Циркчид бөхийн өргөөнд тоглолтоо хийнэ

712-1603156089циркМонгол Улсад циркийн урлаг хөгжөөд 80 жилийн ойтойгоо золгосон. Циркчдийн урдаа барьдаг “Аса” цирк өнгөрсөн долоодугаар сараас хойш засвартай, хаалттай байгаа. Аргаа барсан циркийн сургуулийнхан ойн баярын тоглолтоо асарт зохион байгуулсныг уншигчид санаж буй биз. “Аса” циркийн засварын ажил ирэх сарын 15-нд дуусна гэдгийг сүмогийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж сошиал хуудсаар дамжуулан хэлж байв.

Циркчид шинэчлэгдэн сайжирсан, орчин үеийн стандартад нийцсэн цирк хүлээсээр. Тэгвэл дэлхий дахинд нэр алдраа цуурайтуулж яваа шилдгүүд “Аса” циркийг ашиглалтад орохыг хүлээхийг хүссэнгүй. Тэд “Diamond Circus” нэртэй тоглолтоо энэ сарын 31, ирэх сарын 1-нд Монгол бөхийн өргөөнд зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа оржээ. Олон улсад танигдсан хүч чадлын үзүүлбэр, агаарын акробат, аварга могойн тоглолт, монгол циркчдийн дархлаа болсон уран нугаралт зэрэг дэлхийн томоохон наадмаас шагнал хүртэж байсан үзүүлбэрээр монгол үзэгчдийнхээ “цангаа”-г тайлах гэнэ. Тоглолтын тасалбарын үнэ 20 мянган төгрөг ажээ.
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин

URL: