг. Мэдээж энэ нь Г.Ёндон сайдыг зөвтгөж байгаа хэрэг биш. Одоо байгаа албан тушаалтай нь хариуцлага тооцно гэхээр сайд болсоноосоо хойш биш төлбөрөө төлүүлээгүй. Цаашдаа энэ асуудлыг таслан зогсоохыг Ерөнхий сайд үүрэг болгосон” гэлээ.
Сонирхуулахад, хүүхдийнхээ төлбөрийг төсвийн мөнгөөр төлүүлсэн асуудалд УУХҮ-ийн сайд Г.Ёндон “Монголросцветмет” ТӨҮГ нь улсын төсөвтэй, татвартай ямарч хамаагүй албан газар. Энэ газарт 2000 оноос хойш компанийн гүйцэтгэх удирдлага менежментийг урамшуулах, сургалтын төлбөрийг тэглүүлэх гэсэн журам хэрэгжиж ирсэн. Энэ заалтын дагуу компани ашиггүй ажилласан тохиолдолд энэ урамшуулал хөнгөлөлтийг олгохгүй. Харин ашигтай ажилласан тохиолдолд олгодог. Би 2018 онд томилогдсон” гэх тайлбарыг өгсөн билээ.
URL: