Ч.Хүрэлбаатарыг “мурьсан” Ч.Хүрэлбаатар
Ч.Хүрэлбаатар Сангийн яамыг Санхүү, эдийн засгийн яам нэртэй байхад дөрвөн жил Төрийн нарийн бичгийг даргаар ажиллажээ. 2017 онд У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд болоход танхимынх нь Сангийн сайдаар томилогдсон. 2020 оны УИХ-ын сонгуулийн дараа Ерөнхий сайдаар улирахад нь дагаад Сангийн сайдаар улирч үлдсэн. Тэрээр 2016-2017 оныг хүртэл УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргаар ажилласан байдаг.
Энэ утгаараа 2016 оноос хойшхи Монгол Улсын санхүү, эдийн засгийн байдал Ч.Хүрэлбаатар гэдэг хүнтэй салшгүй холбоотой болж таарна.
Шударга хэлэхэд, Монголын эдийн засаг өсвөл гавьяа, унавал ял үүрэх хүн нь Ч.Хүрэлбаатар юм.
Ч.Хүрэлбаатар үүнийг мэддэг бололтой байдаг. Сайд болсноосоо хойш юмны эзэн сумны занги шиг Монголын эдийн засгийн асуудлыг толгой даах байдалтайгаар зоригтой шийддэг болсон.
Төсөв хөрөнгийн талаар хамаагүй ярьсан УИХ-ын гишүүн ч Ч.Хүрэлбаатарт амаа тас алгадуулна шүү дээ. Тиймээс Ч.Хүрэлбаатарын өөдөөс төсөв мөнгө ярьдаг гишүүд цөөрөөд л байна.
Ер нь бол Ч.Хүрэлбаатар Сангийн сайд болсноосоо хойш өр төлөх гэж мачийж яваа “амьтан” юм. Өөрөө тэгж их ярина.
Тэрээр 2018 оны тавдугаар сард АН-ынхан дараагийн Засгийн газартаа дотоодын болон гаднын 440 тооны дотоодын зургаан их наяд, гадаадад гаргасан арилжааны нөхцөлтэй үнэт цаасны өрийн бичиг найман их наяд төгрөгийн өрийн бичгийг үлдээсэн талаар мэдэгдэж байв. Эдгээрийг төлөх гэж Сангийн яам зарим өдөр 22 удаа гүйлгээ хийх тохиолдол ч гарч байгаа тухай ярьж байлаа. Өнөөдөр УИХ-ын чуулган дээр Н.Алтанхуяг гишүүн үг дуугарвал “…Та нарын тавьсан өрийг төлж байна” гээд загначихна. Ганц Н.Алтанхуяг гэлтгүй АН-ын гишүүдэд бүгдэд нь энэ үг хамаатай.
2018 онд Сангийн яаманд нэг том үйл явдал болж байлаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүртэл очиж, “Чингис” бондын хуваарьт төлбөр болох 500 сая ам.долларын гүйлгээг баяр ёслолын байдалтай хийж байв. Мэдээж хэрэг, араас нь “…Өр төлсөн сайн Засгийн газар, сайхан сайд нар” гэдэг PR нь залгаж байгаа юм.
Гэхдээ учир мэдэх зарим улстөрч тэр үед “…Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Өр дарлаа” гэж шоудахаа болих хэрэгтэй. Засгийн газар нэг ч төгрөгийн өр дараагүй. Монгол Улсын 27.5 тэрбум ам.долларын өр хэвээрээ л байгаа. Харин эсрэгээрээ энэ өр өдөр бүр нэмэгдэж байгаа шүү. Хэдэн арван тэрбумаар өр нь нэмэгдээд байхад “…Өр дарлаа” гэж ард түмний тархийг угаагаад байх юм. “Дим Сам”, “Чингис” бондуудын өрийг “Гэрэгэ” бонд гаргаж, түр хаасан. Хүү нь өмнөх бондуудаас эрс өндөр. Хүүгийн энэ өндөр зөрүү чинь төсөв дээр шууд дарамт үүсгэж байна. Шинэ бонд босгож, хуучин бондын төлөлт хийнэ гэдэг чинь өр дарж байгаа хэлбэр биш. Зүгээр л зээлийн төлөх хугацааг илүү өндөр зардалтайгаар түр хойшлуулж байгаа үйлдэл. Амиа аргацаасан л хэлбэрийн нэг. Евро бондын 500 сая ам.долларын зээлийг бас л өндөр хүүтэй “Хуралдай” бонд босгож түр хаасан. Бондын нэр нь өөрчлөгдөж, хугацаа сунасан үзэгдэл” гэж байв.
Хэнийх нь үнэн юм бүү мэд. Цаасан дээрх тоо нь буухгүй байхыг бодоход манай сайд нар ямартай ч гадаад өрөө дотор нь “гүйлгээд” аргалаад л өнгөрсөн шиг байгаа юм. Ерөнхийдөө Ч.Хүрэлбаатар өрөнд их дургүй, өр тавьсан гээд АН-ынхныг үзэж харж чаддаггүй хүн. Өрөнд дургүй хүн чинь өөрөө өр тавихгүй нь тодорхой. Үүнийгээ ч хэлдэг байв. 2019 оны дөрөвдүгээр сарын 23-ны Засгийн газрын хуралдааны дараа “..Засгийн газрын өрийн байдал, 2016 оны төгсгөлд, ДНБ-ий 78.8 хувийг эзэлж байсан бол, өнгөрсөн оны төгсгөлд 58.9 хувь болж буурсан. Төсөвт дарамт болдог барих, шилжүүлэх ажлыг энэ онд хийхгүй. Арилжааны хувьд, дотоод, гадаадын бонд авахгүй гэсэн бодлогыг баримталж байгаа. 2021 оноос томоохон бондуудын өр төлж эхэлнэ. Тухайлбал, “Мазаалай” бондын 600 сая ам.доллар, 2022 онд “Чингис” бондын нэг тэрбум ам.доллар, 2023 онд “Гэрэгэ” бондын 800 сая ам.доллар, 2024 онд “Хуралдай” бондын 600 сая ам.доллар зэрэг нийт 2.9 тэрбум ам.долларын өрийг төлөх учиртай. Энэ төлбөрийг эдийн засаг, төсөвт дарамт учруулахгүй төлөх стратегийг боловсруулж өгсөн” гэж байлаа.
Одоогоос жил жил хагасын өмнө гэсэн үг шүү дээ. УИХ-ын ээлжит сонгуулиас жил хоёр сарын өмнө гэсэн үг.
Тэгтэл ердөө гурав хоногийн өмнө Ч.Хүрэлбаатар гэнэт гарч ирээд хэвлэлийн бага хурал хийлээ. Нөгөөх маань Засгийн газраас олон улсын зах зээлд гаргасан шинэ бондын талаар мэдээлэл хийж байх нь тэр. Гайхлаа.
Ч.Хүрэлбаатар сүүлийн гурван долоо хоногийн турш Сангийн яам, Монголбанктай хамтран ажиллаж 600 сая ам.долларын “Номад” бондыг гаргасан. Энэ удаа бонд гаргахад JP Morgan, Morgan Stanley, Nomura, HSBC гэсэн компаниудтай хамтран ажилласан. Шинэ бондын хугацаа нь 5.5 жил, хүү нь 5.125 хувь, өгөөж нь 5.375 хувь байх тухай ярилаа.
Бас “…Бонд гаргаад мөнгө манайд орж ирэхгүй. Өндөр хүүтэй бондыг бага хүүтэй бондоор солих ажиллагааг амжилттай хийсэн” гэв.
Өөрөөр хэлбэл, 2021 онд төлөгдөх 10.875 хувийн хүүтэй 500 сая ам.долларын “Мазаалай” бондын төлбөр, 2022 онд төлөгдөх 5.125 хувийн хүүтэй, нэг тэрбум ам.долларын “Чингис” бондын өрийг төлөхөд зориулж, сольж арилжаалж байгаагаа хэлсэн юм. Уг нь хөөрхий минь, Ч.Хүрэлбаатар чинь 2019 онд дотоод гадаад бонд гаргахгүйгээр өмнөх бондын өрийг төлөх төсөвт дарамт учруулахгүй стратеги боловсруулчихаад гүйж явав. Гэтэл 2020 онд “бас нэг” Ч.Хүрэлбаатар хэдийдээ ч юм “Номад” гэдэг нэртэй бонд босгохоор ажиллаж, шийдвэрт хүрчээ. Тэрийгээ ийн олонд танилцуулав.
Ийм логикгүй бодлого улс орны хамгийн эмзэг, хамгийн чухал салбарт яваад байхаар бид ирээдүйгээ ямраа харах болж байна вэ. COVID-19 цар тахлаар хаацайлсан эдийн засгийн маш ноцтой хөдөлгөөнүүд нууц байдалтайгаар хийгддэг боллоо.
Түүнчлэн 2016 оноос хойш Монгол Улсын хэвлэсэн мөнгөний тоо өмнөх 26 жилийнхтэй яг дүйчихсэн. Тэрбумаас дээш хадгаламжтай нөхдүүд яг дээрх зарчмаар нэмэгдчихсэн. Ийм мэдээлэл гараад удаж байна. Эдгээрт хариу өгдөг сайд ч, яам ч алга.
Үүнийг хариуцдаг, өрийг, ялангуяа бондыг үзэн яддаг Ч.Хүрэлбаатар ингээд өөрийнхөө нэрэмжит өртэй боллоо. Нэг үгээр хэлэхэд, Ч.Хүрэлбаатарыг Ч.Хүрэлбаатар нь “мурьчихсан” байна.
Б.Гарьд
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: