АТҮТ-ийн алба хаагчид хагас жилд 3000 “азын” дугаар сольжээ
Автомашиндаа “азын” гэх ижил тоотой дугаар зүүснээрээ чамирхдаг. Зэрэг зиндаагаа илэрхийлж байна гэж эндүүрдэг сэтгэлгээ, мода дэлгэрсэн. Хууль журмаараа яваа жирийн иргэнд олддоггүй “азын” дугаарыг төрийн албаныхан төрөл садан болон эрх мэдэл, албан тушаалтай хүнд “арын хаалга”-аар олгодог гэх хардлага, шүүмжлэл байсхийгээд сөхөгддөг. Тэгвэл “азын” дугаар төрийн албанд авлига, хүнд суртлын үүр уурхай болсныг хууль хяналтын байгууллагууд ч тогтоож шалгаж эхэлсэн байна.
Авто тээврийн салбарт хос тоотой дугаарыг наймаалцдаг, худалдаалдаг бүхэл бүтэн авлигын сүлжээ бий болжээ. Тээврийн хэрэгслийн улсын дугаар, бүртгэлтэй холбоотой авлига, хээл хахуулийн асуудлаар цөөнгүй хүмүүсийг шалгаж байгаагийн дотор хамгийн сүүлд Авлигатай тэмцэх газраас АТҮТ-ийн хоёр алба хаагчийг хахууль авч байхад нь үйлдэл дээр нь баривчилсан байдаг.
АТҮТ-ИЙН ТАСГИЙН ДАРГА, ЗАРИМ АХЛАХ МЭРГЭЖИЛТНИЙГ ШАЛГАЖ БАЙНА
Хууль хяналтын байгууллагын шалгалтаар тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгох давхар журам хэрэгжиж, АТҮТ-ийн алба хаагчид хоёр журмын аль нэгийг өөрт ашигтайгаар хүссэн үедээ хэрэглэдэг байсан ноцтой зөрчил илэрсэн байна. Өөрөөр хэлбэл, АТҮТ-ийн албан хаагчид хоёр гартаа хоёр өөр журам барьчихаад дураараа аашилж байжээ. Улсын дугаар олголт, солилттой холбоотойгоор АТҮТ-ийн тасгийн дарга болон ахлах мэргэжилтнүүд авлига, хээл хахуулийн хэргээр шалгагдаж байгаа аж. Тээврийн хэрэгслийн улсын дугаар солихдоо журам зөрчиж нэг хүн хэдэн зуун удаа улсын дугаар шилжүүлсэн байх жишээтэй. Уг нь дугаар хооронд солих асуудлыг журмаар зохицуулсан байдаг. Улаанбаатар хот дотор улсын дугаар солилт хийх заалт байхгүй. Харин эзэмшигч шилжиж байгаа тохиолдолд улсын дугаарыг Улаанбаатараас орон нутаг руу шилжүүлж болдог. Гэтэл Автотээврийн төвийн албан хаагчид журмаа мөрдөхгүйгээр улсын дугаар хооронд солилт хийсэн байна. Ингэхдээ дандаа тансаг зэрэглэлийн автомашины дугаарыг хооронд нь сольсон байдаг. Тухайлбал, лексус, ланд маркын автомашины энгийн дугаарыг ижил тоотой, хос дугаараар сольжээ.
УРДАА ГУРВАН ТЭГТЭЙ БОЛ 5-ААС ДЭЭШ САЯ ТӨГРӨГӨӨР ҮНЭЛДЭГ
Шинээр задарч буй серийн “азын” гэгддэг дугаарыг өдөр өдрөөр нь тохиолдлын маягаар хүмүүст олгодог гэсэн тайлбарыг АТҮТ хэлдэг боловч энэ нь бодит байдал дээр эсрэгээрээ байгааг хууль хяналтын байгууллага тогтоосон. Улсын дугаарын нэг сери задрахад 10 мянган дугаар байгаагаас 299 нь хүмүүсийн анхаарал татдаг хос тоотой дугаар байдаг. Тэгвэл эдгээр 299 дугаарын ард багагүй ашиг сонирхол, мөнгөн дүн яригддаг аж. Улсын дугаарын нэг удаагийн үйлдэлд өндөр мөнгөн дүн гарахгүй. Гэхдээ хос тоотой дугаарууд 1-2 сая, урдаа гурван тэгтэй бол 5-аас дээш сая төгрөгөөр үнэлдэг нь хууль хяналтын байгууллагын шалгалтаар илэрчээ. Ихэвчлэн наймаалцаж байгаа хүмүүс хоорондоо ямар харилцаатайгаас хамаарч мөнгөн дүн хэд байх нь өөрчлөгддөг гэнэ.
Тухайлбал, 2020 оны гуравдугаар сарын 25-наас наймдугаар сарын 12 хүртэл АТҮТ-ийн албан хаагчид 3000 улсын дугаарт солилт хийсэн. Нэг дугаарыг солих хамгийн бага үнээр нь тооцож 500 мянган төгрөг гэж үзлээ гэхэд жилд хоёр тэрбум, гурван жилд 5-6 тэрбум төгрөг болно. Энэ нь хохирлоос илүүтэй нийгэмд үзүүлэх хор хөнөөл их гэдгийг хэлүүлэлтгүй мэдэх байх. Эндээс харвал зөвхөн тасгийн дарга мэргэжилтнийг шалгахаас илүү анхдагч эх үүсвэр буюу гол эзнийг олж тогтоох хэрэгтэй юм.
Гүйцэтгэгчдээс гадна зөвшөөрсөн, өөгшүүлсэн хүнд хариуцлага тооцож байж үндсээр нь таслан зогсоох ёстой. АТГ-аас улсын дугаар солилт, замын тендер, тусгай зөвшөөрөл, улс хоорондын ачаа тээвэрлэлтийн эрх, орон нутгийн ачаа тээвэр авлига үүсгэж байгааг өнгөрсөн хугацаанд удаа дараа хөндөж ирсэн. Тиймээс улсын дугаартай холбоотой асуудлаар АТГ-аас тодруулахад “2020 онд багтаж автомашины улсын дугаартай холбоотойгоор салбарын яамтай хамтарч ажиллахаар төлөвлөж байна” гэхээс өөр мэдээлэл өгсөнгүй.
Өнгөрсөн жил АТГ-аас Зам, тээврийн хөгжлийн яаманд хүргүүлсэн зөвлөмжөөс харвал дараалсан тоотой дугааруудыг нэг машинд нэг дугаар гэсэн зарчмаар дуудлага худалдаанд оруулж олсон орлогыг нь автозамын санд төвлөрүүлэх, орон нутаг, Улаанбаатарын тээврийн хэрэгсэл гэж ялгахыг болих зэргээр хэд хэдэн хувилбарыг танилцуулжээ. Мөн анх задарсан 299 хос тоотой дугаарыг түргэн тусламж, гал команд, нийтийн тээвэрт зүүх саналыг хүргүүлсэн байдаг. Тэгвэл Зам тээврийн хөгжлийн яам болон Автотээврийн үндэсний төвөөс тээврийн хэрэгслийн бүртгэлийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгож буйгаа саяхан мэдэгдсэн. Тодруулбал, “азын” гэх дугаарыг зөвхөн хүн, мал эмнэлгийн шуурхай албаны, техникийн түргэн тусламжийн, засвар, арчлалт, тохижилт үйлчилгээний тусгай зориулалтын тээврийн хэрэгслүүдэд олгоно гэдгээ мэдэгдсэн. Гэвч өнгөрсөн хугацаанд олгогдсон энэ төрлийн дугааруудыг солихгүй гэсэн юм.
С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: