Ж.Батбаясгалан амиа бодоод намаа хорлов

712-1602025425119735745_261412078298559_2832373888058089911_n_20200917061515

МАН-ын удирдах албан тушаалтнуудын дунд нэг моод дэлгэрээд байна.  Том дуугарч хүн загнадаг, ажлаа хийж чадахгүй бол яв, зайл гэж хөөдөг ийм моод.  Үүнийгээ тэд олон нийтээс оноо авах арга, тактик гэж андуураад байгаа бололтой.  Хамгийн сүүлд гэхэд энэ аргыг Хотын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан  хэрэглээд бүтэлгүйтэв.  Өнгөрсөн даваа гаригт болсон Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн дээр Ж.Батбаясгалан нэлээд бухимдалтай харагдав.   Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга нарт хариуцлага тооцно гэдгээ мэдэгдсэн.  Мөн агентлагийн дарга нараа сонгуулийн үеэр ажлаа хаяаад алга боллоо гэж загнав. Орон нутгийн ээлжит сонгууль болж байгаа энэ үед хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж ажиллах шаардлагатай гэж мэдэгдлээ.  Өөрөөр хэлбэл, Ж.Батбаясгалан агентлагийн дарга нараа сонгуулийн хууль зөрчиж сурталчилгаанд явж байгааг илчлэв.

Тэрээр амиа бодож, олон нийтээс оноо авах гэж байгаад намаа хорлов. Хуулиараа бол төрийн албан хаагчдыг сонгуульд дайчилсан нам хариуцлага хүлээх ёстой.  Нийслэлийн МАН орон нутгийн сонгуульд оролцох эсэх нь ч эргэлзээтэй болно гэсэн үг.  Үүнийг ч Ж.Батбаясгалан нь илчилж  өглөө.  Хурлын үеэр сонгуульд дайчлагдсан албан тушаалтнуудаа ч нэрлэв.
Тухайлбал,  Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Нарантуяа, Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч  О.Мөнгөншагай,  Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх, Архивын газрын дарга, Нийслэлийн газрын албаны дарга А.Энхманлай, Дотоод аудитын газрын дарга Я.Сарансүх, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун, Соёл урлагийн газрын дарга Ч.Бат-Эрдэнэ, Нийслэлийн татварын газрын дарга,  Нийтийн тээврийн үйлчилгээний газрын дарга, Худалдан авах ажиллагааны газрын дарга Э.Болормаа,  Нийслэлийн орон сууцны корпорацийн дарга , Хот тохижилтын газрын дарга нар хуралдаа ирээгүй байна.
Мөн 2020 оны НИТХ-д Сүхбаатар дүүрэгт нэр дэвшиж байгаа  М.Халиунбат,  Нийслэлийн Засаг даргын дэргэдэх төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал нарыг хууль зөрчин сонгуулийн ажлаа хийж яваа гэв.  Түүнчлэн Баянгол, Багануур, Налайх,  Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн Засаг дарга нар бүгд сонгуульд өрсөлдөж байгаа учраас хуралдаа ирсэнгүй гэдгийг  Ж.Батбаясгалан хэлсэн.  Тэдэнд хариуцлага тооцно гэдгээ ч мэдэгдээд байна. Ж.Батбаясгалан амиа бодоод намаа хорлов уу.
Т.Сайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

URL: