“Саруул хотхон”-ы 11 давхараас 31 настай эмэгтэй унаж амиа алджээ

16020461245f7d48ace7fa4

Энэ сарын 5-ны өдөр өглөөний 04.00 цагт Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт эмэгтэй хүн өндрөөс унаж нас барсан гэмт хэргийн дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Дуудлагын дагуу цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Тодруулбал, тус хороонд байрлах “Саруул хотхон”-ы 11 давхараас 31 настай эмэгтэй унаж амиа насаа алджээ.

Шалгалтаар урьдчилсан байдлаар талийгаач ам бүл хоёр, ээжийн хамт тухайн хаяг нь дээрээ оршин суудаг байжээ. Хэвлэлээр мэдээлсэн шиг гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Харин ээж нь ажлаас болж сүүлийн долоо хоног сэтгэл санааны хүнд байдалтай байсан гэж мэдүүлжээ. Тиймээс ажил дээрээ ямар нэгэн дарамт шахалт байсан хэмээн хардаж байгаа аж. Талийгаач охин нэгэн хувийн компанид орчуулагч хийдэг байжээ. Хэргийг цагдаагийн байгууллага үргэлжлүүлэн шалгаж байна.

Өмнө нь “Саруул” хотхонд хэд хэдэн хэрэг гарч байсан. Тодруулбал, өндрөөс үсэрч амиа хорлосон, эгчийгээ хөнөөгөөд шатаасан гэх мэт аймшигт хэргүүд үйлдэгдэж байсан билээ.

Тухайлбал, 2020 оны наймдугаар сарын 3-ны өдрийн 21.48 цагт Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрийн байрнаас гал гарч, цонхоор хүн унаж нас барлаа гэсэн дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн. Хэргийн газарт үзлэг хийхэд гал гарсан айлд 46 настай эмэгтэй нас барсан, 23 настай эрэгтэй өндрөөс унаж нас барсан байдалтай байсан юм.  Уг хэргийг дүүргийн цагдаагийн хэлтэс дээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгаж буй билээ.


URL: