Ахмад настны эмнэлгийн барилга 10 жил гацжээ

712-160150781210-1-4

Өнөөдөр олон улсын Ахмадын баярын өдөр. Дэлхийн олон орны ахмадууд улсдаа хийж бүтээсэн ажил үйлсээ дүгнүүлж, үр, ачийнхаа сайн сайхан явааг харан эрүүл энх, урт удаан явж буйгаа тэмдэглэн, энэ өдрийг өөрсдөөрөө бахархан өнгөрүүлж байгаа. Харин Монгол Улсад байдал эсрэгээрээ. Баярын энэ өдрөөр ахмадууд хаа нэгтээ хөдөө буйд газарт, эсвэл төв  газрын байшинд, хотын захад гэртээ ганцаар, харж хандах хүнгүй зарим нь бүүр хэвтэрт өвчиндөө шаналж суугаа. “Монгол эмээ тэтгэвэрт гараад юу хийдэг вэ”, “Ахмадуудын хөдөлмөр эрхлэлтэд зарцуулсан 1.5 тэрбум төгрөг хаачсан бэ” гэсэн хоёр нийтлэлийнхээ үргэлжлэл болгон Монголын төр ахмадуудаа хаясныг илтгэх бас нэгэн баталгаа болох Ахмад настны эмнэлгийн барилга сууриа тавьснаас хойш гацаад 10 дахь жилийнхээ нүүрийг үзэж байгаа асуудлыг энэ удаа хөндлөө.

Олон улсад ахмад настнуудаа өвдөхөөс нь урьдчилан сэргийлж, тэтгэвэртээ гарсан ч бие эрүүл, ухаан саруул, биеэ даан амьдрах нөхцлийг нь бүрдүүлэхэд онцгойлон анхаарч байна. Гэтэл манай улсад ахмад настныг эрүүлээр урт наслуулах чиглэлээр  зөвлөн туслах үйл ажиллагаа явуулах мэргэшсэн ганц эмнэлгийн барилга нь шаваа тавьснаас хойш гацаад тун удахгүй 10 дахь жилийнхээ нүүрийг үзэх гэж байна.
Геронтологи буюу ахмад настан судлалын энэ салбар манай улсад тэртээ 1977 онд үндэс сууриа тавьж, “мэндэлж” байсан ч өдгөө хүртэл “хөлд орж” чадсангүй  мөлхсөөр 43 дахь жилийнхээ нүүрийг үзлээ. Энэ салбарт зүрх сэтгэлээ зориулдаг цөөн хэдэн хүн хамаг чадлаараа хичээсэн ч  төр төмөр нүүрээ үзүүлсний уршгаар хамгийн чухал салбар дорвитой хөгжсөнгүй өнөөдөртэй золголоо. Геронтологийн үндэсний төв бол Монгол Улсын хэмжээнд ахмад настан судлалын үндэсний төвийн хэмжээний ЭМЯ-ны харьяа УНТЭ, ШКТЭ, ХӨСҮТ ийн эмнэлэг шиг настны эрүүл мэндийн чиглэлээр лавлагаа шатны тусламж үзүүлдэг эмнэлэг юм. Гэтэл өдгөө энэ эмнэлэг хувийн хэвшлийн байрны ганцхан давхарт хавчигдмал орчинд үйл ажиллагаа явуулаад 15 жил боллоо. Энэ асуудлаа шийдвэрлэж, үйл ажиллагаагаа өргөтгөж, олон ахмад настныг амьдралын чанартай, эрүүл, урт наслах боломжоор хангах зорилгоор насжилт өндөр хөгжсөн орнуудад нэвтэрсэн настны өдрийн асаргаа, сувилгааны төв, настны сургалт судалгааны төв, өдөр өнжүүлэх, сэргээн засах төв, настны эрүүл мэндийг дэмжих төв, хөнгөвчлөх өвчин намдаах клиник бүхий настны бүх тусламж үйлчилгээг цогцоор нь төлөвлөж ахмад настны шинэ эмнэлгийн зураг төслийг  боловсруулж, 2011 онд Хан-Уул дүүрэг Яармагийн дэнжид суурийг нь тавьсан ч өнөөдрийг хүртэл эмнэлэг ашиглалтад орж чадсангүй.
“2013-2019 ОН ХҮРТЭЛ ТУС БАРИЛГАД ЯМАР НЭГЭН САНХҮҮЖИЛТ ОЛГООГҮЙ”
Эмнэлгийн барилга ийн гацсан шалтгаан нь өнөөх төсөв хүрэлцээгүйтэй холбоотой. Тодруулбал, Эрүүл мэндийн салбарт 2011 оноос эхлэн царцаж, үйл явц нь удааширсан  долоон барилга байдаг. Үүний нэг нь Геронтологийн төвийн Ахмадын эмнэлгийн барилга юм. Анх Эрүүл мэндийн яам 2011 оны арваннэгдүгээр сарын 28-наас 2012 оны арванхоёрдугаар 25-ны өдөр хүртэлх хугацаанд барилгын ажлыг гүйцэтгэхээр “Арвис интернейшнл” компанитай 2.9 сая төгрөгийн гэрээ байгуулжээ.  Гэвч барилга угсралтын явцад зураг, төсөв алдаатай байсныг 2012 оны есдүгээр сард Эрүүл мэндийн яам ажлын хэсэг гарган, зураг төсвийг дахин шинэчлэн магадлал хийлгэн барилгыг үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн байдаг.  Ийн Барилгын хөгжлийн  төвийн мөн оны магадлалын нэгдсэн дүгнэлтээр барилгын төсөвт өртөг 7.3 сая төгрөгөөр баталгаажиж ЭМЯ Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр  2017 онд нэмэлт гэрээ байгуулсан. Гэвч улсын төсөвт хөрөнгө тусгагдаагүйгээс 2012-2017 онд барилга царцсан. Энэ хугацаанд 2008-2012 онд С.Ламбаа, 2012 онд Н.Хүрэлбаатар, 2012 оны наймдугаар сараас 2014 оны арваннэгдүгээр сар хүртэл Н.Удвал, 2014 оны арванхоёдугаар сараас Г.Шийлэгдамба, 2016 оны долдугаар сараас А.Цогцэцэг нар Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байв. Тэдний хэн ч ахмад настны цор ганц энэ эмнэлгийн барилгын үйл явцыг хурдасгах тал дээр ам нээгээгүй төдийгүй хуруугаа ч хөдөлгөсөнгүй. Түүнчлэн 2013-2019 он хүртэл тус барилгад ямар нэгэн санхүүжилт олгоогүй байна. Энэ үед одоогийн БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл ЭМЯ-ны сайдаар ажиллаж байлаа. Өнөөдрийн байдлаар  шинэ эмнэлгийн барилга ямар түвшинд явж буй талаар Геронтологийн үндэсний төвийн Стратеги төлөвлөлтийн албаны дарга М.Энхбаяр “60 ортой  эмнэлгийн тусламж үйлчилгээний цогцолбор 2011 онд шаваа тавьсан.
Анх барилгын зураг дутуу гарсан, санхүүжилт муутай эхэлсэн төдийгүй 2013-2019 он  хүртэл ямар нэгэн санхүүжилт орж ирээгүй. Харин 2019 оны Төсвийн тухай хуульд санхүүжилт 1.6 тэрбумаар батлагдаж, барилгын Б,Г блокын карказыг хийж, гадна ханын өрлөг 60 хувьтай байна. Мөн В блокын карказыг хоёр давхар хүртэл барьж, гадна дулаан, цэвэр бохир усны шугамын ажлыг хийсэн. Үлдсэн А блокын барилгыг барих боломжгүй болсон тул гадна шугам сүлжээ, тохижилт, лифттэй болгон  зураг төслийг өөрчилж, 2019 онд магадлалын нэгдсэн дүгнэлтээр 17.6 тэрбум төгрөгөөр баталгаажсан.
Иймээс 2021 оны төсвийн тухай хуульд төсөвт өртгийг 17.6 тэрбум төгрөг, санхүүжих дүнг 10.2 тэрбум төгрөгөөр батлуулах шаардлагатай байна. Засгийн газрын 2021-2024 оны мөрийн хөтөлбөрт манай  эмнэлгийг дөрвөн жилийн хугацаанд  ашиглалтад оруулахаар  тусгасан” гэж ярилаа. Гэвч 2011 онд эмнэлгийн барилгын суурийг цутгаж эхэлснээс хойш бүх Засгийн газар мөрийн хөтөлбөртөө эмнэлгийг ашиглалтад оруулна гэж тусгадаг боловч өнөөдрийг хүртэл амлалтааа ажил хэрэг болгосон  Засгийн газар нэг ч алга.
Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд Эрүүл мэндийн яам 204 төсөл, арга хэмжээний 352.8 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 223.6 тэрбум төгрөгийн санхүүжилт зайлшгүй шаардлагатай гэж үзсэн байна.  Шилжих 36 барилга байгууламжийн 174.6 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 61.2 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй байгаагаас долоон барилга байгууламж төсөвт өртөгийн нэмэгдэлтэй гэж үзжээ. Энэ долоон барилгын нэгт Ахмад настны эмнэлгийн барилга багтсан. Гэвч жил бүр төсөвт шинэ эмнэлгийн асуудал тусгагддаг боловч цаасан дээрээ үлддэг жамтай.  Тиймээс Монголын 307 мянган ахмад настны ганц итгэл найдвар нь өнгөрөгч долдугаар сард шинээр томилогдсон сайд Т.Мөнхсайхан л байна. Тэрээр “Сайдаар томилогдсоноор эрүүл мэндийн салбарт хийхийг хүссэн ажил, шаардлагатай өөрчлөлтүүдийг оруулах боломж гарч ирлээ.Сэтгэл зүрхээ зориулж, зөв чигээ бариад ажиллавал боломжгүй зүйл гэж байхгүй” гэж ярьжээ. Таны удирдаж буй салбарын хамгийн чухал ахмад настан судлалын салбараа хөгжүүлж, ахмадуудынхаа сайн сайхан, эрүүл энх амьдралын төлөө хийх ажил тань Ахмад настны эмнэлгийг хурдан хугацаанд ашиглалтад оруулах юм гэдгийг сануулъя. Энэ шинэ эмнэлэг ашиглалтад орсноор тус эмнэлгээр үйлчлүүлдэг ахмад настны тоо 50 хувиар, эрт илрүүлэг 2.4 дахин нэмэгдэх урьдчилсан тооцоо байгаа юм. Мөн олон улсын стандартын дагуу насны доройтол, хүндрэлээс сэргийлэх хам шинжүүдийг оношлох, хянах багаж төхөөрөмжүүд суурилуулах юм.
ХУВИЙН ЭМНЭЛГЭЭС ӨРӨӨ ТҮРЭЭСЛЭН ҮЗЛЭГ ХИЙЖ БАЙНА
Ахмадуудыг эрүүлээр урт наслуулах боломжоор хангах зорилготой Геронтологийн үндэсний төвийн асуудал шинэ эмнэлгийн барилга гацсан төдийгөөр хязгаарлагдахгүй ээ. Сүхбаатар дүүргийн XI хороо,  Цагдаагийн гудамжинд байрлах Геронтологийн үндэсний төвийн одоогийн байрны нөхцөл байдалтай бид газар дээр нь очиж танилцсан. Гаднаас нь  харахад зай талбай томтой, хоёр давхар энэ байрны нэг давхарын 512 метр квадрат талбайн ердөө 16 өрөөнд ахмад настнуудыг үзэж, эрүүл мэндийн зөвлөгөө  өгдөг. Учир нь энэ барилгын хоёр болон нэг давхар нь хувийн эмнэлгүүдэд хувьчлагдсан буюу  “Геронтологийн үндэсний төв” гэсэн хаягтай энэ барилгын талбайн тал илүү хувь нь тус төвд хуваарилагдаагүй буюу хувийн хэвшлийнхний мэдэлд байдаг юм. Мөн 1950-аад онд ашиглалтад орсон энэ барилгыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын  хоёр удаагийн шалгалтаар мөөгөнцөртэй, мэрэгч шавьжтай, үйл ажиллагаа эрхлэх боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан байдаг. Төв бие даасан статустай болсноос хойш дөрвөн захирал удирдахдаа байрыг өөрчлөх, шинэ байр бариулах, түрээсийн байранд шилжүүлэх гэсэн асуудлыг удаа дараа харъяа яаманд тавьсан ч дорвитой шийдэлд хүрээгүй юм. Гэвч үүнээс өөр үйл ажиллагаа явуулах байр байхгүй тул олон ахмадад эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэн настны эрүүл мэндийн хэрэгцээнд тулгуурлан үйл ажиллагаагаа өргөтгөхийн тулд хувийн шүдний эмнэлгийн кабинетыг тус төв өөрсдийн  нөөц бололцоогоор түрээслэн үйл ажиллагаа явуулж байна. Энэ талаар Геронтологийн үндэсний төвийн Эмнэлгийн тусламж үйлчилгээний албаны дарга Ч.Одгэрэл “Анх 1977 онд Нэгдсэн  гуравдугаар эмнэлэг дээр Өндөр насны кабинетыг нээсэн. Үүний дараа 1988 онд Поликлиникийн гериатрын кабинет, 1999 онд Геронтологи сэргээн засалтын төв болсон. Ийн 2005 онд Төрийн өмчийн хорооноос хувийн хэвшлийн эзэмшилд байдаг энэ барилгад 16 өрөө гаргаж өгсөн. Гэвч барилгын орчин нөхцөл чанарын шаардлага хангахгүй болсон төдийгүй ахмад настны эрүүл мэндийн хэрэгцээ шаардлагад бүрэн гүйцэд хүрсэн үйлчилгээг үзүүлж чадахгүй байна. Энэ барилгад үйл ажиллагаа явуулахгүй гэхээр ахмадууд үйлчлүүлэх газаргүй болно. Тиймээс үйл ажиллагаагаа өргөтгөхийн тулд хувийн эмнэлгээс өрөө түрээсэлж байна” гэж ярьсан юм.
Ахмадуудыг өвчнөөс сэргийлэх  тусламж, үйлчилгээ үзүүлэх ганц төвийнхөө үйл ажиллагааг дэмжээд, шинэ байрыг нь барьж өгч чадаагүйн сацуу одоогийн байрных нь хүртээмжийг сайжруулахад ч төр ганц ч оролдлого хийсэнгүй. Ийн Монголын төр ахмадуудаа хэн ч биш мэт үзэж байгаа юм.
Энэ талаар Геронтологийн үндэсний төвийн зүрх судасны тэргүүлэх зэргийн эмч, клиникийн профессор С.Баярсайхан “Ихэнх эмнэлэг ахмад настан үзүүлэхээр очихоор “Хөгшин хүний өвчин, настай чинь холбоотой гэртээ бай” гэсэн үгээр  тэднийг гомдоодог. Энэ нь тусгайлсан эмнэлэг байхгүй, мэргэшсэн боловсон хүчин бэлтгэгдээгүй, эрх мэдэлтнүүд энэ талын зөв ойлголтгүйтэй холбоотой. Ер нь 1990-ээд оноос хойш манай улс ахмадуудаа хаячихсан. Баянхошуу, Нарангийн булаг, Дамбадаржаа, Долоон буудалд юу ч байхгүй хоосон гэрт ганцаараа үгүй бол жоохон хүүхдүүдтэй хамт амьдардаг ахмад настан олон бий. Бид бэлэг тараахаар хэвтрийн ахмад настнуудын нэрийг хорооноос авсан чинь 10 хүний 2-3 нь нас барчихсан байсан. Төр ахмадаа хаясны илрэл нь энэ” гэж ярьсан юм. Энэ мэт тоочоод байвал Монголын төр ахмадуудаа хаясан жишээ, баримт тун олон бий.
Б.Должинжав
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

URL: