Ким Жон Ун ард түмнээсээ уучлалт гуйжээ

1_bӨнгөрсөн бямба гариг буюу 10 дугаар сарын 10-ны өдөр Солонгосын Хөдөлмөрийн нам байгуулагдсаны 75 жилийн ой тохиож, БНАСАУ өргөн хэмжээний парад зохион байгуулсан талаарх мэдээллийг олон улсын мэдээллийн агентлагуудаар дамжуулж байлаа. Энэ үеэр Хойд Солонгосын зэвсэг техникээс гадна удирдагч Ким Жон Уны хэлсэн үг олны анхаарлыг ихээр татжээ.

Вести агентлагийн дамжуулснаар Ким Жон Ун Хөдөлмөрийн намын 75 жилийн ойд зориулсан парад дээр үг хэлэхдээ “хангалттай сайн” удирдагч биш байсныхаа төлөө уучлалт гуйж, иргэдийнхээ итгэлийг “өөрийн амь насны үнээр ч хамаагүй” хамгаална хэмээн мэдэгдсэн байна.

“Нөхөд өө, би үргэлж л иргэдийнхээ тэнгэр шиг их, далай шиг өргөн итгэлийг авч байсан. Гэхдээ үүний хариуг зохих ёсоор өгч байсангүй. Үүнийг зөвтгөх аргагүй юм. Хэдийгээр би агуу удирдагч Ким Ир Сен болон агуу жанжин Ким Чен Ирийн үйл хэргийг хүлээн авч, улс орноо удирдах хүндхэн хариуцлагыг үүрч байгаа ч надад хүчин чармайлт хангалтгүй байна. Тиймээс л манай иргэд өдөр тутмын амьдралын хүнд бэрхшээлүүдээс салж чадахгүй байгаа юм” хэмээн Ким Жон Ун мэдэгдээд ард түмний итгэл бол түүний хувьд нэр төрийн хэрэг хэмээн онцолжээ.

Түүнчлэн тэрбээр Хөдөлмөрийн намын 75 жилийн түүхийг эргэн харсан энэ өдөр ард түмэндээ хандан хэлэх үгээ удаан бодсон ч одоо хэлэх цорын ганц үг нь “баярлалаа” гэсэн үг хэмээсэн байна.

Мөн хар салхины улмаас ихээхэн хохирол амссан Хойд Солонгосын хойд нутгуудыг сэргээн босгох ажил болон БНАСАУ-руу коронавирусийн халдвар нэвтрүүлэхгүй байхтай тэмцэх ажлын явцад “олон хүндрэлтэй” нүүр тулсан  Хойд Солонгосын армийн цэргүүдээс ч уучлалт гуйжээ.

“Би тэдэнтэй /цэргүүдтэй/ хамт байж чадахгүй байгаа нь надад маш харамсалтай, мөн зүрх өвдөж байна” хэмээн Ким Жон Ун мэдэгдсэн байна.

Бямба гаригт болсон парад дээр Ким Жон Унаас гадна түүний дүү Ким Ё Жон, Төрийн зөвлөлийн орлогч дарга Пак Пон Жу, Ардын дээд хурлын тэргүүлэгчдийн даргын нэгдүгээр орлогч Чхве Рён Хэ,  Ерөнхий сайд Ким Чжэ Рён болон бусад албаны этгээдүүд байлцсан байна. Парадын үеэр шинэ зэвсэг танилцуулж, цэргийн анги нэгтгэлүүд жагсан, цэргийн найрал хөгжим тогложээ.

http://www.shuud.mn/a/523329


URL: