Нинж яах вэ?.. Харин дараа нь…
Сошиалд бол гал маналзуулахаа шахсан МҮОНРТ-ын уран бүтээлчдийн давалгаа Ерөнхий захирал Л.Нинжжамц өөрийн хүсэлтээр ажлаа өгснөөр өндөрлөж буй бололтой. Уг нь энэ бол төгсгөл нь биш, шийдэл нь бүр биш гэдгийг Нинж ч, эсэргүүцэн тэмцсэн уран бүтээлчид ч цөмөөрөө мэдэж байгаа.
Харин зарим нэг хүний хувьд энэ бол “эхлэл” бас “ялалт”. Жишээлбэл, дараагийн захирал бас захирлын “суга” болохыг горилогчид, нөлөөллөө бататгах гэсэн улстөрчдөд. Магадгүй Уран бүтээлчид ялалтаа тэмдэглэж амжаагүй шахам байхад дараагийн захирлын нэр аль хэдийнэ шийдэгдсэн биз, МАН-ын төв байранд ч юм уу, Энкантогийн саунд. Магадгүй бүр энэ тэмцэл эхлэхийн өмнө ч шийдэгдсэн байх. Монголын “улс төр” ийм жамаар өрнөдөг болоод удаж буй.
Уран бүтээлчдийн хувьд энэ удаагийн тэмцэл Нинжийг огцруулах биш, зарчмын том өөрчлөлтийн асуудал байсан бол улстөрчид, дараагийн захирал болоод захирлын “суга”-д горилогчдын хувьд зөвхөн Нинжийг огцруулах байсан болов уу?
МҮОНРТ-ийн хувьд даргаа огцруулах тэмцэл огт шинэ зүйл биш. Ц.Энхбатыг ч, М.Наранбаатарыг ч, Ц.Оюундарийг ч огцруулах тэмцэл дүрэлздэг байсныг олонх мартсан байж магадгүй. Л.Нинжжамцыг “зайлуулах” тэмцэл ч өмнө ч сэрвэлздэг байсан. Тэгээд ч захирал солигдоод байдал олигтой өөрчлөгдсөн нь үгүй, Л.Нинжжамцын үеийг эс тооцвол. Тэр чадварлаг менежер, дайчин бүсгүй гэдгээ нэгэнт харуулсан. Үүнээс илүүг түүнээс хүсэх арга үнэндээ байхгүй. Яагаад гэвэл түүний дээр Үндэсний зөвлөл, бүр цаашилбал бүлэг, бүлэг улстөрчид буй. Доор нь сүрэг олон захирал бүтэц буй. Жилээс жилд дээд хэсгийн сонирхол ихсэхийн хэрээр доод хэсгийн хэрэгцээ ч нэмэгдсээр ирсэн нь нууц биш, бүр жам болсон. Энэ бол уран бүтээлчид та нарын “хоол”-ноос холтолж байгаа том “нүх”, Л.Нинжжамц биш.
Хамгийн гол нь ҮНДЭСНИЙ, ОЛОН НИЙТИЙН гэдэг нэртэй энэ том бүтэц үе, үеийн эрх баригчдын гарын үзүүр байсаар ирсэн. Ялсан нам нь хүнээ томилдог нь бүр хууль. Хэдийгээр УИХ дээр алалдан байж ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ гэсэн ганган нэртэй бүтэц байгуулсан ч энэ зөвлөл хуулиар баталгаажиж эхлээгүй байхад л ХҮНЭЭ томилох гэсэн алалдаан хэдийнэ хөшигний цаана өрнөж байв.
Тиймээс үеийн үед ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ цалингийн баруул, эрх баригчдын дохиур болсноос цаашгүй. Цаашид ч ийм л байх юм бол мянган Нинж байгаад, уран бүтээлчид мянган тэмцэл хийгээд ямар ч нэмэр байхгүй.
Өнөөдөр ч гэсэн уучлаарай, уран бүтээлчид ээ, Нинжээс “сайн” захирал ирсэн байлаа ч байдал ер өөрчлөгдөхгүй, магадгүй бүр ч муудна.
Яагаад гэвэл МҮОНРТ та бүхний зүрх сэтгэлээ, бүр амьдралаа зольж зориулдаг уран бүтээлийн ариун тайз бол төрөөс шимэгчдийн боломжоороо идэх орон зай, улстөрчид тухайлбал эрх баригчдын “арь”-саа хамгаалах “зэвсэг”. Та бүхний хэлж, ярьж байсан сэтгэлийн үгс, баримтууд сэтгэл өвтгөм үнэн постууд ч үүнийг баталж буй. Ерөөс ТӨРИЙН гэсэн тодотголтой гэсэн бүхэнд жижигхэн цүнх ч болов “бариад” хусам ч болов олж хүртэхийг хүсэгчид овоорч байдаг, уран бүтээлчдээс бусад нь шүү. Та нарт сарын цалин, томилолтын хөлс, хөл дүүжлэх унаа олдохгүй байгаа бол цүнх баригчдад харин “цүнх” олддог гэж уран бүтээлчид өөрсдөө бичсэн байна лээ. Дахин хэлье, ҮНДЭСНИЙ, ОЛОН НИЙТИЙН ТВ үндэсний олон нийтийн болж чадахгүй л бол мянган сайн захирал, зүрх сэтгэлтэй мянган уран бүтээлч байгаад нэмэргүй. Өнөөдөр сонсогдож байгаа “хов-мэдээ”-гээр бүр бол дордуулах захирлын нэрс яригдаж байгаа бололтой дог. Ер нь л дээрдүүлнэ гэж байхгүй дээ, өнөөгийн нөхцөлд
Тиймээс уран бүтээлчид ээ, энэ та бүхний хүссэн /хэрвээ үнэхээр өөрчлөлтийг хүссэн бол/ тэмцэл бол Нинжийг огцруулж, өөр нэг “Нинж”-ийг захирлын суудалд суулгах ялалт биш шүү, бүтцээ, системээ өөрчлөх эхлэл байх ёстой шүү. Жишээлбэл, яавал улстөрчдийн тэр тусмаа эрх баригчдын нөлөөллөөс бага ч болов хол байх, яавал жинхэнэ ОЛОН НИЙТИЙН болж болох, наад зах нь төсөв, санхүү шилэн байж, төсвийн тэдэн хувийг зөвхөн уран бүтээлчид, уран бүтээлд нь зориулах хувь тогтоож өгөх гээд шийдэх олон асуудал байгаа шүү.
А.Туяа
infomongol.mn
URL: