“Ачит Ихт”-ийн лоббигоор Ашигт малтмалын хуульд өөрчлөлт оруулсан уу?!

712-160375988910-27-4
-“… “Эрдэнэт”-д 34 хувийг нь авч өгнө” гээд байгаа ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл энэ хуулийг мэдэх үү-

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагааны гэр бүлийн “Ачит Ихт” ХХК-ийн “Эрдэнэт үйлдвэр”-тэй 2010 онд анх гэрээ байгуулахдаа “34 хувийг нь эзэмшүүлнэ” гэж заасан. “Ачит Ихт” ХХК-аас 2014 онд “Эрдэнэт үйлдвэр”-т энэ “санал”-аа тавьсан. Тус үйлдвэрийн удирдлагууд татгалзсан.
“Ачит Ихт”-ийн саналаас татгалзсан “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ц.Даваацэрэн эрүүгийн хэрэгт шалгагдаад явж байгаа. Ц.Даваацэрэнд холбогдох хэргийг есдүгээр сарын эхээр шүүх рүү явуулахдаа “Ачит Ихт”-тэй холбогдох хэсгийг тусгаарлаж үлдээжээ. Харин шүүх “Хамтад нь шийдвэрлэх ёстой” гээд хэргийг АТГ-т буцаасан байна.
Уг хэргийг мөрдөн шалгах ажиллагаа одоо АТГ дээр явж байгаа гэсэн үг.
Сүүлд 2020 оны хоёрдугаар сард ТӨБЗГ-аас “…“Ачит Ихт” ХХК-тай одоогийн ашиглаж буй овоолгын ашиглалтын болон тус компанийн 34 хувийн эзэмшлийг сэргээх талаар хэлцэл хийж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын эрх ашигт нийцсэн тохиролцоонд хүрсэн тохиолдолд “Хамтын ажиллагаа”-ны гэрээг шинэчлэн байгуулах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэрлүүлэх нь зүйтэй” гэсэн шийдвэр гаргасан. Тэгээд таг болсон.
Тэгвэл “Ачит Ихт”-ийн 34 хувийг “Эрдэнэт үйлдвэр”-т шилжүүлэх ТӨБЗГ-ын саналыг Засгийн газар хэрэгжүүлэх боломжгүй бололтой. Засгийн газар хуулийн өмнө мухардалд орохоор болсон байна.
Өөрөөр хэлбэл, “… “Эрдэнэт”-д 34 хувийг нь авч өгнө” гээд байгаа ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл энэ хуулийг мэдэж байгаа юу гэж асуух шаардлага гараад байна.
Тиймээс Өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдэл энэ талаарх мэдээллийг хүргэж буй юм. 2016 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдөр УИХ-аар Ашигт малтмалын тухай хуульд нэгэн өөрчлөлт / https://www.legalinfo.mn/additional/details/2851?lawid=63 /ийг оруулжээ.
Энэ хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг 2016 оны хоёрдугаар сарын 3-нд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хийж байв. Ердөө өмнөх долоо
хоногт нь Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатын УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах уг хуулийн төсөл лобби, PR сайтай явсан байдаг. Тухайлбал, хэвлэлүүдээр “Алт, зэс, нүүрс, жонш гээд ашигт малтмалын бүх ордод үүсмэл орд бий болчихсон. Олох ёстой баялгийнхаа 50 хүрэхгүй хувийг л тэд үндсэн ордоос олборлож, үлдсэн нь үүсмэл орд дотор ашиглагдахгүй хэвтсээр байгаа. …“Эрдэнэт” зэрэг зэсийн том үйлдвэрүүдэд ч энэ мэт төвөгтэй асуудал байдгийг нуугаад яах вэ. …“Эрдэнэт үйлдвэр”-ийн дэргэдэх овоолгуудыг ашиглан дотоодын зэсийн хэрэгцээгээ хангаж буй “Ачит Ихт”, “Эрдмин” зэрэг компаниуд амжилттай ажиллаж байна. Гэвч дээр хэлсэнчлэн овоолгыг эдийн засгийн эргэлтэд оруулах эрхзүйн орчин тодорхой бус, ашиглалтын лиценз авсан компани овоолгоо ашиглуулах эсэхээ шийддэг, танилын хүрээнд татвараа төлдөг учраас өнөөдрийг хүртэл орд тойрсон овоолгууд “үнэгүйдсэн баялаг” хэвээр байлаа” хэмээн бичигдэж байлаа. Мөн “Үе үеийн парламентын үед үүсмэл ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай яриа гардаг байсан. “Эрдэнэт үйлдвэр”-ийн дэргэдэх овоолгыг ашиглан “Эрдмин”, “Ачит эх” гэсэн хоёр ч компани катодын цэвэр зэс үйлдвэрлэж байгааг энд тодотгоё. Гэхдээ бие даасан үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчин Монгол Улсад байхгүй тул, тэдгээр компанийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг “Эрдэнэт үйлдвэр” авдгийг сануулах ёстой” гэж байв.
Энд маш ноцтой нэг зүйл бий. 2012-2016 онд Аж үйлдвэрийн сайдаар ажилласан Д.Эрдэнэбатын 2016 оны хоёрдугаар сараас зүтгүүлж эхэлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг 2016 онд засгийн эрхийг дангаар барьсан МАН-ынхан төсвийн хэлэлцүүлэг дундуур яаран сандран баталсан байдаг.
2016 оны арваннэгдүгээр сарын 2-нд Төсвийн байнгын хороо, 4-нд Эдийн засгийн байнгын хороогоор хуулийн төслийг хэлэлцжээ.
Эдийн засгийн байнгын хорооны хуралд гэхэд Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар танилцуулгыг нь хийж байв. Тэрээр “Төсвийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийхтэй холбоотойгоор улсын төсвийн тэнцлийг сайжруулах, төсвийн алдагдлыг бууруулах зорилгоор одоо хэд хэдэн санал санаачилга гарсан. Үүнээс хоёр асуудлыг нь Эдийн засгийн байнгын хороон дээр хэлэлцэж байна. Эхнийх нь үүсмэл ордыг дахин ашиглах тухай асуудал байгаа. Өнөөдөр Монгол Улсад уул уурхайн компаниуд ордыг ашиглахад хаягдлаар үүссэн овоолгуудыг ашиглаж улсын төсөвт татвар авъя гэсэн зорилгоор энэ хуулийн өөрчлөлтийг оруулж ирж байгаа. Яг өнөөдөр хөдөө орон нутагт ордыг ашиглаад үүссэн ордыг нь ашиглаж байгаа хүмүүс овоолгыг нь хуулийн дагуу, хууль бус гээд  нэлээн маргаантай байдаг. Үүнээс нь улс авч татвар бол үнэхээр бага байгаа. Ийм учраас тэр овоолгоос нь нөөц ашигласны татварыг авдаг болъё. Энэ овоолгыг ашиглахдаа төр засаг яг ном журмынх нь дагуу зөвшөөрлийг нь өгдөг байя. Одоо байгаа овоолгоос нийтдээ 180-аад тэрбум төгрөг бол 10 жилийн хугацаанд олох боломжтой гэсэн тооцоонууд гарсан байдаг. Тийм учраас энэ хуулийн өөрчлөлтийг оруулж ирсэн гэдгийг хэлье. Ингээд хэлэлцэж шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.
Төсөвт анхаарч байсан гишүүд уг хуулийн төслийг хэлэлцэх гэж ёстой л халтуурдаад өнгөрсөн байдаг.
Ингээд хуулийн төслийг УИХ-аар 2016 оны арваннэгдүгээр сарын 10-нд баталж, энэ өөрчлөлтийн дагуу Засгийн газрын 2017 оны хоёрдугаар сарын 22-ны өдрийн 61 дүгээр тогтоолын Нэгдүгээр хавсралтаар “Үүсмэл орд ашиглах тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны журам”, Хоёрдугаар хавсралтаар “Үүсмэл орд ашиглах үйл ажиллагаанд тавих шаардлага, үйл ажиллагааны эрхлэх журам”-ыг гаргасан байгаа юм.
Энэ дагуу “Ачит Ихт” ХХК нь 2017 оны зургадугаар сарын 22-ны өдөр Үүсмэл орд ашиглах анхны тусгай зөвшөөрлийг авч байв.
“Ачит Ихт” ХХК нь дээрх журамд нийцүүлэн гэрээний 11 дүгээр зүйлийн 11.3-т “Талууд бичгээр харилцан тохиролцсоны үндсэн дээр энэхүү гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж болно” гэж заасныг хэрэгжүүлэх ёстой байв.
Гэтэл “Ачит Ихт” ХХК нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн зөвшөөрөлгүйгээр үүсмэл ордын гэрчилгээг Төрийн захиргааны байгууллагаас гаргуулж аваад үйл ажиллагаа явуулж байгаа аж. Ингэж “Ачит Ихт” ХХК нь Ашигт малтмалын тухай хууль болон Засгийн газрын 2016 оны 61 дүгээр тогтоолоор батлагдсан “Үүсмэл орд ашиглах тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны журам” илтэд зөрчжээ.
“Ачит Ихт” ХХК-ийн энэ тусгай зөвшөөрөл гурван жилийн хугацаатай. 2020 оны зургадугаар сард дуусгавар болсон. Түүнээс хойш сунгасан эсэх нь тодорхой бус байгаа юм. Ер нь бол “Ачит Ихт”-ээс “Эрдэнэт үйлдвэр”-т очих ёстой 34 хувь цаашид яригдах эрх зүйн орчин байгаа юу гэдэг асуулт бас гарч ирнэ. Ингэхээс аргагүй.
Учир нь 2016 оны арваннэгдүгээр сарын 10-нд Ашигт малтмалын хуульд өөрчлөлт оруулж, үүсмэл орд гээчийн зохицуулалтыг хийснээр “Ачит Ихт” ХХК нь “Эрдэнэт үйлдвэр”-ээс хамаарах хамаарал байхгүй болчихсон байгаа юм.
Өөрөөр хэлбэл, энэ хуулийг “Ачит Ихт”-ийн лоббигоор тус компанид зориулж хийсэн үү гэх таамаглал, бодит боломжийг нотлох мэт үйл явдлууд ар араасаа хөвөрч байна.
ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

URL: