ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарт холбогдох давж заалдах шатны шүүх хурал лхагва гаригт болно
Төр нийгмийн зүтгэлтэн, Дэд бүтцийн сайдаар ажиллаж байсан С.Зоригийн амийг бүрэлгэсэн хэрэгт ял шийтгүүлсэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ болон хохирогчийн эхнэр Б.Булган нарыг эрүүдэн шүүж, хүчээр хэрэг хүлээлгэсэн, Гүйцэтгэх ажлын тухай хууль зөрчсөн хэрэгт холбогдсон ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогчоор ажиллаж байсан Г.Эрдэнэбат нарын хүмүүст холбогдох давж заалдах шатны шүүх хурал лхагва гаригт болохоор товлогджээ.
Тэднийг Б.Хурц, О.Бямбажав, Г.Эрдэнэбат, О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, С.Эрдэнэбат, Э.Өлзийбаяр нарыг Нийслэлийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэг /Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчих/-ийн 133.1, 251 дүгээр зүйл /Эрүү шүүлт тулгах/-д заасан гэмт хэрэгт буруутгаад байгаа билээ.
Сануулахад, Анхан шатны шүүхээс Ж.Мөнхгал, С.Баярт, Б.Хурц нарт 3 жилийн хорих ял, Э.Өлзийбаярт 1 жилийн хорих ял, Г.Эрдэнэбатад 3 жилийн хорих ял, О.Бямбажавд 2 жилийн хорих ял, Ү.Отгонбаярт 2 жилийн хорих ял оноож, О.Бархасбадь, С.Эрдэнэбат нарыг цагаатгасан юм.
URL: