“Хүүхдээ хашраах зорилгоор орцонд гаргасан” гэж мэдүүлжээ

16030771065f8d03f21580a

Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Алтай хотхон”-ы байранд бага насны хүүхдийг орцонд нүцгэн байдалтай гарган зогсоосон зураг өчигдөр цахим хуудаснаа цацагдсан. Тодруулбал, тус хотхоны оршин суугч эмэгтэй байрныхаа группт “Хүүхдээ орцонд гаргаад уйлуулаад зогсоочихсон энэ айлыг яах вэ. Хандах газар байна уу” хэмээн бичжээ.

Тэгвэл уг асуудлыг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс, ЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, Хүүхэд гэр бүл хөгжлийн газраас шалгаж байгаа аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар урьдчилсан байдлаар эцэг эх нь “Хүүхдээ хашраах зорилгоор орцонд гаргасан” гэж мэдүүлжээ.

Гэхдээ цагдаагийн байгууллага уг асуудлыг шалгаж, ямар учраас, ямар зорилгоор яах гэж хүүхдээ нүцгэн орцонд гаргасан, хүчирхийлэл үйлдэгдэж байсан эсэх зэрэг бүх зүйлийг шалгаж тогтоох юм байна.

Ямарч нөхцөл байдал тогтоогдсон бай хүүхдээ нүцгэн орцонд гаргасан нь байж болохгүй үйлдэл бөгөөд энэ нь ч өөрөө гэр бүлийн хүчирхийллийн төрөлд орно гэдгийг албаны эх сурвалж мэдээлж байна.

Энэ талаар бид эргэн мэдээлэх болно.


URL: