“Шинэ гүрэн” хорооллын захиалагчид байрандаа орж чадалгүй 3 жил хохирч явна

ббббббб-Энэхүү “Шинэ гарц” ХХК-ийн захирал нь “Ноёд констракшн” ХХК-ийн захирал С.Билэгтийн төрсөн хүү н.Бадамрагчаагийн компани байгаа нь иргэдэд орон сууцны төлбөрт төлсөн мөнгөө залилуулах вий гэсэн болгоомжлолыг төрүүлж байгаа юм байна-

Гэр хорооллыг барилгажуулах Засгийн газрын бодлого барилгын салбарт өрсөлдөгч компаниудыг төрүүлж байгаа боловч орон сууцны хороолол барих нэрээр бусдыг залилан мэхлэгчид ч энэ салбарт цөөнгүй төрж, орон байртай болох гэсэн иргэдийн хөрөнгийг залилж байна.

Өчигдөр mass.mn сайт орон сууцны маргаантай холбоотой нэгэн шууд мэдээллийг цацсан нь “Шинэ гарц” хэмээх компанитай холбоотой иргэдийн гомдол байсан юм. Тус компани 2016 онд БЗД-ийн 5 дугаар хорооны нутагт “Шинэ гүрэн” нэртэй хороолол барихаар иргэдээс захиалга авч эхэлжээ. “Шинэ гарц” компани орон сууцаа 2017 оны 4-р улиралд багтаан ашиглалтад оруулна гэж амласны дагуу 81 өрх гэрээ хийж 1 м/кв талбайн хөлсийг нэг сая төгрөгөөр тооцон 70-100 хувь мөнгөө төлжээ. Гэвч “Шинэ гүрэн” хороолол ашиглалтад орсонгүй.

Амласан ёсоор 2017 оны 4 дүгээр улирал нь хойшилж, 2018, 2019 оны 4 дүгээр улирал ч өнгөрч, 2020 оны 4 дүгээр улирал буюу дөрөв дэх жилийн нүүр үзсэн ч ашиглалтад ороогүй учраас захиалга өгсөн 81 айлын эзэд нэгдэн гомдол гаргаж, компанийн удирдлагуудад шаардах бичиг хүргүүлжээ. Компанийн удирдлагууд барилга яагаад ашиглалтад ороогүй байгаа талаараа ямар нэгэн тайлбар өгөхгүй байгаа. Барилга нь баригдаж, дотоод засал нь хийгдэж байна, одоо 40-50 сая төгрөгийн ажил үлдчихсэн байгаа гэж инженер нь хэлсэн ч төслийн дагуу баригдсан А блок 4 жил гацсанд иргэд гайхаж байна.

Байраа хүлээсэн иргэд түрээсийн байранд амьдарч, эдийн засгаараа хохирч байгаа бол тэдний дунд ганц бие байхдаа захиалга өгсөн залуу эхнэр авч, хоёр хүүхэдтэй болчихсон яваа нэгэн ч бий аж. Өнгөрсөн зун, долдугаар сард тус компанийн барилга дээр өргөгч кран унаж, хоёр хүний амь нас хохирсон байгаа. Гэвч тус компани асуудлыг нам дарж өнгөрөөсөн бөгөөд орон сууц ашиглалтад орохгүй бол захиалгаа буцааж, мөнгөө авъя гэсэн иргэдийн хүсэлтийг ч хүлээж авахгүй байгаа гэнэ. Энэхүү “Шинэ гарц” ХХК-ийн захирал нь “Ноёд констракшн” ХХК-ийн захирал С.Билэгтийн төрсөн хүү н.Бадамрагчаагийн компани юм байна. С.Билэгт болон Г.Буяндорж нарын хооронд эд хөрөнгийг маргаан олон жил дамжин яригдаж, хуулийн байгууллагад шалгагдаж байгаа бөгөөд өнгөрсөн долдугаар сард ЦЕГ-ын Мөрдөн байцаах алба “Ноёд констракшн” ХХК-ийн захирал С.Билэгтэд холбогдох хэргийг сэргээн шалгаж эхэлжээ.

С.Билэгтэд холбогдох хэргийг “Ноёд” группийн Ерөнхий захирал Г.Буяндоржийн гомдлоор сэргээсэн бөгөөд Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс Ажлын хэсэг байгуулж, Нийслэлийн Прокурорын газраас хяналт тавьж байгаа юм.

Тиймээс “Шинэ гарц” компанийн захирал н.Бадамрагчаа болон түүний ээж “Ноёд констракшн” компанийг залилан авсан байж болзошгүй хэрэгт шалгагдаж байгаа С.Билэгт нарт итгэх захиалагчдын итгэл буурчээ. Өөрөөр хэлбэл “Ноёд констракшн” компанийн хөрөнгө “Шинэ гарц” компани руу шилжсэн байж магадгүй гэж захиалагчид болгоомжилж эхэлжээ.

https://updown.mn/132086.html


URL: