Ким Жөн Ун үерт нэрвэгдсэн тосгонд дүүгийнхээ хамт очжээ
СӨҮЛ. /Yonhap/. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун үерт нэрвэгдсэн хилийн тосгоны сэргээн босгох ажлыг шалгахаар дүү Ким Ё Жоны хамт очлоо гэж Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ өнөөдөр мэдээлэв. Түүний дүү сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа олны өмнө гарч ирсэн нь энэ юм.
“Ким Жөн Ун хилийн Кимхва тойрог дахь бүтээн байгуулалтын ажлыг шалгаж, орон сууц, фермийн аж ахуй, зам тээвэр, цахилгаан хангамж, харилцаан холбоонд учирсан хохирлын талаарх дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаж, сэргээн босгох ажлын үйл явцын талаар сонслоо” гэж “KCNA” агентлаг мэдээлжээ.
Бүтээн байгуулалтын төслийн 88 орчим хувь нь дууссан гэдгийг сонссоны дараа Ким Жөн Ун, “Ардын арми манай намын эрч хүчтэй, нягт нямбай удирдлага дор дэлхийд гайхагдах амжилтыг бүтээж байгаад сэтгэл хангалуун байна” гэж хэлжээ. Мөн тэрбээр энэ он урьд өмнө нь тохиож байгаагүй хүнд жилүүдийн нэг болж байгаа боловч агуу ялалтын жил байх болно гэж нэмж хэлсэн байна.
БНАСАУ-ын удирдагч Кимхва тойрогт эмэгтэй дүү Ким Ё Жоны хамт очиж, ийнхүү нөхцөл байдалтай биечлэн танилцсан бөгөөд түүний дүүгийн хувьд энэ оны долоодугаар сарын сүүлээс хойш олны өмнө гарч ирээгүй байсан юм.
БНАСАУ-ын эрх баригч намын “Rodong Sinmun” сонинд нийтэлсэн гэрэл зурагнаас үзэхэд шаргал өнгийн цув өмссөн Ким Ё Жон БНАСАУ-ын удирдагчтай ойр зогсож байжээ. “KCNA” энэхүү үйл явдлыг хэзээ болсон талаар тодорхой мэдээлээгүй боловч удирдагчийнхаа талаарх ийм мэдээг ихэвчлэн нэг хоногийн дараа нийтэлдэг билээ.
URL: