Том хэргүүдийг өмгөөлж, түүндээ орооцолдчихоод байдаг Б.Батзаяа нарын өмгөөлөгч үү, бизнесмэн үү гэдгийг ялгах цаг болжээ

712-160150796810-1-5

Өмгөөлөгч уг нь их гоё, буянтай мэргэжил дээ. Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болж, аргаа барагсдад тусалдаг.  Хуулийн өмнө бөхийсөн хүмүүсийн ганц тулгуур нь болдог. Тэр утгаараа өмгөөлөгчийн ажил бизнес болох учиргүй.

Гэтэл сүүлийн үед ажил мэргэжлээрээ бизнес хийгээд байдаг өмгөөлөгч олширчээ. Олны танил хэд хэдэн өмгөөлөгчийн нэр дуулддаг юм.
Хуульчдын холбоо, Өмгөөлөгчдийн холбоогоороо, бас УИХ-аар жилийн өмнө баталсан Өмгөөллийн тухай хуулиар эрхээ хамгаалуулдаг өмгөөлөгч нар юуны учир үүргээ умартаж, бизнес болгож, улмаар үйлчлүүлэгч нар, олон нийтийн эргэлзээг төрүүлдэг болов оо.
Үүнийг бичигч би энд нэг их шинэ факт баримт дэлгэхгүй. Өмнө яригдсан, бичигдсэн, та бидний мэдсэн фактуудыг эргэн сануулна.
Хамгийн гол нь ийм ёс зүйн асуудалтай өмгөөлөгч нар өнөөдрийг хүртэл Хуульчдын холбоо, Өмгөөлөгчдийн холбооныхоо хараа хяналтын гадуур яваад байгааг ойлгоход бэрх байгаа юм.
Өмгөөллийн “Ананд адвокатс” ХХН-ийн үүсгэн байгуулагч, өмгөөлөгч Б.Батзаяа гэж нөхөр бий.
Өмгөөлөгч нараас хамгийн олон удаа цагдан хоригдсон нь биз ээ. Байсхийгээд л баригдчихдаг. Гэхдээ ял “уншуулж” байгаагүй. Гараад л ирдэг.
Ер нь бол Монголд гарсан ихэнх томоохон, дуулиант хэргүүдийн аль нэг талд ажилладаг. Тэгснээ нөгөөх хэргийнхээ оролцогч нь болох шахаад цагдаа, хууль хяналтынханд баривчлагддаг.
Нэг бус удаа ийм асуудалд холбогдож, баригдаж байсан учраас Б.Батзаяа “асуултын тэмдэгтэй” өмгөөлөгчийн нэгээр зүй ёсоор нэрлэгдэнэ.
Б.Батзаяа 2013 онд МИАТ-ийн хэргийн оролцогч ИНЕГ-ын дарга асан С.Батмөнхийг өмгөөлж байв. Тэгж явахдаа тус хэргийн сэжигтнээр тооцогдож шалгагдаж байлаа. Тухайн үед АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбат “…С.Батмөнх нарын 5-6 хүнийг шалгаж байх явцад Б.Батзаяаг сэжигтнээр тооцож зайлшгүй цагдан хорих шаардлага гарсан” гэж мэдэгдэж байв.  Тэр үед шүүх хурал дээр “…С.Батмөнх нар нь өмгөөлөгч Б.Батзаяагийн Виржинийн арлуудад /British Virgin Islands/ үүсгэн байгуулсан “Трэшур космо лимитед” /Treasure Cosmo limited/ компанийн БНХАУ-ын Засаг захиргааны тусгай бүс Хонконг дахь HSBС /Hongkong Shanghai Banking Corporation/ банкин дахь 848-272837-838 тоот харилцах дансанд 2012 оны гуравдугаар сарын 29-ний өдөр 155.000 ам.доллар шилжүүлж улмаар 2012 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр 153.993 ам.доллар, 2012 оны тавдугаар сарын 17-ны өдөр 39.968 ам.долларыг тус тус Ц.Батнасангийн Худалдаа хөгжлийн банкин дахь 453132599 тоот дансаар дамжуулан М.Батболдын Худалдаа хөгжлийн банкин дахь 451028258 тоот дансаар буцаан хүлээн авсан. “Трэшур космо лимитед” /Treasure Cosmo limited/ компанийн HSBС банкин дахь 848-272837-838 тоот харилцах дансанд 2012 оны аравдугаар сарын 9-ний өдөр 202.500 ам.доллар шилжүүлж, улмаар 2012 оны аравдугаар сарын 10-ны өдөр 199.993 ам.долларыг М.Батболдын Худалдаа хөгжлийн банкин дахь 451028258 тоот дансаар тус тус буцаан хүлээн авч мөнгө угаасан гэмт хэргүүдэд тус тус холбогджээ” гэж “яригдаж”  байлаа.
Ийм асуудалд холбогдсон өмгөөлөгч Б.Батзаяаг МАН-ынхан Бага хурлын гишүүн, НАМЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүнээс нь хасч байлаа.
Мөн өмгөөлөгч Б.Батзаяа нь МИАТ-ийн хэргийг оролцогч, энэ хэргийн улмаас шүүхээс ял авч байсан Ч.Хоролсүрэнгээс хоёр  сая ам.долларыг нь залилсан гэх асуудалд холбогдож байв. Тухайн үед эх сурвалжуудад энэ талаар хангалттай мэдээлж байсан. Гэхдээ залилсан гэх Б.Батзаяа буруутаж, шалгуулаагүй, залилуулсан гэх Ч.Хоролсүрэн гомдол болж яваагүй өнгөрсөн.
2013 оны арваннэгдүгээр сарын 14-нд Улсын Дээд шүүхээс ял авч байсан МИАТ-ийн хэргийн гол эзний нэг Ч.Хоролсүрэн улсад учруулсан зургаан тэрбум 300 гаруй сая төгрөгийн хохирлоо бүрэн төлж суллагдсан.
Б.Батзаяа бас 2015 оны сүүлчээр сайд асан А.Гансүх нарыг өмгөөлж яваад цагдан хоригдсон. Түүнийг эдийн засгийн гэмт хэрэгт холбогдуулж цагдаагийн байгууллагаас шалгасан бөгөөд татварын асуудал, залилан мэхэлсэн гэх хоёр ч зүйл ангиар буруутгаж буй талаар хэвлэлүүд мэдээлж байв.
Б.Батзаяа сүүлд, хоёр жилийн өмнө Салхитын мөнгөний ордтой холбоотой хэргийн араас гарч ирсэн. Гэхдээ шоронд хоригдоогүй. Салхитын мөнгөний ордыг булаалдсан хоёр хятад иргэний асуудлыг монголчууд нийтээрээ мэднэ. Тэр хоёрын нэгтэй нь найзалж ордыг нааш нь цааш нь болгож явсан Шаравын Мөнгөншагайн өмгөөлөгчөөр Б.Батзаяа ажиллаж байжээ. Энэ ордын хайгуулын компанитайгаа хамт зарсан Ш.Мөнгөншагай 2015 оны долдугаар сарын 2-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд  “Жи Пи Эф” ХХК-ийн хувьцааны шилжилт хийсэн бүртгэлийг хүчингүй болгуулахаар “…2015 оны тавдугаар сард Ш.Мөнгөншагай миний бие “Жи Пи Эф” ХХК-ийн эзэмшиж буй 60 хувийн хувьцааг 2012 оны долдугаар сард Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон Эрх шилжүүлэх гэрээ байгуулан “Си Си Эм Икс” ХХК-д шилжүүлсэн болохыг мэдлээ. “Си Си Эм Икс” ХХК нь БНХАУ-ын иргэдийн өмчилдөг компани юм байна. Дээрх зөрчлийг арилгах үүднээс УБЕГ-ын дарга Ц.Пүрэвдоржид “Жи Пи Эф” ХХК-ийн хувьцааны шилжилт хийсэн бүртгэлийг хүчингүй болгох тухай хүсэлт явуулсан. Үүний дараагаар УБЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Пүрэвжаргал нь 2015 оны зургадугаар сарын 22-ны 8/8456 дугаар Өргөдлийн хариугаар татгалзсан хариу ирүүлсэн. Улсын бүртгэгч Ч.Батцэцэг нь Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийг зөрчиж бүртгэл хийсэн байгаа нь харагдаж байна. Иймд “Жи Пи Эф” ХХК-ийн дээрх хууль зөрчиж хийсэн бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү” гэсэн өргөдөл бичсэн. Ингэхдээ өмгөөлөгч Б.Батзаяаг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр илгээсэн байдаг. Энэ хэргийн улмаас гавьяат хуульч Б цагдан хорих байранд амиа хорлож, хэд хэдэн шүүгч шүүхээс ял шийтгүүлсэн.
Нөгөөтэйгүүр өмгөөлөгч Б.Батзаяаг оролцсон хэргийнхээ хоёр талд ажиллаад байна уу гэсэн хардлагыг зарим хэвлэлд бичжээ. Энэ бүхнийг цуглуулан хүргэж байгаагийн учир нь дээр дурдсанаар Хуульчдын холбоо, Өмгөөлөгчийн холбоо ийм хүмүүсийн асуудлыг барьж авах цаг болсныг сануулж буй хэрэг юм.
Өөрөөр хэлбэл, иймэрхүү хүмүүсээ “..Өмгөөлөгч үү, аль эсвэл бизнесмэн үү” гэдгээр нь ялгаж, Өмгөөллийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан “…Үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар хориглоогүй арга, хэрэгсэл ашиглан шударгаар, тууштай хамгаалах; …Өмгөөллийн нууц, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх явцад олж мэдсэн төрийн болон албаны, байгууллагын, хувь хүний нууцыг задруулахгүй байх; …Хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо холбогдох хуульд заасан журмыг дагаж мөрдөх; …Үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, шийдвэрийг хүндэтгэх” зэрэг өмгөөлөгчийн үндсэн үүргийг сахиулан ажиллуулах цаг нэгэнт болжээ.
Б.Гарьд
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

URL: