Х.Баттулга: Сонгуулиа идэвхтэй өгч, өөрчлөлтийг хийе

 a143ff5f58cc7eacd7ffa45745872a9f

Орон нутгийн ээлжит сонгуулийн санал хураалт үргэлжилж байгаа билээ. Өдөр 11, 12 цагийн орчимд УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар саналаа өгсөн. Тэгвэл Ерөнхийлөгч Х.Баттулга 15:00 цагт Баянзүрх дүүргийн 25-1-2 хэсгийн санал авах байр буюу 48 дугаар сургуульд очиж, саналаа өглөө.

Саналаа өгснийхөө талаа дараа тэрбээр “Орон нутгийн сонгууль маш чухал. Яагаад гэвэл тухайн орон нутагт байгаа иргэд нутгийн өөрөө удирдах байгууллагын дарга нараа сонгодог учраас чухал юм. Өнөөдөр 15:00 цагийн байдлаар нийт сонгогчдын ирц 35 хувьтай байна. Энэ бол ирц бага байна гэсэн үг. Залуучууд маань сонгуульдаа идэвхтэй оролцоорой. Сонгуулиа өгөөгүй иргэд ч гэсэн эрх, үүргээ биелүүлэх хэрэгтэй байна. Сонгуульд оролцоогүй, эрх, үүргээ биелүүлээгүй байж дараа нь хариуцлага нэхэхээр уялдаагүй болчихоод байна.

Жишээлбэл, хүүхэд зөөх сургуулийн шар автобус худалдаж авсан үнийг харьцуулаад, маргаан гараад байна. Хэрвээ нийслэлд олон намын төлөөлөл ажиллаж, хяналт сайтай байсан бол энэ мэт маргаан гарахгүй. Тийм учраас өөрчлөлтийг сонгуулиар хийдэг ардчиллын алтан зарчмаа барьж, сонгуулиар идэвхтэй өгч, өөрчлөлтийг хийх хэрэгтэй байна” хэмээлээ.


URL: