Ц.Элбэгдоржийн Ерөнхийлөгч Х.Баттулгатай хийх “дайн” АН-ыг сэргээх үү, сөхрүүлэх үү

16033749805f918f842844e

Монгол Улсын Ерөнхийлөгчөөр 8 жил ажилласнаас хойш улс төрөөс түр холдоод байсан. Холдох ч гэж “хөшигний ард” байсан Ц.Элбэгдорж эргэж ирлээ. Тэр өчигдөр АН-ын гишүүнчлэлээ сэргээсэн. Хуулиараа Ерөнхийлөгч аль ч намын гишүүн байх ёсгүй. Тэр утгаараа АН-ын гишүүнчлэлээ түдгэлзүүлээд байсан юм. Өнгөрсөн хугацаанд тэр эргэж ирэхээ ил, далдаар зарласан. Хүмүүсийн сонирхлыг маш их татаж, Ц.Элбэгдорж гишүүнчлэлээ хэзээ сэргээх вэ гэдэг хүлээлт үүсгэснийхээ дараа ийнхүү АН-д эргэж ирэв. “Ямар нэгэн бодлоор АН-ын гишүүнчлэлээ сэргээж байгаа юм ерөөсөө байхгүй. Намын шинэчлэлийг орчин үеийн чиг хандлагад нь нийцүүлж хийнэ. Туг болоод явчих хүнгүй учраас АН-ын гишүүд шинэчлэлээ сайн хийлгүй, гэр гэртээ хараад сууж байна. Зөв үзэл санааг гаргаад, зөв зүйлийг хийвэл АН-ын гишүүд бүгдээрээ л босоод ирнэ” гэх мэтээр ярьсан. Харин тэр эргэж ирснээр нэр хүнд нь уначихаад байгаа АН-ыг өргөж босгох уу.  Эсвэл одоо АН-д нөлөөллөө тогтоочихоод байгаа Ерөнхийлөгч Х.Баттулгатай хийх “дайн” нь улам идэвхжиж, намаа улам сүйтгэх үү гэдэг хоёр асуулт л байна.

Журмын нөхдийнхөө дуудлагаар ирсэн “жанжин” намын даргын төлөөх “тулаан”-д орох уу

Улс төрд гэнэтийн, ямар нэгэн юм бодоогүй гаргадаг шийдвэр гэж байхгүй. Түүнийг олон ч улстөрчид баталсаар байгаа. Тэр дундаа Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж юу ч бодолгүй, намдаа, залуучууддаа, журмын нөхөддөө тусалъя, мөрөөрөө л байя гэж бодож ирэх хүн биш. Түүний твиттер хаягт нэг нөхөр “Надад бол та мөрөөрөө явбал зүгээр санагдаад байгаа юм” хэмээн бичтэл хариуд нь “Мөрөөрөө байх гэж үзсэн” гэж хариу барина билээ. Тэгэхээр мөрөөрөө байхгүй гэдэг нь энэ мэт ая дангаас нь харагдана. Харин түүний эргэж ирсэн эхний зорилго юу байв. Нэгэн цагт АН-ыг Ц.Элбэгдоржийн фракцийнхан атгаж байсан нь үнэн. Харин одоо тэдний нөлөө суларсан, бүр байхгүй болсон гээд хэлчихэд ч зөрсөн болохгүй.  УИХ-ын сонгуулиар АН навс ялагдсан. Харин нэг сонирхолтой зүйл байгаа нь Ерөнхийлөгчийн гэгдэх хүмүүсийн цөөнгүй нь ялалт байгуулаад, УИХ-ын гишүүн болчихлоо. Одоо УИХ дахь АН-ын бүлгийн даргын албыг хэн хашиж байгааг харчихад л бүх зүйл ойлгомжтой.

АН УИХ-ын сонгуульд ялагдсаны дараа Ц.Элбэгдоржийн талын гэгдэх хүмүүсийн ихэнх нь байр сууриа алдсан. Ерөнхийдөө намын удирдлагыг Ерөнхийлөгч Х.Баттулгын талынхан авчихлаа гэхэд болно. Гэхдээ АН одоохондоо албан ёсоор даргаа сонгоогүй байгаа. Арваннэгдүгээр сард АН Их хурлаа хийх сураг гарсан. Тэр хурлаар намын даргыг сунгаагаар сонгодог журмыг өөрчлөх төлөв байгаа талаар АН-ын гишүүд яриад байгаа. Ердөө 7, 8-хан хоногийн дараа арваннэгдүгээр сар гарлаа. Яг энэ үед Ц.Элбэгдорж эргэж ирж байгаа нь цаана нэг учиртай л байж таарна. Магадгүй түүнийг АН-д байр сууриа алдсан, “лааз өшиглөж” яваа “цэрэг”-үүд нь дуудсан ч байж болох.  Түүний эхний зорилго нь АН-ын даргын төлөө өрсөлдөх байвал яана. Угаасаа тэр АН-д нэгэнт нөлөөллөө тогтоосон Ерөнхийлөгч Х.Баттулгатай “тулалдах”-ын тулд жирийн л нэг гишүүнээс илүүтэй удирдлагын түвшинд очихоос өөр сонголт байхгүй. Эрх мэдэлтэй байж гэмээнэ эн тэнцүү тулаан өрнөнө.  Тэгээд ч Ц.Элбэгдоржид шийдсэн мэх хийх тамир үлдсэн, нөлөөтэй улстөрч. Намын даргын төлөө заалнаас нэрээ дэвшүүлэхэд гарчих зэргийн чансаа түүнд одоохондоо байгаа.

Ц.Элбэгдоржийн удаах “тулаан” Х.Баттулгыг сөрөх 

 АН-д шинэчлэл хэрэгтэй юу. Энэ намд аврагчийн дүрээр ирэх хэн нэгэн дутагдаад байна уу гэдэг асуултад хариулахад хэцүү байна. УИХ-ын сонгуульд цөм ялагдсаныг нь харахаар шинэчлэл, аврагч, лидер хэрэгтэй юм шиг. Орон нутгийн сонгуульд Ерөнхийлөгч Х.Баттулга жаахан ач холбогдол өгөөд оролцоход орон нутагт түүхэндээ авч байгаагүй том ялалтыг авлаа. Үүний дараа Ерөнхийлөгч Х.Баттулгын нөлөөлөл АН-д бүр ч хүчтэй тогтож эхлэв. Яг энэ үед Ц.Элбэгдорж тэсэлгүй шинэчлэл, өөрчлөлт ярьж гарч ирж байгаа нь санаандгүй давхцал яав ч биш. Тэр хэлсэн амандаа хүрэх гэж эргэж ирж байгаа гэвэл илүү байгаа оносон хардалт ч байж болох юм.  Гадаад яваад, хагас жил хуралд суусан Ерөнхийлөгч асан өнгөрсөн дөрөвдүгээр сард тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирсэн дээ. Яг тэр үедээ “Хэрэв Халтмаагийн Баттулга Ерөнхийлөгчийн дараагийн сонгуульд дахин нэр дэвшвэл би түүнийг сөрж өрсөлдөх болно” хэмээн мэдэгдэж байлаа.

Түүнд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломж бол онолын хувьд бий. Тэгэхийн тулд нам дотроо байр сууриа баталгаажуулах л шаардлага байгаа. Үндсэндээ Ерөнхийлөгч Х.Баттулгын нэр дэвших боломжийг хааж, өөрөө авах арга хэрэгтэй гэсэн үг. Өчигдөр түүнээс Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх үү гэж олон сэтгүүлч асуусан. “Эх орон дуудвал босоод очно” гэсэн хариулт өгнө билээ. Энэ бол боломж нь гарвал, манай фракци нам дотор эрх мэдлээ эргүүлж авбал өрсөлдөнө гэж хэлж байгаагаас нэг их хол зөрөхгүй. Хэрвээ тэр үнэхээр намдаа тусалж, залуучууддаа зөвлөж, лидерийн хувьд манлайлагч болоод, жирийн гишүүний хувиар ажиллах зорилготой байсан бол “Эх орон дуудвал босоод очно” гэсэн уран үг урсгаад зогсож байх билээ. Тэгэхээр түүний хэтийн зорилго нь Х.Баттулгыг л сөрөх байж таарах нь ойлгомжтой. Өөрөө нэр дэвших гэж улайрахгүй ч байж болно. Зүгээр л АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд ч Х.Баттулгаас өөр хүн нэр дэвшүүлэхийн төлөө ажиллахад л сөрнө гэж хэлсэн амандаа хүрч буй хэрэг. Бүр цаашлаад Ц.Эллбэгдорж хэнтэй, ямар тохироо хийсэн юм билээ гэдэг хардлага гарч ирэх гээд байна. АН-ын Их хурал, даргын төлөөх өрсөлдөөн л их зүйлийг шийдэх нь дээ.


URL: