“Forbes” хамгийн өндөр орлоготой эмэгтэй жүжигчдийг жагсаажээ
МОСКВА. /TASS/. “Modern Family” инээдмийн цувралд бүтээсэн дүрээрээ алдартай Колумбын жүжигчин София Вергара “Forbes” сэтгүүлээс гаргасан хамгийн өндөр орлоготой жүжигчдийн жагсаалтыг тэргүүлжээ.
Өдгөө 48 настай жүжигчин Вергара жилийн дотор 43 сая ам.долларын ашиг олжээ. Түүнчлэн тэрбээр “America’s Got Talent” шоуны улирал бүрээс 10 сая ам.доллар олжээ. Шоунд тэрбээр шүүгчдийн бүрэлдэхүүнд багтсан юм.
Жагсаалтын хоёрдугаарт Америкийн жүжигчин Анжелин Жоли 35.5 сая ам.долларын ашиг орлоготойгоор бичигджээ. “Marvel” студийн “The Eternals” кинонд бүтээсэн дүр нь түүний орлогын дийлэнх хэсгийг бүрдүүлсэн байна.
Израилийн жүжигчин Галь Гадот 31.5 сая ам.долларын ашиг орлоготойгоор жагсаалтын гуравдугаарт бичигджээ. Стриминг үйлчилгээ үзүүлэгч “Netflix”-н “Red Notice” киноны зураг авалтаас тэрбээр 20 сая ам.долларын ашиг олсон байна.
Үүнээс гадна жагсаалтад жүжигчин Мелисса Маккарти ($25 млн), Мэрил Стрип ($24 млн), Эмили Блант ($22,5 млн), Николь Кидман ($22 млн), Эллен Помпео ($19 млн), Элизабет Мосс ($16 млн), Виола Дэвис ($15,5 млн) нар багтжээ.
https://montsame.mn/mn/read/238422
URL: