Монгол дахь нууцлаг хот буюу орхигдсон “Мардай” хот
Дорнод аймгийн төв Чойбалсан хотоос чанх хойшоо 130 км газарт социалист нийгмийн үед нэгэн онц, нууц зэрэглэлийн бүс оршин байсан нь Мардайн ураны орд буюу “Эрдэс хотхон байлаа.
Газрын зураг дээр ч тэмдэглээгүй нууцалсан эл хотхоныг 1983 онд цөмийн бөмбөгөөр газрын хөрснөөс арчих төлөвлөгөө Бээжингийн цэрэг дайны стратегийн хэтийн төлөвлөгөөнд тусган баталсан байсан гэдэг. Мардайн ураны ордыг тойрон баригдсан, зарим нэг тосгоныг бодвол хамаагүй их буюу 8000 гаруй оршин суугчтай боловч газрын зурагт тэмдэглэгдээгүй ийм нэртэй нууцлаг хотхон Дорнод аймагт хорь гаруй жил оршин тогтносон гэдгийг биднээс өмнөх үеийнхэн мэднэ. Залуу үеийнхэн одооноос л дуулж эхэлж байна. Гэхдээ хотхон дотор чухам ямар амьдрал өрнөж байсныг өмнөх үеийнхэн ч, залуу үеийнхэн ч ялгаагүй мэдэхгүй билээ. Ойр хавийн застав, хилийн цэргийн офицерууд хаяа нэвтрэх тохиолдол байсан ч дэлгүүрээр нь орохоос хэтэрдэггүй байсан гэдэг.
Сосновскийн экспедицийн хийсэн судалгааны дүнд тогтоогдсон Мардайн ордын ажилчдыг амьдруулах зорилгоор баригдсан уг хотхонд Москвагаас томилогдсон, тусгай зөвшөөрөлтэй хүмүүс л нэвтрэх эрхтэй байсан гэдэг.Уг ордыг ашиглаж асан ЗXУ нэг ч монгол хүн оруулдаггүй байсан атлаа уг уурхайн тоног төхөөрөмжийг хөрөнгө оруулалтад тооцсон байсан гэдэг. Хэрвээ уурхайг монголчуудыг зааж сурган цаашид ашиглах нөхцөлийг нь бүрдүүлж өгчихөөд явсан бол хөрөнгө оруулалтад тооцож бүрэн болно. Гэтэл уран боловсруулах гэдэг маань хэн дуртайд нь, тэр тусмаа хөршдөө зүгээр л заагаад өгчихдөг технологи биш учир манайх сурах битгий хэл, тосгонд нь ч нэвтрэх эрхгүй байсан хэрэг. Эрдэс хэмээх монгол нэртэй ч орос оршин суугчидтай энэхүү нууцлаг хотод бага насаа өнгөрөөсөн нэгэн эрхмийн дурсамж, тэмдэглэл өмнө минь байна. Энэхүү тэмдэглэл Монгол оронд жинхэнэ “утопи арал гэмээр амьдралтай хот байсан гэдгийг танд дэлгэн харуулах болно.“Би эцэг эхийн хамт 1985 оны тавдугаар сарын сүүлчээр БНМАУ-ын Дорнод аймагт орших Эрдэс хэмээх хотод нүүж ирсэн юм. Бид энд ирэхийг хүсээгүй ч аавын дарга биднийг таван жил амьдрах тушаал өгсөн гэсэн. Аав маань цэргийн хүн учир тушаал зөрчих эрх байхгүй. Гэхдээ цалин нэмэгдэх учир нутагтаа эргэж ирээд дутагдах зүйлгүй сайхан амьдарна гэдгээ ээжийн ярианаас ойлгосон юм. Бидний байрласан Эрдэс хот Монголын зүүн аймагт, Чойбалсан хотоос 100 орчим километр зайтай байрлаж байв. Миний сонссоноор энд 8000 гаруй хүнтэй ч хамгийн дээд тал нь 12 мянган хүн амьдарч байсан гэнэ. Эдний бараг ихэнх нь аавтай адил цэргийн хүмүүс. Тэд ЗXУ-ын өнцөг булан бүрээс ирсэн юм байна. Гүрж, Украин, Беларусь, Казахстан, Узбекистан гээд л зүсэн зүйлийн хүмүүс амьдрах учир надад Эрдэс биш олон үндэсний хот гэж нэрлэвэл илүү зохих юм шиг санагдана. Эрдэс гэж оросоор минерал гэсэн үг. Гэхдээ надад нэр энэ тэрээс илүү амьдрах орчин маань илүү таалагдаж байв. Дэлгүүр нь гэхэд тухайн үеийн Иркутскийн дэлгүүрийг нүүлгээд авчирчихсан юм шиг хэрнээ үнэ нь бас хямдхан гээч. Тэнд байсан гайхалтай сургуульд суралцаж байснаа би хэзээ ч мартахгүй. Орос хэлний тав, уран зохиолын нэг багшийн дунд орос хүн нэг ч байгаагүй гээд бод. Гэхдээ энэ нь надад сайн болсон уу гэхээс муу болоогүй.
Хотхонд “Хуурай хууль үйлчилдэг учир эндхийн дэлгүүрт архи, тэр ч байтугай дарс ч үл худалдана. Харин бүгд спортоор хичээллэдэг байв. Боломж нөхцөл ч сайтай. Хотод байнгын ажиллагаатай дөрвөн том клуб, зургаан талбай байдаг байлаа. Тэндээ зун нь хөлбөмбөг, өвөл нь хоккейгоор хотын аварга шалгаруулна. Харин өсвөр насныхны дунд 1985-1991 оны хооронд каратэ болон бялдаржуулах урлаг хамгийн түгээмэл спорт нь байв. Хичээллэдэггүй хүүхэд бараг байгаагүй дээ. Тийм учраас хотын оршин суугчид бүгд булчинлаг сайхан биетэй байсан. Хотод хувийн машинтай хүн байгаагүй, бараг бүгд унадаг дугуйгаар зорчицгооно. Амралтын өдөр бассейнд сэлж, “Геолог, “Эрдэс гэдэг нэртэй клубт очин кино үздэг байлаа. Тасалбар нь үнэгүй байв. Сүүлд, буцахын өмнө л бэлгэдэл төдий үнэтэй болгосон юм даг. Манай хот мөн хоёр бассейн, хоёр үсчний газартай байсан, үнэ нь мөн л бэлгэдлийн чанартай. Товчхондоо бол тосгонд жинхэнэ социализм оршин тогтнож байсан бөгөөд бүх зүйл элбэг хангалуун, бүгд аз жаргалтай байсан билээ.
Мардайн уурхайд 1984 онд гарсан Зөвлөлтийн хоригдлуудын бослого
Тухайн үед тал бүрээсээ зэвсэглэсэн харуул хамгаалалтаар чанд хүрээлэгдсэн “Эрдэс хотхон 10 мянга гаруй оршин суугчтай, Зөвлөлт Холбоот улсаас эрчим хүч авдаг, цахилгаан тасалдлаа гэхэд хэрэглэх “нөөц станцтай, хүнсний үйлдвэр болон “Эрдэс брэндийн ундаа хүртэл хийдэг жинхэнэ амьдрал буцалсан газар байсан гэдэг. 1981 оноос ураны далд олборлолтоо явуулж эхэлсэн уг хотхоноос 1985 он хүртэл 4 жилийн хугацаанд 400 мянга орчим тонн уран олборлон төмөр замаар Краснокаменскийн уурхайд аваачиж, Приаргуны үйлдвэрт боловсруулж байсан гэдэг. Уурхайн газар доогуур 10 мянган метр урт газар доогуур сүлжилдсэн хонгилын хаа нэгтээ нь тухайн үед ЗХУ-ын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу алах ял сонссон хоригдлуудыг хорьдог шорон байсан бөгөөд ураны уурхайн хортой, хүнд хэсэгт тэднийг ажиллуулан аажмаар үхэлд хүргэж, цааш нь харуулдаг байсан гэдэг билээ. Тухайн үед уг явдлыг маш нууц зэрэглэлд хамааруулж, чанд хадгалдаг байсан учраас “Эрдэс хотхоны оршин суугчид өөрсдөө уурхайн гүнд цаазын ялтай 200 гаруй хоригдол ажилладаг тухай огтхон ч мэддэггүй байжээ. Ураны уурхайн олборлолтод ямар ч хамгаалах баг, хэрэгсэлгүй нүцгэн гараараа ажиллаж байсан цаазын ялтнууд нэг сараас илүү тэсэлгүй үхдэг учраас 2 сард 1 удаа ЗХУ-ын гүнээс битүүмжилсэн хамгаалалттай цуваа ирж, цаазын ял сонссон, шинэ хоригдлуудыг буулгадаг байжээ.
1984 оны хаврын нэг өдөр байнгын хамгаалалттай “Эрдэс хотхоны гадуурх харуул хамгаалалт улам бүр хүчээ нэмэгдүүлэн Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг дахь модтой уулаас гэнэтхэн л хуягт танк бүхий армийн анги салбарууд бууж ирээд Мардайн уурхайг тэр чигээр нь 7 хоног бүслэн хаасан хачирхалтай үйл явдал болжээ. Тэрхүү 7 хоногийн хугацаанд “Эрдэс хотхоноос зүүн тийшээ Чингисийн далангийн өртөөний зүг нэг ч галт тэрэг явсангүй. Уг нь өмнө нь өдөр болгон ураны баяжмал ачсан битүү чингэлгүүд 60-100 вагоноор тасралтгүй цувж байдаг юмсан. Ийнхүү Мардайн маш нууц уурхай гэнэтхэн буутай цэргүүдэд бүслэгдэж, 7 хоног ажлаа зогсоосны учир нь саяхнаас тодорхой боллоо. Тухайн үед уурхайн дотоод харуул хамгаалалтад ажиллаж байсан орос офицерүүдийн зарим нэг нь Владисвостокийн төв хэвлэлүүдэд энэ хачирхалтай түүхийг өгүүлжээ. ЗХУ-ын Коммунист намын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, ЗСБНХУ-ын Дээд зөвлөлийн Тэргүүлэгчдийн дарга Ю.В.Андропов таалал төгссөн яг тэр үед алс холын, бөглүүд Монголын зүүн хязгаар дахь уурхайд алах ял заагдсан онц, аюултай гэмт хэрэгтнүүдийн бослого санамсаргүй дэгдэж, уурхайг бараг л хяналтдаа авах шахсан байна. Уг үйл явдал өрнөхөөс 20 хоногийн өмнө ЗХУ-ын гүнээс шинээр ялтан тээж ирэхэд коммунист орны эрүүгийн хэрэгтнүүдийн адисласан (загалмайлсан) эцгүүдийн нэг гэгддэг Литва гаралтай рецедив гэмт хэрэгтэн 3агалмай хочит Мальдив хэмээх дархлагдсан хулгайч хүргэгдэн иржээ. Уурхайн гүнд барьсан бетонон шалтай төмөр шорон дотор үхэх уйл нь ирсэн 200 гэмт хэрэгтэн бүгдээрээ ажилд гараагүй үедээ 2 хөл, 2 гар нь төмөр гинжтэй хоригдож суудаг байж. Тэд хүнд, хортой ажил хийдэг учир уурхайн захиргаанаас хоол унд, тамхи тариагаар чинээнд нь тултал хангаж байсан гэдэг. “Загалмай хочит Мальдив ирсэн цагаасаа хойш зүгээр суулгүй эндээс оргож гарах бүхий л арга чаргыг зохиож эхэлсэн байна.Уг уурхайн хортой нөхцөлд хамгийн бие сайтай хоригдол ч 50-60 хоноод л цусаар бөөлжин үхдэгийг тэрбээр олж мэдсэн учраас үхэхээсээ өмнө шийдсэн мэхээ хийж, харуул хамгаалалтыг гэнэт довтлон буу зэвсгийг нь булааж тэмцэлдэхээр шийдсэн байв… Уг санааг нэгэнт үхэх хувь заяатай бусад цаазын ялтан ч санаа нэгтэй дэмжжээ. Мальдивын хамт битүүмжилсэн чингэлгээр Гаврил “нохой Сердюк хэмээх 2 ялтан ачигдан ирсэн бөгөөд тэд ямар ч гав цоожийг хэдхэн мөчийн дотор хэнд ч анзаарагдалгүй нээдэг,хосгүй авьяастай мэргэжилтнүүд байжээ. Орой ажил тарах үеэр хоригдлуудыг жижигхэн чиргүүл вагоноор төмөр шоронд нь хүргэн авчирч, автомат бууны аман доор тор луу нэг нэгээр нь оруулдаг байжээ. Мальдив энэ бүхнийг харгалзан үзээд юуны өмнө ажил тарах үеэр бус харин оройн тооллого хийж, ЗХУ-ын төрийн дууллыг дуулах үеэр бослогыг эхлүүлэхээр шийдсэн байна. Ажил тарах үеэр ялтнуудыг нийтдээ АКМС-ээр зэвсэглэсэн 50 харгалзагч тор луу оруулдаг бол харин оройн тооны үеэр харьцангуй цөөн ердөө 14 буутай харгалзагч л бүгдийг жагсаагаад буцааж оруулдаг байж. Хоригдлууд удахгүй болох гэж байгаа үйл ажиллагаанд бэлтгэн хоолны халбага, таваг зэргийг гялайтал ирлэж, зэвсэг болгон бэлтгэсэн байж. Ингээд 4-р сарын 12-ны оройн тооны үеэр төмөр заалын тогийг зориуд тасалж, нэг хэсэг цахилгаангүй болгохоор зэхсэн байв. Мөн тооны өмнөхөн Сердюк, Гаврил хоёрын хийсэн нууц түлхүүрээр 10 шийдмэг хоригдол гав гинжээ тайлсан ч харгалзагч нарын нүдэнд зүүж яваа мэтээр харагдуулахаар зэхсэн байлаа. Ингээд оройн too дуусч, ЗХУ-ын төрийн дуулал эхэлмэгц цахилгаан тасарна, яг тэр үеийг ашиглан харгалзагч нарын зүг асар хурдтай дайрахаар шийдсэн байжээ. 4-р сарын 12-ны хүсэн хүлээсэн мөч ч ирлээ. Гэхдээ тэр өдөр өмнө нь оройн тоон дээр огт авчирдаггүй байсан 6 овчарк нохойг хөтөлж ирсэн нь хоригдлуудын тооцоонд ороогүй үйл явдал болжээ. Гэвч төлөвлөгөөнөөсөө буцах арга байсангүй. Ингээд төрийн дуулал эхэлж, тог тасармагц сул чөлөөтэй хоригдлууд ишинд нь чулуу уяж хүндрүүлсэн хутга, хоёр талыг нь ирлэсэн төмөр тавгуудыг харгалзагч цэргүүдийн зүг сүнгэнүүлж эхэлсэн байна. Түүнтэй зэрэг гинжнээсээ мултарсан ялтнууд шууд цэргүүд рүү үсрэн дайрахад тусгай сургуулилттай овчаркууд өмнөөс нь угтан довтолжээ. Энэ үеэр нэг офицер урт ээлжээр гал нээж, бөөн үймээн шуугиан болоод явчихлаа. Тог тасарсан яг тэр үед автоматаар өөрөө асдаг шоронгийн нөөц гэрэл мэлсхийн ассан байна. Хоригдлуудын хутганд өртөж амжаагүй 2 овчарк энэ үеэр сүүлээ хавчин хонгилоор зугтааж амжжээ.Хоригдлууд агшин зуур 14 цэрэг, офицертой нь хамт дуу ч гаргалгүй нухаж амжсан байна. Гэвч уурхайн хамгаалалтынхан тэр даруй түгшүүр авав. Шоронгийн ойролцоо автоматын урт ээлжээр шүрших дуу гарсны дараа цус нөжиндөө хутгалдсан 2 овчарк дараагийн ээлжийн пост руу давхиж ирсэн учраас бүгд тэр даруй түгшүүр авчээ. Энэ үед уурхайн гол шоронд байсан 200 гаруй цаазын ялтнууд бүгд гав гинжнээсээ салж чадсан төдийгүй 14 автомат, 2 гар буугаар зэвсэглэсэн эхний хэсэг нь шоронд хамгийн ойрхон байсан 25 хүнтэй харуулын постыг сэхээ авч амжаагүй байхад нь гэнэт дайран орж, энд тэндгүй буудалцаан, гардан тулаан болсон байна. Үүний үр дүнд 2-р постын 19 цэрэг офицер алагдаж, 2 хүн олзлогдсон бөгөөд цаазын ялтнуудаас 18 нь амиа алджээ. Харин үүний дараа уурхайн хамгаалалтын бүх цэрэг байлдааны бэлэн байдалд орж чадсан учраас зэвсэглэсэн ялтнуудыг дараачийн пост руу халдах гэхэд нь 45 мм-ийн калибрын 2 хүнд пулемётоор онь холбон галлаж, бараг 30 хүнийг гавар дээр нь нам унагасан учраас хоригдлууд ухарсан байна. Төдөлгүй хоригдлуудыг удирдаж байсан Мальдив өрмийн цооногийн машинаар зэргэлдээх 2В гэдэг цооног руу нэвт цоолон орж ил ураны хэсэг дээр очиж чаджээ. “Хэрэв хоол хүнс, зэр зэвсэг өгөхгүй бол 20 минутын дараа ил ураныг дэлбэлж, Эрдэс хотхоныг агаарт нисгэнэ гэж тэрбээр сүрдүүлэв. Нэгэнт цаазын ялтай, үйлдсэн хэрэг нь буудуулахад хангалттайг сайн мэдэж буй хоригдлууд ил ураныг дэлбэлж чадах учраас оросууд эхлээд тэдний шаардсан хоол хүнсийг 150 ширхэг автомат буу, сум хэрэгслийн хамт дөхүүлж өгсөн байна. Ийнхүү ялтнуудыг саатуулж байх хооронд ЗХУ-аас хамгийн хүнд хэцүү даалгаварт бэлтгэгдсэн СМЕРШ-ийн тусгай дайчид хүрэлцэн ирсэн ажээ. Ялтнууд 2 хоногийн дараа уурхай руу 6 ширхэг хуягт танк оруулж өгөхийг шаарджээ. Гэмт хэрэгтнүүд хуягт танк ашиглан уурхайн хамгаалалтыг сэтлэн зугтаах гэж байгааг уг уурхайд хүрэлцэн ирсэн ЗХУ-ын Батлан хамгаалах яамны удирдлагууд гадарлаад “Эхний удаа 2 танк оруулж өгье. Хариуд нь олзонд байгаа 3 цэргийг авъя гэсэн болзол тавьжээ. Хоригдлууд нэлээд бодсоны эцэст 2 танк дээр ахиад 3 хоногийн хоол хүнс, 5 авдар спирт авах хүсэлт тавьсан нь сонирхолтой. Уг хүсэлтийг орос дарга нар туйлын дуртай хүлээж авсан төдийгүй 5 авдар спиртийг нь бүр 10 авдар болгон ахиулаад явуулсан байна. Ийнхүү цаг хугацаа хожиж байх хооронд СМЕРШ-ийн тусгай цэргүүд 2В цооногийн эсрэг талаас чимээгүй өрөмдөж, хоригдлуудыг унтаж байхад нь шууд дээрээс дайран орж устгахаар сэмхэн ажиллаж эхэлнэ. Энэ үед Мальдив өөр нэгэн төлөвлөгөө боловсруулсан нь танк ашиглан дайрч гарахаа болиод харин ч ахиад 4 танк хүлээж авсныхаа дараа уурхайн доторх бүх нүхэн гарцыг дайран эзэлж аваад,“Тэр аяар нь дэлбэлнэ гэж айлган сүрдүүлэхээр шийдсэн ба улмаар оросууд уранаа олборлоно гэвэл тэдэнд тодорхой болзол тавьж,дамлан зарах замаар уурхайн гүнд удтал амьдрах төлөвлөгөөтэй байв. Хэрвээ уурхайн бүх нүхийг мэдэлдээ авчихвал ингэж чадах боломж тэдэнд байжээ. Гэвч 7 хоногийн дараа буюу 4-р сарын 19-ний шөнийн 4 цагийн үед СМЕРШ-ийн хашир туршлагатай, алуурчин цэргүүд 2В цооногт дуг нойрондоо дугжирч байсан хоригдлуудын эгц дээрээс нүхлэн бууж 5 минутын дотор бүгдийг нь буун дуу гаргалгүй цааш харуулж, толгойлогч Мальдивыг өөр хоёр хүний хамт амьдаар нь барьснаар Мардайн уурхайн гүнд гарсан зэвсэгт бослого нуга дарагджээ. СМЕРШ-ийн дайчид нь тухайн үед Вьетнам, Ойрхи Дорнод, Афган зэрэг олон оронд үйл ажиллагаанд оролцож гаршсан өндөр чадвартай учир Мардайн шоронгийн хоригдлуудыг цааш харуулахдаа нэг их хүч гаргаагүй аж. Жилийн дараа Украины Чернобылийн атомын цахилгаан станц дэлбэрэх үеэр энэхүү чадварлаг бүлгийн бараг 100 шахам шалгарсан дайчин аюулын голомтод аврах ажиллагаанд оролцон амиа алдсанаар СМЕРШ цаашид оршин тогтнох чадваргүй болсон гэж зарим хүн үздэг. Мардайн ураны ордод 30 гаруй жилийн өмнө гарсан энэхүү үйл явдал нь Оросын цэрэг Монголд байрлаж байхад гарсан хамгийн том гэмт хэрэг яахын аргагүй мөн билээ
http://dorgio.mn/p/122678
URL: