Л.Энх-Амгалан: 100 айлын гудамжаар монгол хүн амьдардаг юм уу, дүүрэн хятадууд байна
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Гадаадын иргэн, эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авч байна.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан ”Гадаадаас орж ирж ажил хөдөлмөр эрхэлж байгаа гадаад иргэдийг бүрэн хянаж байгаа юу. Энэ орж ирсэн нөхдүүд чинь дураараа аашилж байна. Улаанбаатар хотод олон Чайна таун байх шиг байна. Сөүл таун байна. Монгол Улсын хууль дүрэм үйлчилдэг юм уу, үгүй юм уу гэмээр дураараа аашилдаг. Энд чинь л жинхэнэ хар тамхи, хүн худалдаалах гэх мэт болж бүтэхгүй зүйлүүд болж байна.
100 айлд юу болж байгааг мэдэж байна уу. Тэр гудамжаар нь монгол хүн амьдардаг юм уу. Дүүрэн хятад иргэд. Монгол Улсад гадны иргэд үл хөдлөх хөрөнгийн бизнес хийж байна. Бүтэн байраар, хэд хэдэн байраар нь худалдаж аваад монголчуудад түрээслэдэг. Гэтэл монголчууд нь өөрсдөө байранд орж чаддаггүй. Монгол Улс үүд хаалгаа нээх ёстой. Гэхдээ энгэрээ битгий сул тавиарай гэдэг шиг Монгол Улсад орж ирээд хууль бусаар амьдарч байгаа, хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаа гадаад иргэдэд төрийн хяналт байна уу. Энэ асуудалд мэдээлэл авах гэхээр нууц, нууц гээд байх юм”
УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар ”Хэт их энгэрээ задгайлахгүй. Байгууллагууд нэгэндээ мэдэгдэхгүй виз олгодог байдлыг болиулж, нэг цонхны үйлчилгээтэй болгох чиглэл рүү ажиллаж байна. Одоогийн программ шаардлага хангахгүй байна. Гадаад иргэний визний хугацаа дуусангуут сигнал асдаг төхөөрөмж байхгүй. Зөрчилтэй иргэдийг илрүүлсэн. Одоо албадан гаргах ажиллагаа хийгдэх гэж байна. Их сонин зүйлүүд гарч байна. Монгол Улсад 10 гаруй жил амьдарсан, огт цалин авдаггүй, байгууллагын жижүүр, манаач хийдэг иргэдийг илрүүлсэн. Эднийг албадан гаргана”
УБЕГ-ын дарга Б.Баасандорж ”Хуулиараа гадаадын иргэд Монгол Улсад үл хөдлөх хөрөнгө эдлэх эрх нээлттэй. Манайх бүртгээд хариуцаад явдаг. Шаардлагатай бол Л.Энх-Амгалан гишүүнд ямар, ямар иргэн ямар үл хөдлөх хөрөнгө өмчилдөг болох тоон статистик мэдээллийг албан бичгээр хүргүүлж болно.
УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн ”Би энэ хуулийн төслийг дэмжиж байна. Маш олон технологийн дэвшлүүдийг нэвтрүүлэхээр хуульчилж оруулж ирж байна. Үүгээр гишүүдийг яриад байгаа, шүүмжлээд байгаа асуудлууд шийдэгдэнэ гэж харж байна. ХЗДХЯ-ныхан энэ хуулийн төсөлд нэлээн нухацтай хандсан” гэв.
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил ”Энэ хуулийн төслийг дэмжиж байна. Нэлээн дэвшил авч ирэх байхаа. Бидний олон жил ярьж шаардсан, цахим визний асуудал, визний төвийн асуудлууд, нэгдсэн бүртгэлийн систем гээд. 800 хятадын асуудал, мөн дипломатууд тамхи зөөгөөд байгаа асуудлаар байнгын хороо, нэгдсэн хуралдаан дээр хаалттайгаар мэдээлэл сонсмоор байна.
Энэ 800 хятад ямар учиртай байсан юм бэ. Эдгээр хүмүүст яагаад виз олгосон юм бэ. Түүнчлэн дипломатууд яагаад тамхи зөөгөөд байгаа юм бэ. Яг мэргэжлийн дипломатууд юм уу. Яг нэр устай нь шүүж гаргаж ирээд яримаар байна. Консулын газруудыг нэг шалгаж, цаашид гадаад яамны мэргэжлийн шалгуурыг тавьж, томилдог байх шаардлагыг Засгийн газарт өгмөөр байна” гэв.
Хуралдаан үргэлжилж байна.
URL: