Вакцин цар тахлыг зогсоож чадахгүй
Цар тахлыг арилгах цорын ганц шийдэл нь вакцин гэдэгт дэлхий нийт санал нэгдэж, “COVID-19”-ийн эсрэг вакцин боловсруулах улс орнуудын өрсөлдөөн улам бүр эрчимжиж байна. Зарим эрдэм шинжилгээний байгууллага, үндэстэн дамнасан эм зүй, био компаниуд гуравдугаар шатны клиник туршилтаа эхлүүлээд байгаа юм. “Нью-Йорк Таймс” сонинд мэдээлснээр, АНУ-ын Пфайзер, “AstraZeneca” болон Их Британийн Оксфордын их сургууль, Герман дахь “Biologics”, “Sinovac Biotech”, Хятадын “Wuhan Biological Products Institute”, “Sinopharm Group”, ОХУ-ын Гамалеягийн эрдэм шинжилгээний хүрээлэн, Австралийн Мердок судалгааны төв нь вакцины клиник туршилтын гуравдугаар шатаа эхлүүлээд байна. Тэдгээрийн дотроос “AstraZeneca” судалгаанд оролцогчийн бие нь тавгүйрхсэн тул туршилтаа түр зогсоосон. Тус компанийн вакциныг дэлхий даяар вирусийн эсрэг хамгийн сайн нөлөөтэй нь төдийгүй удахгүй хэрэглээнд нэвтэрнэ гэсэн хүлээлттэй байсан юм. Оксфордын их сургуулийн долоодугаар сард хийсэн эмнэлзүйн анхны туршилтад 1077 хүн хамрагдсан бөгөөд бие махбодод хамгаалалтын саармагжуулагч эсрэг биет болон дархлааны эсүүд нэмэгдсэн нь батлагдсан.АНУ-д эм зүй, био үйлдвэрлэдэг компаниуд мөн вакцин үйлдвэрлэх өрсөлдөөнөө түргэсгэж байна. Өнгөрсөн долоодугаар сард “Moderna” бүтээсэн mRNA-1273 вакциныхаа эмнэлзүйн эхний үе шатны туршилтын үр дүнг “New England Journal of Medicine” сэтгүүлд нийтэлж байв. Тухайн үед нэгдүгээр шатны клиник туршилтад оролцсон 45 оролцогч бүгд эсрэг бие үүсгэсэн гэдгийг онцолж байв. Хятад, Орос мөн АНУ, Их Британийн компаниуд өөрсдийн вакцинаа түрүүлж хэрэглээнд нэвтрүүлэхэд ихээхэн анхаарч байна. Орос өнгөрсөн сараас эхлэн Гамалеягийн эпидемиологи, 1 микробиологийн хүрээлэнд боловсруулж буй вакцины Sputnik V-ийн клиник гуравдугаар үе шатны туршилтыг эхлүүлээд байгаа. Ерөнхийдөө вакцины хөгжил нь хоёроос 10 жилийн хугацаанд үргэлжилдэг гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна. Учир нь, гуравдугаар шатны туршилтын аюулгүй байдал, үр ашгийг баталгаажуулахын тулд олон мянган судалгаа шаарддаг. Энэ шалтгааны улмаас улс орнууд эмийн үйлдвэрүүдийг дэмжиж, журмыг хөнгөвчлөх замаар вакцин хөгжүүлэх хугацааг багасгах арга хэмжээ авч байна.
Вакциныг хурдан гаргахын тулд АНУ-ын Хүнс, эмийн захиргаа буюу FDA өмнө нь баримталдаг байсан стандартаа бууруулсан. Гэхдээ энэ ондоо багтааж вакцинаа хэрэглээнд нэвтрүүлэхээр зорьж буй компаниуд ч бий. Эмнэлзүйн гуравдугаар шатны туршилт хийхэд зарцуулах хугацаа богино буюу гурваас зургаан сар болно гэж үзвэл энэ ондоо багтаан хэрэглээнд нэвтрүүлэх боломжтой юм.
Гэсэн хэдий ч шинжээчдийн үзэж байгаагаар вакцины хөгжил амжилтад хүрэх магадлал маш бага бөгөөд зах зээлд гарахад удаан хугацаа шаардагдахаар байгаа аж. Сөүл дэх Солонгосын их сургуулийн халдварт өвчин судпалын профессор Ким Ким Жу “Шинжээчдийн тайлангаас харвал дөнгөж долоон хувь нь шинэ халдварт өвчний эсрэг вакцин боловсруулж чадсан. Ихэнх нь клиник туршилтын гуравдугаар шатанд хүрсэн хэдий ч төдийлөн амжилттай бус байгаа юм. Хэдийгээр нэг хоёрдугаар шатанд нас барсан тохиолдол бүртгэгдээгүй шинэ эмийн аюулгүй байдал, үр нөлөө нь батлагдсан байх ёстой” гэдгийг онцолжээ. Вакцин боловсруулсан коронавирусээс урьдчилан сэргийлэх бодит нөлөө нь багатай байж магадгүй бөгөөд энэ нь цар тахлыг зогсоох баталгаа болж чадахгүй гэж мэргэжилтнүүд үзэж байна. “Вирус цаашид бүрэн тархахаас урьдчилан сэргийлэх эсвэл нас баралтыг бууруулахад вакцинд найдна гэдэг хэцүү” гэж Сөүлийн их сургуулийн эмнэлгийн халдварт өвчний нэрт эмч О.Мён Дон ононцолжээ.
Ц.Даваасамбуу
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин
URL: