Бурхан болоочийг доромжилж болохгүй ээ! Д.Пүрэвдаваа ба түүний нөхдөө

712-1601728860narantsatsraltНийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал /НИТХ/-ын 2020 оны сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлээд хэдхэн хоног өнгөрч байна. ХҮНам НИТХ-ын 2020 оны  сонгуульд оролцох боломжгүй болоод байгаа бол Ардчилсан нам энэ удаагийн аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд  МАХН-тай нэг тойрогт хоорондоо өрсөлдөхгүй, бие биенээ дэмжиж оролцохоор болсон. Тиймээс ч НИТХ-ын 45 мандатын 37-д нь Ардчилсан намаас нэр дэвшигч, найман мандатад МАХН-аас нэр дэвшигчид өрсөлдөх юм. Харин ШИНЭ намын зарим гишүүд намаасаа гарч, АН-аас нэр дэвшиж буй билээ.

Энэ нь зөв гэхээсээ илүү тун буруу шийдэл болсон байж мэдэхийг АН-ын зарим лидерүүдийн санал, сэтгэгдэл харуулж байна. Тухайлбал УИХ-ын гишүүн, Сангийн Сайд асан, нийтлэлч Баабар, АН-ын ЕНБДарга асан Ц.Оюундарь нар арай ч нэгэн цагт авилгалын загалмайлсан эцэг гэгдэж байсан Н.Энхбаярын намын төлөө саналаа өгөхдөө тулаагүй, АН-д саналаа өгөх нь Н.Энхбаярын намд саналаа өгсөнтэй адил хэрэг болно хэмээн үзэж буй аж.
Мөн өчигдөр цацагдсан АН-ын НИТХ-ын 2020 оны сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлэг улс төрийн, баримтын маш ноцтой алдаа гаргасан нь АН-ын олон мянган жирийн гишүүд, дэмжигчдийн жигшил, зэвүүцлийг төрүүлэхүйц үйл явдал боллоо.
Тодруулбал өчигдөр буюу 10-р сарын 2-нд Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизээр 18.10 цагт ”Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгууль 2020: “Ардчилсан нам” гэсэн гарчигтай гарсан нэвтрүүлгийн үеэр Жанлавын Наранцацралт агсныг МАН (МАХН)-ын гишүүн байсан мэтээр дурьдав.
Энэ нь Нийслэлийн АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Пүрэвдаваа болон сонгуулийн штабын удирдлагууд, сонгуулийн пиар, хэвлэл мэдээлэл хариуцсан нөхдүүд нь ямар хариуцлаггүй, Монголын төрийн бүү хэл намынхаа үүх түүхийн талаар ч анхан шатны ойлголтгүй, улс төрийн хувьд “цэл ногооноороо” хүмүүс болохоо харуулж буй хэрэг.
Эсвэл мэдсээр байж албаар ийн худал мэдээлэл бэлтгэсэн бол Д.Пүрэвдаваа болон түүний нөхөд Ардчилсан хөдөлгөөний лидерүүдийн нэг Жанлавын Наранцацралт агсныг тохуурхан доромжилж буй явдал болох билээ.
1957 онд төрсөн Жанлавын Наранцацралт нь Монгол Улсын 20 дахь Ерөнхий Сайд, Шинэ Дэвшилт хөдөлгөөн, Ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг, Ардчилсан Холбоо эвслээс төрсөн анхны Нийслэлийн Засаг дарга, 2000 онд АН-аас парламентын  суудал авсан цорын ганц УИХ-ын гишүүн байсан гэдгийг Нийслэлийн АН-ын удирдлагад түр зуур очсон Д.Пүрэвдаваа болон түүний нөхдөд сануулах нь зөв биз ээ.
Ард түмэн, сонгогч болон битгий хэл АН-ын гишүүдийг хүртэл хоёр алхахгүй баригдах хуурамч мэдээллээр аргалчихаж болох мэт аашилсан Д.Пүрэвдаваа болон түүний багийнхан ядаж бурхан болоочийг доромжилж болохгүй гэдэг Монголчуудын эрхэм ёсыг мэдэхгүй гэж үү?
Э.Бат

http://www.sonin.mn/news/easy-page/115052


URL: