Хоёр толгойноосоо болж хоёр дахиа бүдэрсэн ХҮН
Хөдөлмөрийн үндэсний нам нийслэл, дүүргийн сонгуульд оролцох боломжгүй нөхцөл өнөөдрийн байдлаар үүсээд байна. Учир нь, Нийслэлийн ХҮН-ын хороо хоёр даргатай болсон. Нэг нь саяын УИХ-ын сонгуульд Баянзүрх дүүрэгт өрсөлдөөд өвдөг шороодсон Шинэ Монголын П.Наранбаяр. Хоёр дахь нь, ХҮН-ыг анх үүсгэн байгуулалцаж байсан Шатахуун хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах холбооны тэргүүн О.Бямбадэлгэр. Өөр өөр хурлаар өөрсдөө дарга болцгоосон П.Наранбаяр, О.Бямбадэлгэр нар өөр өөрийн албан бичгээр Нийслэлийн Сонгуулийн хороонд орон нутгийн сонгуульд өрсөлдөх хүсэлтээ өгчихсөн. Өөр өөрийн нэр дэвшигчдээ бүртгүүлэх хүсэлтээ гаргачихсан. Харин П.Наранбаярын хүсэлтийг Нийслэлийн сонгуулийн хороо бүртгэжээ.
Ингээд ХҮН-ын О.Бямбадэлгэр Нийслэлийн Сонгуулийн хороог захиргааны хэргийн шүүхэд өгч. Яахаараа “П.Наранбаярыг дарга гэж тооцож хүсэлтийг нь авдаг юм” гэж. Мөн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж. Дээрх асуудлаар маргаан үүсгэж байгаа юм. Харин захиргааны шүүх, “Иргэний шүүх дээр явж байгаа маргаан шийдэгдсэн хойно манайх шийднэ. Тэр хүртэл П.Наранбаярыг хүсэлтийг бүртгэсэн Нийслэлийн сонгуулийн хорооны тогтоолыг түдгэлзүүлнэ” гэжээ.
Ингээд дэлхийн шилдэг боловсролыг эзэмшсэн монгол залуучуудаас багаа бүрдүүлсэн гэгддэг ХҮН-ынхан бичиг баримт, өөрсдийн зохион байгуулалтын алдаанаасаа болоод 2020 оны орон нутгийн сонгуульд оролцох боломжоо алдаад байна.
Өмнө тэд 2016 оны сонгуулиар яг ийм шалтгаанаар өрсөлдөх эрхээ хасуулж байлаа. Нам нь С.Боргил, Т.Ганболд гэдэг хоёр даргатай болж, намын генсекүүд нь тамгаа авч зугтаж байлаа. Дараа нь С.Ганбаатар, Б.Найдалаа гэдэг дарга нартай болсон. Ингээд хоорондоо шүүхдэлцсээр сонгуульд оролцож чадаагүй. Одоо О.Бямбадэлгэр нь ХҮН-ын тамга, гэрчилгээний жинхэнэ хувь нь Алтандорнод Монголын Т.Ганболдод, хуурамч нь Б.Найдалаад бий гэж ярьж байна. Намын хурлаа нэгдэж хийгээд, нэгнээ хүлээн зөвшөөрнө гэсэн ойлголт ХҮН-д алга. Үүнээсээ болоод шүүх дээр эрхээ хасуулдаг, анхан шатны нэгжид ажиллаж байгаа намын гишүүд, дэмжигчдийнхээ итгэлийг алддаг байдал ийнхүү нялх намд хоёр дахь удаагаа тохиолоо.
Гэхдээ ХҮН-ын дарга Б.Найдалаа, генсек Д.Гантулга, Нийслэлийн ХҮН-ын хорооны дарга П.Наранбаяр нар энэ бүхнийг шууд л АН-тай нааж, Ерөнхийлөгч Х.Баттулгатай холбож тайлбарлалаа. АН, Х.Баттулга хоёрыг шүүхэд нөлөөлсөн, шүүхийг авлигажсан гэж хардав. Яагаад гэтэл, Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын бүх шүүгчийг томилдог. Шүүгч нарыг ҮАБЗ-ийн зөвлөмжөөр огцруулж, чөлөөлдөг болсон. Ийм учраас нөлөөлөгч нь Х.Баттулга байх үндэслэлтэй гэсэн логик гаргажээ.
Яагаад АН юм гэтэл, “АН-ынхан МАХН, ШИНЭН-тай хамтарч сонгуульд оролцож байгаа. Бидэнд санал тавихаар нь зөвшөөрөөгүй. Тийм учраас санал хувааж магадгүй гээд АН-аас сонгогдсон Ерөнхийлөгчөөр дамжуулж хорлож байна” гэдэг логик дүгнэлт хийж. Өөрсдөд нь буруу байхгүй гэнэ.
Нөгөө О.Бямбадэлгэрийг МАХН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшиж байсан С.Ганбаатартай ойрхон. Хуурамч шатахууны асуудлыг сөхөж Трафигура руу дайрч байснаараа Х.Баттулга Ерөнхийлөгчтэй ойрхон гэж хардаж байгаа юм байна. Ингээд нэгэнт АН, МАХН хамтарч орж байгаа сонгуульд ХҮН-ыг хорлож байгаа юм байна гэж хардаад байгаа ажээ.
Үүнийх нь хариуд олон хүн Хөдөлмөрийн үндэсний намынханыг МАН-ын захиалгаар АН-ыг хорлож байна гэж шүүмжилж эхлэв. Бас цөөнгүй нь АН-ыг буруутгаж үзэв. Харин өнөөдөр МАН-аас УИХ-д сонгогдсон Х.Булгантуяа, Х.Ганхуяг нар ХҮН-ын талд орж, шүүхийг буруутгаж мэдээлэл хийв. Сонгуулийн үеэр нэг намын гишүүн нөгөө намыг өмгөөлж мэдээлэл хийх нь улс төрийн хариуцлага хүлээх шалтгаан болдог. Тэгэхээр МАН бодлогоор тэднийг явуулсан байж болох талтай. Бас хардлага багатай. МАН-ын гишүүд ХҮН-ыг өмгөөлж АН-ын эсрэг хамтарч мэдээлэл хийнэ гэдэг МАН-даа л сайн. Бас МАН-д сайн байх боловч Х.Булгантуяа, Х.Ганхуяг нар Уухай хөдөлгөөнд ХҮН-ынхантай хамт байсан учраас нам биш нөхөрлөлөө урдаа тавьсан гэж залруулж ч болохоор.
Эх сурвалж: time.mn
URL: