Ж.Алдаржавхлангийн зогсоосон газрын наймаа энэ үү?!

712-160245782610-12-4-(1)Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо Удирдлагын академийн хойд талын их жанжин Сүхбаатарын хөшөөтэй нийтийн эзэмшлийн талбай нэг компанийн мэдэлд очоод байгаа юм. Иргэдийн амарч зугаалдаг талбай дээр  “Хурд”, “Билиг” компаниуд үйлчилгээний зориулалттай орон сууцны барилга эхлүүлснийг “Академи” хотхоны оршин суугчид эсэргүүцэж дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхланд хандаж байжээ. Харин Ж.Алдаржавхлан “Удирдлагын академийн хойд талын ногоон байгууламж бүхий газрын гэрчилгээг цуцалж, барилгын ажлыг зогсоох албан бичгийг Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгаланд өгсөн. Газрын гэрчилгээг хүчингүй болбол дүүргийн зүгээс тохижилт, ногоон байгууламж барьж иргэдийн ая тухтай, аюулгүй амьдрах нөхцлийг бүрдүүлнэ” гэдгээ оршин суугчдад бичгээр ирүүлсэн байдаг. Тодруулбал, Ж.Алдаржавхлан “Хурд”, “Билиг” компанийн газрыг эрхийг цуцалж, барилгыг зогсоох хүсэлтийг Хотын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгаланд өнгөрсөн наймдугаар сарын 31-нд явуулсан тухайгаа есдүгээр сарын 17-нд оршин суугчдад ирүүлсэн бичигтээ дурджээ. Гэтэл өнөөдрийг хүртэл газрын эрхийн цуцлах нь битгий хэл 24 цагаар барилгын ажил үргэлжилж  байна.

“Хурд” компанийн машин зам дамнуулан зоосон том шар кран түүгээр зорчиж буй автомашин, явган хүмүүсийн толгой дээгүүр эргэлдэж байна. Мөн байсхийгээд зам хааж түгжрүүлж байгаад барилгын материалаа татна. Мэргэжлийн хяналтын байгууллага иргэдийн амь насанд аюул учирлаа гэсэн хэвлэл мэдээллийнхний шахалт шаардлагаар аргагүйн эрхэнд үйл ажиллагааг нь зогсоосон ч тоосонгүй. Хяналтын байгууллагад бичиг баримтаа шалгуулахгүй үл тоож буцаачихаад кранаа ажиллуулж эхэлжээ.
Харин ХУД-ийн Засаг дарга Ж.Алдаржавхлан НИТХ-ын сонгуулийн 18 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшиж байгаа. Тэрээр УИХ-ын сонгуулийн үеэр ч, орон нутгийн сонгуульд ч гол пиараа хууль бус газар олголттой тэмцсэн нэрээр дүүргийнхээ иргэдийг сэнхрүүлж явна. Ж.Алдаржавхлангийн сонгуулийн штабаас гаргасан сонин, сэтгүүлд Хан-Уул дүүрэгт замбараагүй газар олголт, газрын наймааг таслан зогсоосон онцлох ажлын тоонд “18 дугаар хороо Удирдлагын академийн хойн Сүхбаатарын хөшөө орчмын газар” гэж бичжээ. Өөрөө ч энэ тухай ярилцлагадаа дурдсан байна лээ. Үнэхээр энэ хэсгийн газрыг чөлөөлж ногоон байгууламж хэвээр нь үлдээж чадсан бол дүүргийн оршин суугчид түүнд алга ташихаас аргагүй. Гэтэл бүтээгүй ажлыг бүтсэн, хүч хүрээгүй ээ хэрэгжсэн мэтээр олон нийтийг хуурч яваа нь харамсалтай. Ж.Алдаржавхлан бүхэл бүтэн дүүрэг удирдаж яваа хүний хувиар 4000-5000 иргэн, хүүхэд, хөгшдийн амарч зугаалах эрх ашгийг хамгаалах гэж байгаа бол Удирдлагын академийн хойд Сүхбаатарын хөшөө орчмын газрыг чөлөөлөхийн тулд Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгаланг шахаж ажиллах хугацаа хангалттай байлаа.
С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

URL: