Японы дэлгүүрүүд робот ашиглаж эхэлжээ
Япон улс нь хүн амын дундах өндөр настнуудын тоогоор хамгийн дээр бичигддэг орон. Түүний улмаас тус улсад хөдөлмөр эрхлэгчдийн хомстол үүсээд байна. Хүн амынх нь бараг гуравны нэг хувь нь 65 ба түүнээс дээш настай тул ажилтан олдоход бэрхшээлтэй байдаг.
Японы хамгийн том сүлжээ дэлгүүр болох “FamilyMart”, “Lawson” зэрэг дэлгүүрүүд технологийн шийдэл ашиглах нь улам бүр нэмэгдэж байна.
Өнгөрсөн сард роботуудыг дэлгүүртээ туршиж үзсэн “FamilyMart” 2022 он гэхэд 20 дэлгүүртээ ийм робот байрлуулахаар төлөвлөж байгаа бол энэ долоо хоногт “Lawson” анхны роботыг Токио дахь дэлгүүртээ байрлуулжээ.
Дээрх хоёр сүлжээ дэлгүүрт Японы “Telexistence” компаний бүтээсэн “Model-T” роботыг байрлуулсан байна. Камер, микрофон, мэдрэгчээр тоноглогдсон энэхүү робот нь дугуйн суурьтай ба дээш сунгахад 213 см өндөр болдог аж. Роботын гар тус бүр нь 3 хуруутай бөгөөд үүнийгээ ашиглан савласан ундаа, лааз болон будааны аяга зэрэг бүтээгдэхүүнийг тавиур дээр тавих чадвартай.
“Уг робот нь өөр хэлбэр, хэмжээтэй хэд хэдэн объектыг барьж авах болон өөр байршилд байрлуулах чадвар нь “Walmart” дэлгүүрийн тооллого хийдэг, хайрцаг өрдөг роботоос ялгарах онцлог шинж нь юм. Жишээ нь агуулахын роботууд зөвхөн ижил зүйлийг нэг газраас нөгөө газарт байрлуулдаг нь манай роботтой харьцуулахад хөдөлгөөний хувьд хязгаарлагдмал” гэж “Telexistence” компаний бизнесийн хөгжил, үйл ажиллагааны хэлтсийн дарга Матт Комацу “CNN” агентлагт мэдээлжээ.
URL: